
-Өнөөдөр та УБЕГ-аас албан бичгийнхээ хариуг авлаа. Танд ямар хариу өгсөн бол. МАХН-ын нэрийг өмчилж авах боломж байна уу?
-МАХН-ын нэрийн лавлагааг авах тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газарт албан ёсоор бичгээр хандсан байсан. Тус газар нь зөвхөн нэрийн шүүлт хийх үүрэгтэй албан газар. Нэрийн шүүлт хийх ажил бол үндсэндээ удлаа гэхэд хоёр цагийн л ажил. Гэтэл УИХ-ын гишүүний албан бичгээр намын нэр шүүлгэх тухай хүсэлт 1 дүгээр сарын 4-ний өдөр ирүүлээд өчигдөр хариугаа авсан. Ийм нэр улс төрийн намын жагсаалтад байгаа эсэх тухай хариулт өгөх ёстой. Гэтэл энэ төрлийн лавлагаа авах боломжгүй гэсэн хууль бус хариулт өгсөн. Тэгэхээр нь МАХН гэсэн нэртэй ижил товчлол бүхий нэрийн шүүлт байгаа эсэх талаар манай түр штабаас дахин хандсан. Гэтэл хандсан нэр болгон эзэнтэй байна гэсэн хариу өгсөн.
Ингээд Монгол Улсын улс төрийн намуудын жагсаалтад хичнээн нэр байгаа талаар хандаж сая л албан ёсны хариулт авлаа. Хамгийн гол нь өнөөдөр Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа 13 нам байгаа. Гэтэл одоо байгаа байдлаар бол МАХН болон өөр энэ төрлийн төсөөтэй нэрийн товчлол бүхий нийт 90 улстөрийн нам улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Гэтэл МАХН-ын түр штабын зүгээс намынхаа нэрийг авч чадахгүй тохиолдолд хоёр дахь хувилбар юу байх вэ гэдэг асуудлаар ярьж байгаад найман янзын нэр сонгосон. Харин дахиад л авч болохгүй талаас нь арга хэмжээ авч зохион байгуулалттай ажил хийсэн байна. Жишээ нь, улс төрийн намын 77 нэрийг ойрын хугацаанд шинээр авсан байна. Үүнээс харахад МАН нь иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн төдийгүй ямар нэгэн байдлаар бидний авах гэж буй нэрийг олгуулахгүй байхаар төрийн байгууллагад үүрэг өгч тусгайлан хүн явуулж 77 нэрийг шинээр олгуулсан байна. Үнэхээр хачирхалтай байна. Ингээд бид ямар ч байсан өнөөдрийн байдлаар МАХН хэмээх нэрийг авах боломжгүй болж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг цаашид бид хэлэлцэх болно. Монгол Улсын бүхэл бүтэн хуулийн байгууллага нь нэг улс төрийн хүчний дор мэдэлд байна. Үүнээсээ болж дахин улс төрийн нам байгуулах гэж байгаа хүмүүсийг хавчин гадуурхаж нэрийг нь хүртэл олгуулахгүй байгаагаас харахад Монгол Улсад ардчилал байн уу гэх эргэлзээ төрүүлж байна. Нөгөө талаас харахад төрийн байгууллага бол ард иргэдэд чин шударгаар үйлчилхээ больсон нь харагдаж байна. Зөвхөн улс төрийн намууд бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг болчихсон юм байна.
-Дээрхи 77 нэрийг ойрын хугацаанд нэр авсан гэдгийг та ямар үндэслэлээр хэлж байна, Энэ талаар та тодруулж өгөөч?
-Түр штаб байгуулагдсаны дараагаар УБЕГ-т ирээд асууж байхад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн 13 нам байна. Түүнээс гадна цөөхөн нэр жагсаалтад байна гэж байсан юм. Гэтэл өнөөдөр 90 намын нэрийг хэн нэгэн эзэмшдэг болсон байна. Хамгийн гол нь улс төрийн 13 нам дээр нэмэгдэж байгаа 77 намын ихэнх нь МАХН гэсэн нэртэй ижил товчлолтой нэр авчихсан байна. Монгол хэл баялаг учраас бидэнд нэр олдоно л доо. Гэхдээ ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ.
-Шинээр намын нэр авсан гээд байгаа хүмүүс тухайн нэрээ хуулийн хугацаанд багтаж дээд шүүхэд хандан бүртгүүлэхгүй бол эргээд хүчингүй болгоно биз дээ?
-Хуулиараа бол тэгэх ёстой. Ямар нэгэн байдлаар бидний хувилбаруудыг бүгдийг нь үгүйсгэхээр ажил хийж байна. Ямар ч байсан 90 нэрийг харлаа. Энд нэг хүн нэг зэрэг олон нэр авсан байна. Энэ нь нэг хүн нэг л намын гишүүн байна гэж хуульд заасан байгааг зөрчиж байна.