Засгийн газрыг хэн захирах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг хэн захирах вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын баталсан хууль тогтоомж, өгсөн даалгавраас нь нэг л өөрөөр ажиллаад байгаа өнөөгийн Засгийн газрыг төрийн эрх барих дээд байгууллага парламент нь удирдаж дөнгөхгүй байгаа юм бол өөр хэн чиглүүлж, ямар эрх ашиг хөтлөөд байгаа хэрэг вэ?

    Баримт сөхөхөд, “Оюутолгой” компанитай Зас­гийн газрын байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэ­рээнд л гэхэд УИХ дээр яригдсан ч зөвшөөрөгдөөгүй, түүнч­лэн огт яриагүй асуудлыг тусгасан байв. Үүнээс болоод уг гэрээнд одоо дахиад өөрчлөлт оруулахаар болоод байна. Мөн Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоолд огт тусгаагүй зүйлсийг Засгийн газар “зар­чим” болгоод хэрэгжүүлэх гэж байна.

    Засгийн газрын одоо хэрэгжүүлэх гээд байгаачлан Тавантолгойн ордыг Цанхийн баруун, зүүн хэсэг гэж хуваагаад нэг тал дээр нь гадаадын хөрөнгө оруулагч авчрах, нөгөө тал дээр нь олборлогч олох тухай УИХ-ын дээрх тогтоолд огт тусгаагүй байх аж. УИХ-аас гарч буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх эрх мэдэл, боломж нөхцөлийг гүйцэтгэх засаглалд өөрт нь өгсөн ч гэлээ Засгийн газрын баримтлах зарчим, асуудлын мөн чанар, цаад эрх ашиг нь парламентынхтай нэг байх ёстой.

    УИХ-аас Тавантолгойг ашиглахтай холбоотой тог­тоол гаргах болсон шалтгаан нөхцөл нь юу байлаа? Ордыг бүхэлд нь гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран эзэмших байдлаар хөрөнгө оруулагчийн болон олборлогчийн, түүнчлэн гүйцэтгэх захирлын тендерийг тус тус зарлаад явж байсныг нь болиулж, дээрх тогтоолыг гаргаж байсан. “Орд газрыг баруун, зүүн гэж хэсэгчлэн хуваагаад өм цөм зарж болохгүй, Монгол Улс дэлхийн хэмжээний том хувьцаат ком­па­нитай болох ёстой, монгол хүн, монгол ин­же­не­рүүдээ голоод гадныханд өгөх тухай ярих хэрэггүй” гэ­сэн зарчим, эрх ашгийг баримталсан учраас УИХ 39 дүгээр тогтоолыг батлан гаргасан шүү дээ. Гэтэл одоо Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой дээрх тогтоолд тусгаагүй зарчмаар уг ордыг эргэлтэд оруулах гээд байгаа Засгийн газар хэнд хөтлөгдөж байна вэ?

    Тавантолгойн ордыг баруун, зүүн хэсэгт хувааж, нэг хэсгийг нь хөрөнгө оруулагчаас урьдчилгаа авах нөхцөлөөр өгөх гэж байгаа Засгийн газрыг ойл­гож байна. Тэдэнд иргэдэд бэлнээр өгөхөөр амлаж, төсөвтөө суулгасан 805 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ олж, ирэх оны сонгуулиар оноо авах нь л чухал байгааг мэдэж байна. Энэ бол эрх барьж буй намын эрх ашиг. Гэхдээ үүнээс том эрх ашиг гэж бий санах л ёстой. Оюутолгой, Тавантолгой зэ­рэг стратегийн чухал ач холбогдолтой ордуудыг сон­гуу­лийн амлалт биелүүлэхийн тулд ашиглах ёсгүй. Тэдгээрийг ашиглах, эзэмших зарчим нь улс үндэстний ирээдүй, эдийн засгийн хөгжлийг хөт­лөх илүү том эрх ашигт суурилсан байх ёстой биш үү? Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэгчлэн нэг Засгийн газар, нэг хоёр намын эрх ашигт нийцсэн явуургүй дүрмээр ашиглаж болохгүй.

    Оюутолгойн орд дээр л гэхэд Хувь нийлүүлэгчийн гэрээ байгуулахдаа Монголын талын эзэмших 34 хувь багасах байдлаар тохиролцоо хийсэн байсан нь ил болоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хүсэл зорилгыг нэгдүгээрт тавьж гэрээг байгуулсан Засгийн газрыг бас л ойлгож байна. Учир нь Монголын Засгийн газар тэднээс мөн л урьдчилгаа авсан юм. Гэхдээ энэ бүхэн нь ойлгож болох ч Засгийн газрын хууль бус үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрөх, тэр тусмаа хүндэтгэж үзэх шалтгаан мөн гэж үү? 

    Ордоос бүтээгдэхүүн олборлоогүй, ашиг олоо­гүй хэрнээ “урьдчилгаа” өгөхийг зөвшөөрсөн хө­рөн­­гө оруулагчид нэг үгээр бол “авлига”-ыг хү­лээн зөвшөөрсөн хэрэг юм. Одоо ч гэсэн хууль тог­тоом­жийн нэг хэлбэр болох УИХ-ын тогтоолд тус­гаг­даагүй зарчмаар хөрөнгө оруулагч болж Таван­толгойн ордод орж ирэх гээд байгаа гадаадын том ком­пани, консорциумууд Монголын Засгийн газрын хууль бус үйлдлийг зөвшөөрч байгаа нь гайхалтай хэ­рэг биш гэж үү? Бохир газар л нян үрждэгтэй нэг адилаар бохир арга, хууль бус үйлдэл, авлига газар ав­сан газарт гадаадынхан тэр л дүрмээр нь тоглодог аж.

    Энд жишээлээд байгаа Засгийн газрын хууль бус, зөөлнөөр хэлбэл УИХ-ын баримтлалаас зөрүүтэй алхмуудыг хийсэн Д.Зоригт сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын гишүүд эрх мэдлийнхээ хүрээнд сөхөж тавиад байна. Гэвч эл асуудлыг хуулийн гортиг дотор биш Засгийн газрын тэргүүний явдал суудлыг аянд тааруулж шийдэхээр болоод байгаа нь, үүнийг нь дээр дооргүй зөвшөөрч байгаа нь өөрөө том асуудал юм. Хууль тогтоогчид, хууль хэрэгжүүлэгчид нь өөрсдөө ийнхүү хууль зөрчөөд эхэлбэл, энэ нь энгийн үзэгдэл болж хувирбал тухайн улс оронд аймшгийн том асуудал нүүрлэлээ гэсэн үг аж.

    Монголд төрийн эрх барих дээд байгууллагынхаа үзэл баримтлал, бодлогод захирагддаггүй Засгийн газар, хуулиа мөрддөггүй төр захиргаа хэдийнэ буй болжээ. Энэ нь юу гэсэн үг болохыг, ямар аюул дагуулахыг иргэн бид хэнээс асуух ёстой вэ?

    З.БОРГИЛМАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж