Сонирхлын зөрчлийн хуулийг та дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулийг та дэмжих үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхлэх ёстой байсан ч хойшиллоо. Оны өмнө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн энэ хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхлэх бололтой. Төрийн албан хаагчид болоод албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос тусгаарлах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн цэвэр тунгалаг байдлыг бий болгох тухай хууль л даа. Бид үүний өмнө “Сонирхлын зөрчил Монголд байна уу?“ гэсэн асуултаар УИХ-ын гишүүд, улстөрчдөд хандаж, асуулга явуулахад бүгд нэгэн дуугаар “Ашиг сонирхлын зөрчил Монголд байна. Нэн ялангуяа төрийн албыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашигласаар байна. Тийм учраас сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулах хэрэгтэй” гэж хариулсан билээ. Тиймээс энэ удаа УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байгаа Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төслийг та дэмжиж байна уу? Дэмжиж байгаа бол, үгүй бол яагаад? гэдэг асуултад хариулт авч, гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

    Э.БАТ-ҮҮЛ: Нийтээрээ энэ хуульд анхаарал хандуулах ёстой

    -Дэмжихээр барах уу. Их чухал ач холбогдолтой хууль. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглах явдал хязгаарлагдана. Өнөөдөр манай нийгэмд ард түмний тусын тулд ажиллах үүрэг хүлээж төрийн эрх мэдэлд гарч ирсэн хүмүүс, хэсэг бүлэг энэ эрх мэдлийг өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглах, ажиллах явдал дэндүү газар авсан. Нийгмийн ашиг сонирхлын төлөө үйлчлэх ёстой хүмүүс маань хувийнхаа ашиг сонирхолд захирагдаад байна. Одоохондоо зарим нь энэ хуулийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байж магадгүй. Тиймээс нийтээрээ наад хуульд анхаарлаа хандулах ёстой. Наад зах нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцдог байдлыг зогсоох хэрэгтэй.

    Н.АЛТАНХУЯГ: Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна

    -Хуулийн төсөлтэй нарийвчлан танилцаж амжаагүй, сайн уншаагүй байна. Гэхдээ намын бүлэг дээр хуулийн төсөл дэмжигдээд, Ц.Сэдванчиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсэг хуулийн төслөөр санал дүгнэлтээ удахгүй гаргана.

    Ц.СЭДВААНЧИГ: Хуулийн үзэл баримтлалыг дэмжсэн

    -Хуулийн төслийг дэмжиж байгаа. Авлигын эсрэг, авлигыг багасгах, үүнд нөлөөлдөг сонирхлын зөрчлийг зохицуулах зорилготой хууль шүү дээ. Тиймээс хуулийн агуулга, үзэл баримтлалыг дэмжсэн. Гэхдээ уг хуулийн төсөлд УИХ-ын Байнгын хороодын эрхийг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн байгаа. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр хяналтын нэлээд эрх мэдлүүдийг нэмж өгсөн. Тиймээс Байнгын хороодын эрх мэдлийг нэмэгдүүлсэн зарим зүйл заалт нь УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуульд нийэж байна уу, үгүй юу. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилласан тохиолдолд УИХ дээр зөвхөн санал өгөх эрхтэй байхаар хязгаарласан байгаа. Энэ заалт мөн Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байна уу гэдгийг судлахаар ажлын хэсэг байгуулсан. Даваа гаригт намын бүлгээр хэлэлцээд. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад ирэх долоо хоногт УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлэцэнэ.

    Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Дэмжээд ажлын хэсэг гаргасан шүү дээ

    -Дэмжилгүй яах юм бэ. Дэмжээд ажлын хэсэг гаргасан шүү дээ. Су.Батболд гишүүнээр ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай намын бүлгээс гараад ажиллаж байгаа.  

    Д.ЗОРИГТ: Хуулийг хэрэгжүүлж чадвал нийгэмд цоо шинэ дэвшил болно

    -Дэмжиж байгаа. Бид “public” гэдэг үгийг төрийн алба гэдэг утгаар нь ярьж ойлгодог. Харин гадаадын улс орнуудад үүнийг нийтийн алба гэдэг утгаар нь хэрэглэдэг. Нийтийн албанд ажиллах хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос ялгах зохицуулалт энэ хуулийн төсөлд бий. Монголчуудын хувьд цаг үеээ олсон гэдэг утгаараа их чухал, хэрэгтэй хууль. Энэ хуулийн үзэл санаа авлигатай тэмцэх тэмцлийн үндэс суурь болно. Тиймээс хуулийг хэрэгжүүлж чадвал нийгэмд цоо шинэ дэвшил болно.

    Жишээлбэл, би хувийн секторт ажиллаж байгаад улс төрд орж ирсэн хүн. Хэд хэдэн компаний хувьцааг эзэмшдэг. УИХ-аас тухайн компаниудын эрх ашигтай холбоотой хууль хэлэлцэхээр болвол тухайн хэлэлцүүлэгт өөрийн ашиг сонирхлын зөрчилтэйгээ илэрхийлээд оролцохгүй байх үүрэгтэй болно гэсэн үг. Нийтийн албанд бүх төрлийн алба хашиж буй хүмүүс үүнд хамаарагдах болно. Барилгын компанитай хүн Барилга хот байгуулалтын яаманд байгаа тохиолдолд тендер шалгаруулалт, зөвшөөрөл олгох гээд сонирхлын зөрчил үүсэх зүйл олон гардэг. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг уг хуулиар зохицуулах гэж оролдсон. Дэлхийн олон оронд Сонирхлын зөрчлийн хууль бий. Энэ удаагийнх нь Монгол болж байна.

    Д.ДАМБА-ОЧИР Ийм хууль байх ёстой

    -Ашиг сонирхлын тухай хуулийг хэлэлцэхийг нь ч, тухайн хууль байх ёстой гэдгийг ч би дэмжиж байгаа. Гишүүд УИХ-д сонгогдохоосоо өмнө төрөл бүрийн салбарт ажиллаж байсан. Тэр чиглэлийнхээ хувийн компанитай холбоотой байдаг. Ийм туршлага олон бий. Өнөөдөр зөвхөн цалингаараа амьдардаг УИХ-ын гишүүд ховорхон л байх. Иймд хамгийн түрүүнд гишүүд нь ёс зүйтэй байхыг шаарддаг. Яг ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөлтэй болсон хуралдаанд тухайн гишүүн оролцдоггүй байх хэрэгтэй. Эсвэл шийдвэр гаргахад нөлөөлөх саналаа өгдөггүй байх нь чухал. Ямар нэгэн байдлаар лоббиг гаргахгүй байх хэрэгтэй. Улаан цайм ашиг сонирхлын зөрчилтэй атлаа тухайн чиглэлээр ажлын хэсэг ахлаад, хуулийн төсөл боловсруулж, УИХ дээр өөрийнхөө талд шийдвэрлүүлэхээр зүтгэх нь зохисгүй. Саяхан төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад тийнхүү зүтгэж байгаа нь их эвгүй харагдаж байсан. Шууд хэн нэгэнд төмөр замын компани байхгүй ч УИХ-ын гишүүд нь хоёр тал болчихсон хоорондоо талцаад хэн нэгнийх нь ашиг сонирхол нь хөндөгдчих гээд байгаа юм шиг байдал нь их л онцгүй нөхцөл байлыг үүсгэж байна лээ.

    КЁКШҮЗАН Д.БАТБАЯР: Төрийн албан тушаалтнуудад энэ хууль хамгаалалт болно

    -Дэмжиж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай уг хуулийн төслийн яг ажлын хэсэгт нь орж ажлаагүй ч зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль батлагдсанаар нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Мөн төрийн албаны ил тод байдлыг хангахад ихээхэн үүрэгтэй. Төрийн албан тушаалтныг хардах зүйл олон байдаг. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг шиг ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлдэг болсноор дээрх хардалтыг үгүй болгоход ч чухал нөлөөтэй. Үүгээрээ нэг талаар энэ хууль төрийн албан хаагч, албан тушаалтнуудад хамгаалалт болно.

    П.АЛТАНГЭРЭЛ: Хүн бүрт өөрийн ашиг сонирхол бий, үүнийгээ ил болгох ёстой

    -Ер нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтан ялгаагүй түүний хувийн ашиг сонирхол, төрийн ашиг сонирхлын алийг нь дээгүүр тавих талаар хуулийн зохицуулалт заавал байх шаардлагатай. Ийм шалтгаанаар Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг дэмжиж байгаа. Төрийн сайд, эсвэл УИХ-ын гишүүн хүн хувьдаа компанитай байна гэж бодьё. Бүх зүйлийг хуулийн дагуу хийж эхнэр, хүүхэддээ нэрийг нь шилжүүлдэг. Гэсэн хэдий ч компанийн үүсгэн байгуулагч нь байж, тэр компани уг хүний санхүүгийн эх үүсвэр болж байгаа тохиолдолд тухайн хүнд ашиг сонирхол байсаар байна. Тиймээс тухайн хүн барилгын салбарт нөлөөлөхүйц шийдвэр гаргахдаа өөрийн компанийн эрх ашгаа хамгаалсаар байна. Зөвхөн барилгын салбар ч гэлтгүй, төрийн албанд буй хүн бүр өөрийн өмнө нь эрхэлж байсан ажилтай холбоотой ашиг сонирхлоо ил тод илэрхийлж, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөхөөс татгалзах ёстой.

    Б.ЗАЯА, Б.МАНДАХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж