Нүүрсний үнийг өвлийн хүйтэнд нэмж болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнийг өвлийн хүйтэнд нэмж болохгүй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, 2011 онд хийх ажлаа төлөвлөлөө. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд чөлөөт бүс болон үйлдвэржүүлэлтийн бодлогууд ч мөн багтдаг байна.

    Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэлийг орон даяар зохион байгуулснаар одоо 70 мянга орчим иргэн үлджээ. Тэдгээр иргэдийг бүртгэлд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Тэргүүн шадар сайд үүрэг болголоо.  Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хувьд ганц гомдлын хойноос хөөцөлдөх биш, иргэн компанийн хоорондын ойлголцолд гүүр болж ажиллах.  Аль болох иргэдэд хүндрэл үүсгэхгүй талаас асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг үүрэг болголоо. Нүүрс олборлогч компаниудын хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар удаа дараа хүргүүлжээ.  Тэргүүн шадар сайд энэ асуудлыг одоохондоо зөвшөөрөхгүй гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь аль нэг компанийн мэдэгдэл,  тоотод баригдаж ажиллах бус, нийт иргэдийн эрх ашигт нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Үнэхээр алдагдалтай ажиллаж байсан бол урин дулаан, намар цагт асуудлаа тавихгүй, өвлийн ид хүйтэнд үнэ нэмж иргэдэд хүндрэл үүсгэх, хүйтнээр далимдуулан шантаажлах маягаар бичиг тоот явуулдаг байдал байж болохгүй. Нэмэх үндэслэл байгаа бол судалж үзээд,  шаардлагатай гэж үзвэл урин дулаан улиралд асуудлыг  шийдвэрлэж болох талаар чиглэл өглөө.

    Оюуны өмчийн газрын хувьд өнгөрсөн 2010 онд эхэлсэн Койка болон Оюуны өмчийн үндэсний стартегийг боловсруулах ажил энэ жил мөн үргэлжилнэ. Ингэхдээ Монгол гэсэн амбицийг тодруулж, уламжлалт мэдлэг генетикийн нөөцийг гаргахад илүү анхаарч ажиллах шаардлагатайг Тэргүүн шадар сайд зөвлөв. Чөлөөт бүсүүдийн хувьд хөрөнгө мөнгөө авсан ч ажил явдаггүй удаашралтай байгааг шүүмжлээд 2011 онд ямар ч байсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж үйл ажиллагаа түрүүчээсээ эхлэх хэрэгтэйг сануулж, төрийн албаны хүнд суртлыг багсгаж иргэддээ ойр, эрч хүчтэй ажиллахыг санууллаа.

    Г.Дарь   

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж