Үхэх төрөхийн завсарт…

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Үхэх төрөхийн завсарт…

Сэтгүүлч мэргэжлээ сольж эмч болж Нийслэлийн  III амаржих газрын нэг өдрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үр хөндөлт хийж байгааг хараад зүрх зогсохоо шахлаа. Энэ эмнэлэгт л гэхэд ганцхан цагийн дотор дөрвөн бүсгүй үр хөндөлт хийлгэж байна. Тэднээс  чухам яагаад үр хөндөлт хийлгэж байгаа талаар нь лавлахад “Өнөөдрийн Монголын амьдрал ямар байгаа билээ. Чи харж байгаа биз дээ” гэж хоолой нь зангиран хариулж байсан. Тэднийг хараад адлах хэрнээ бас өрөвдөх сэтгэл төрж байснаа нуух юун. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсын хувьд нэг цагийн дотор ганцхан эмнэлэг дээр 3-5 хүүхэд хүн болох эрхээ үүрд хасуулж буй нь даанч харамсалтай. Энэ цаг хоромд өөр бусад эмнэлэгт хэдэн бүсгүй үрээ хөндүүлж байгааг хэлэх арга алга. Үр хөндөлт дунджаар 3-5 минут л үргэлжилдэг аж. Жирэмсний сар гаруйхан хоногтой бүсгүй үр хөндөлт хийлгэхийг харж зогсохдоо сэтгэл зүрх минь гаслаж байлаа.  Нил хийтэл цус садрахад нь унахгүйг хичээн ширээ түшин авахдаа гартаа барьж байсан дэвтэр балаа алдаж орхисон юм.  Үр хөндөлт хийлгүүлж байгаа эмэгтэйчүүд хордлого ихтэй байгаагаа эмч нартаа дуулгасан. Үрэвсэл ихтэй эмэгтэй үр хөндөлт хийлгэхэд илүү өвддөг гэнэ. “Ер нь эмэгтэй хүн эмзэг эрхтэнээ л хайрлаж явах хэрэгтэй. Энэ чинь л ариун байх ёстой” гэж эмч нь учирлаж байна лээ. Хажуу орон дээр нь үрээ хөндүүлсэн эмэгтэй чичрэн хэвтэж байхад өөр нэгэн эмэгтэй араас үрийнхээ амийг хөнөөлгөхөөр үзлэгийн орон дээр гарч байх юм.  “Даанч дээ” гэхээс өөр юу хэлэх билээ.  Ингээд үр хөндөлт хийлгэх гэж буй 27 настай Г-гээс зарим асуултад хариулт авлаа.

-Та яагаад заавал үр хөндөлт хийлгэж байгаа юм бэ. Хүнд хүнээс илүү эрдэнэ байна гэж үү. Төрүүлж болоогүй юм уу?

-Эгч нь нэг хүүхэдтэй. Саяхан нөхрөөсөө салсан. Тийм байж эцэггүй хоёр хүүхдээр яахав дээ.

-Үр хөндөлт хожим нь таны эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулдаг гэдгийг мэднэ биз дээ?

-Мэдлээ гээд яахав дээ. Үүнээс өөр гарц алга.

-Хэдэн төгрөгөөр үр хөндөлт хийлгүүлж байгаа юм бэ?

-25 мянган төгрөгөөр

-Та ямар ажил хийдэг вэ?

-Хувиараа бизнес эрхэлдэг. Чамд илүү тайлбар өгмөөргүй байна.

Ингэж хэлээд тэр бүсгүй хэвлийд нь арвалзах үл таних үрээ хөндүүлэхээр орон дээрээ гарсан юм. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийг харж ийнхүү хэсэг балмагдаад тэндээс гартал шинэхэн мэндэлсэн үрээ тэвэрчихээд, гартаа барьсан баглаа цэцэг шигээ өнгө гэрэл нэмэн алхах эхчүүдтэй тааралдаж сая нэг уужуу амьсгаа авах шиг болж билээ. Харин энд үзэж харсан бүхнийхээ талаар илүү дэлгэрэнгүй тайлбар авахаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн  орлогч дарга С.Ганболдтой уулзсан юм.

-Дөнгөж сая амаржсан  26 настай  бүсгүйн төрөлтийн талаар яриагаа эхэлье. Шинэхэн ээж маань анхны  охиноо хараад “Баярлалаа эмч ээ” гэж хөлс нь асгаран хэлэх үед сэтгэл хөдлөж уйлах шахлаа шүү…

-Энэ эх маань өнөөдөр  02.30 цагийн үед өвдөлтгүйгээр ус нь гарч ирсэн. Төрөлтийг сэдээх эрчимжүүлэх эм тарианы  нөлөөгөөр 14 цагт 3,5 киллограмм охинтой боллоо. Яг одоогийн байлаар найман эх амаржаад байна. Үүний дөрөв нь хагалгаагаар  төрсөн. Хүндэрсэн төрөлт байгаагүй.

-Өдөрт ойролцоогоор хичнээн эх амарждаг вэ. Хүндрэл хэр байна?

-Дунджаар 15-25 эх өдөрт амарждаг. Таван хүний нэг нь ксераво хагалгаагаар төрдөг. Сүүлийн жилүүдэд үнэндээ жирэмсний хүндрэлүүд нэмэгдсэн шүү. Энэ нь эрүүл эхээс эрүүл нярайг төрөх процесс алдагдсан. Монголд охидын эмнэлэг гэж огт байхгүй. Охид эрүүл байж л ирээдүйн эх  эрүүл эх байна шүү дээ.  Баянзүрх дүүрэгт л гэхэд улсын эмэгтэйчүүдийн эмнэлэг байхгүй байна. Охид эмэгтэйчүүд эрүүлжээгүй тохиолдолд төрөхийн хүндрэл багасана гэж байхгүй л дээ.

-Төрсөн эх төрөх орон дээрээ хоёр цаг болдог гэж сонссон. Гэтэл  20 минут ч болоогүй орноос нь буулгаад өөр хүн төрүүлье гэж ярихыг нь сонслоо?

-Энэ нь орны ачаалалтай холбоотой. Хэвийн төрсөн ээж гурав, хагалгаагаар төрсөн нь долоо хоног эмчийн хяналтанд эмнэлэгт байх ёстой л доо уг нь. Гэтэл  хэвийн төрсөн ээжийг 12-24 цагийн дотор гаргаж байна. Хагалгаагаар орсон эхийг гурван хоногийн дотор гаргаж байна. Нөхцөл байдал ийм л байна.

-Нэг цагийн дотор 3-5 хүн үр хөндөлт хийлгэх юм. Үнэхээр өр өмрөх шиг боллоо?

-Үр хөндөлтийн стандарт 2005 онд гарсан. Эмэгтэй хүн болгон эх, эр хүн болгон эцэг болохыг хүсдэг. Энэ нь хүний амьдралын л жам. Манай улс 1989 оноос өмнө үр хөндөлтийг хориглодог байсан.  Гэвч энэ нь зах зээлийн үед хүний эрхийн асуудал нэрийн доор ил тод болж,  үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрсөн. Мэдээж үр хөндөлт бүхэн дандаа л сөрөг үр дагавартай. Тэгэхээр аюулгүй үр хөндөлтийг хийлгэх ёстой.  Гэвч сүүлийн үед зах дээрээс нэр нь тодорхойгүй эм авч ууж, амь насанд нь аюул учирсан тохиолдол цөөнгүй байна. Өчигдөр гэхэд л гурав, таван сартай жирэмсэн эмэгтэйчүүд  эм ууснаас болж цус алдаж ирсэн. 

-Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин эрс ихэссэн гэсэн судалгаа байдаг. Өнөөдөр үр хөндөлт хийлгэсэн хүмүүс дунд ч бэлгийн замын өвчтэй хүн байгаа харагдсан?

-Тийм ээ. Нийт төрөлтөд тэмбүү, трихоминиад, заг хүйтэн, мөөгөнцөр, хламид гэх мэтийн халдвар эрс нэмэгдсэн. Энэ нь оношлолт, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт  орхигдсонтой холбоотой юм.

-Нэг орон дээр хоёр хүн хүртэл хэвтэж байх юм.

-Тийм ээ. Манай орны ашиглалт нэгдүгээр улирлын байдлаар 176,8  хувьтай байгаа. Ийм байхаас өөр ямар ч аргагүй байна л даа. Өөрөөр хэлбэл 1238 хүн хэвтэх хүчин чадалтай байхад өнөөдрийн байдлаар 2189 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

-Умайн гадуур жирэмслэх тохиолдол бас нэлээд элбэг болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, үр хөндөлт ихэссэнтэй холбоотойгоор умайн гаднах жирэмслэлт ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд дээрх жирэмслэлт дөрөв тохиолдож байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 16 болж нэмэгдсэн.

-Нүдний хараа муутай эмэгтэйг вакум  таталтаар төрүүлнэ гэж эмч нар ярьж байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Уг эхийг нүдний торлог ховхрох, цус харвах зэрэг нүдний хүндрэлээс сэргийлж дүлэлтээс чөлөөлж нугасны мэдээ алдуулалттайгаар вакум таталтаар төрүүлэхээр төлөвлөөд байгаа юм л даа.

-Янз бүрийн зан ааштай эмэгтэйчүүд төрдөг байх. Тэр бүх хүндрэлийг хэрхэн зохицуулж байна?

-Янз бүрийн ааш араншинтай хүн байлгүй яахав. Тэр бүгдийг зохицуулах гэж чамгүй зүдэрнэ шүү. Зарим эх нь төрөх орон доогуур орох, зогсох, эх баригч эмч рүүгээ өшиглөх тохиолдол ч цөөнгүй бий. Арга ядахдаа аргадаж, заримдаа бүр алгадаж  хүртэл үзэх юм аа, үнэндээ.

Б.Анхаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж