
Тэгвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг ямар шалтгаанаар буцааж, дараа нь ямар үндэслэлээр баталсан талаарх мэдээллийг эргэн нэг сануулъя. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар тус ордын зэсийн нөөц 45 сая тонноор хэмжигдэж байв. Гэтэл Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагч тал нөөцөд бүртгэгдсэн зэсийн 25,6 сая орчим тонныг ашиглах боломжтой. Үлдэж буй 19 сая тонн зэсийг ашиглах бололцоогүй гэж байв. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хөрөнгө оруулагч талд хандан Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд заасан ашиглах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол, өөрөөр ярина шүү гэснээр ямар ч байсан 31.1 сая тонн зэсийг ашиглахаар болж, өөрчлөлт оруулж чаджээ. Үлдэж байгаа 14 сая орчим тонн зэсийг технологийн шинэчлэл, металлын зах зээлийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт тодотгол хийж, эдийн засгийн үр өгөөжийг тооцохоор тохиролцсон байна. Мөн таван жил тутамд Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийхээр тохиролцож чаджээ.
Гурав дахь өөрчлөлт нь одоогийн дуулиан тариад буй Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ мөн хөндөгдөөд амжиж. Учир нь Оуютолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх шатанд хөрөнгө оруулагч талаас төсөлд зарцуулсан зардлын хэмжээ Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан зардал хоёр өөр байв. Уг нь бол адил дүн танилцуулах ёстой. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулагч талтай энэ асуудлаар хэлэлцээр хийж, улмаар шалгалт хийсний дүнд төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг гарч, түүнээс хамааралгүй зардлууд болон Оюутолгой төслийн хайгуулын ажлын зардал 508,7 тэрбум төгрөгийг тооцон хасчээ. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу майнз монголиа инк компани хоорондын хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнг 1079.7 тэрбум төгрөгөөр тогтоосон байна.
Дөрөв дэх нааштай шийдэл нь Оюутолгойн төслийн бэлтгэл ажил болох бүтээн байгуулалт, барилгын ажлын хугацаанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бусаар нийт 10 мянган ажлын байр бий болгох, тэдгээрийн 90 хувь монгол ажилчид байх гэсэн тохиролцоог энэхүү Техник эдийн засгийн үндэслэлд мөн тусгуулжээ. Гэхдээ Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр ус хэр хүрэлцээтэй вэ гэдэг асуудал асуултын тэмдэгтэй хоцорчээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар уг ордыг 80 жил ашиглахаар тооцоолсон. Харин Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр өмнийн говь дахь усны нөөц хүрэлцэх үү гэдэгт холбогдох байгууллагууд тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Учир нь усны хайгуул одоо ч үргэлжлэн хийгдэж буй юм.
Түүнчлэн эх сурвалжуудын тодотгосноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээтэй зэрэгцүүлэн харвал асар их ялгаа харагдах гэнэ. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол Улсад өгөөж нь тусахааргүй, “но”-той заалтууд олноор туссан. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзэх шаардлагатай.
Харин шинэ он гарахын өмнө Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг авсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээгээ удахгүй эцэслэж, асуудлыг нэгмөр шийдвэрлэнэ гэж найдъя.