
Угаас монголчууд ялагдаж, боорлогдож байгаа нэгнийг өмөөрөх талд зогсдог эерүү сэтгэлтэй хүмүүс. Бас унасан хүнийг бүү өшиглө ч гэдэг. Тийм болохоор МАН-ын бусад гишүүд шиг гөлөлзөөд байлгүй эрийн шийр заав гэж сайшаах хүмүүс олон байна. Хамгийн гол нь тэрбээр “УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын нэр төрийг гутаах зорилгоор бүхэл бүтэн аппарат ажиллах болсон. Энэ нь өөрөө шударга биш явдал. Яагаад хувь гишүүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ийнхүү хавчигдаж байх ёстой гэж…” гэж хэлсэн нь үнэхээр л хүний олноор тэрс үзэлтэн ганцыгаа авлаж эхэллээ гэсэн сэжиг таамгийг баталгаажуулж байна.
Уг нь өнгөтэй, мөнгөтэй, хэдэн зуун гишүүнтэйгээрээ гайхуулдаг МАН /МАХН/ ганц гишүүнээ цор цор гэсний төлөө ингэтэл их сандарч, бүхэл бүтэн аппарат ажиллуулна гэдэг заан хулганаас айж хөлөө өргөв гэгч болж байна. Гэвч нөгөөтэйгүүр угаас нэг гараар удирдуулж, нэг амаар дуугарч, нэг л ижил өнцгөөр сэтгэх уламжлалтай, өөр бодол санааг сонсохоос, ялангуяа хэн нэг нь түүнийгээ илэрхийлэхээс сүнсээ зайлтал айдаг МАХН-ын “удам”-ын зан харагдаж байх шив дээ…