
-Дэлхийн банкны төслүүдэд мэдээлэл технологийн зөвлөхөөр ажилладгийн тань хувьд хамгийн түрүүнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан “Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам”-ын талаар асуух гэсэн юм. Шинэ оны өмнөхөн тус газраас гаргасан түр журамд вэб сайтуудад иргэдийн бичсэн сэтгэгдэлд хатуу хяналт тавих, хяналт тавиагүй, хааж хориглоогүй тохиолдолд сайтуудад хариуцлага тооцохоор заажээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Минут секундээр хөгжин дээшилж буй интернэтийн мэдээлэл бол маш хүчтэй зэвсэг, нөлөөллийн хэрэгсэл гэдэг нь үнэн. Интернэтэд тавьсан мэдээ, мэдээлэл гэдэг ард олныг байлдуулж ч чадах, эвлэрүүлж ч чадах маш хүчтэй хэрэгсэл боловч үүнийг захиргаадалтын аргаар, хориглолт, хязгаарлалтаар шийдэхгүй. Өнөөдөр дэлхийн улс орнуудаас БНХАУ, Белорусс хоёрт л интернэтэд хатуу хяналт тогтоосон байдаг. Интернэтийн мэдээ мэдээлэл нь илт дайсагналцсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хүчирхийллийг сурталчилсан гэхчлэн Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол түүнийг хааж, хавчих нь утгагүй. Албадлагаар хязгаарлах боломж ч байхгүй гэж би хувьдаа боддог. Уг нь дээр нэрлэсэн түр журам чинь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан байх. Гэтэл үүнийг иргэдийн сэтгэгдэл хаах, вэб сайтуудад хариуцлага тооцох журам болгон хувиргаж буй нь харамсалтай.
-Өнөөдөр манай улсад интернэтээр мэдээлэл түгээж буй вэб сайтуудын тоо хэдэн мянгаар тоологдох болсон. Эдгээрийн мэдээ, мэдээлэлд хяналт тавина гэдэг үлгэр мэт санагддаг. Харин та ямар бодолтой байна вэ?
-Монголд маш олон вэб сайт бий. Миний мэдэхийн 30 мянга давсан. mn, оrg, net, com гэхчилэн янз бүрийн домэйн өргөтгөлтэй вэб сайтууд ажиллаж байна. Эдгээрийн mn домэйнтэй сайтыг “Дата ком” компаниар дамжуулан тоолж болно. Харин бусдыг тоолж тооцох ямар ч боломжгүй. Техникийн хувьд ч гэсэн гадаадын сервер дээр байршуулсан сайтуудыг хаах хязгаарлах боломж тун хомс, зөвхөн Монголын Интернет сегментээс хандах боломжийг нь хязгаарлаж болно.
-Гадаад сервер дээр байршуулсан сайт манайд олон бий юү?
-Тун олон байсан. Харин сүүлийн үеэс дотоодын серверүүдэд байршуулах болж байна. Гадаадын серверт байршуулсны улмаас сайтаа удирдах боломж хомсдож, ямарваа асуудал гарахад туслалцаа авах, засуулах, сэргээх боломж нь хомс болдог. Миний мэдэхийн Гоожуур, Заазуур гэхчлэн гадаад сервертэй сайтууд бий.
-Монголчуудын мэдээлэл, технологийн хэрэглээ ямар түвшинд байна гэж та дүгнэх вэ?
-Мэдээлэл технологи гэдэг маш өргөн хүрээтэй ойлголт шүү дээ. Гар утас л гэхэд нэг хэлбэр нь гэж тооцох юм бол монголчууд бараг бүгдээрээ гар утас хэрэглэдэг. Харин интернэтийг өргөн хүрээтэй хэрэглэж буй хүмүүс нийт хүн амын 20-25 хувийг л эзэлж байгаа. Насны хувьд бас ялгамжтай. 15-30 насныхны 60-70 хувь нь интернэтийн байнгын хэрэглэгч болсон байна. Ахимаг насныхны хувьд 5-10 хувь нь л интернэт ашигладаг байх жишээтэй.
-Та хуульч мэргэжилтэй гэсэн. Чухам яагаад мэдээлэл технологи руу “урвачихсан” хэрэг вэ?
-Миний үндсэн мэргэжил хуульч. Харин докторын диссертацаа “Компьютерийн гэмт хэргийг мөрдөх аргачлал” сэдвээр бичиж хамгаалсан. Дэлхий нийтийн хэмжээнд интернэтийг гэмт зорилгод ашиглах нь түгээмэл болсны дээр вэб сайтыг хакердах нь захын хэрэглээний нэгд тооцогдоод байна. Бүүр хакерын бэлэн хэрэгсэл -программыг зарж борлуулж байна. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл хакерийн аргуудыг бие даан сурчихаж байна. Өөр маш олон төрлийн гэмт хэрэг компьютерийн, интернетийн орчинд үйлдэх болсон. Интернэтээр дамжуулан кибер дайн хийх, тагнан турших, хорлон сүйтгэх, үйлдвэрлэл, бизнесийн тагнуул хийх болсон. Тиймээс докторын зэрэг хамгаалахдаа дээрх сэдвийг сонгосон хэрэг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтад хакерууд халдаж, нүүр нүдээ халхалсан хүмүүсийн зураг байрлуулаад орхичихсон байсан. Манай төр засгийн байгууллагын сайтууд халдлагаас хамгаалагдсан байдаг болов уу?
-Тэр бол ердөө нэг л жишээ. Төрийн байгууллагын болон бусад газруудын вэб сайтыг хакердах явдал өдөр тутам гарч байдаг гэвэл хилсдэхгүй. Сонгуулийн үеэр СЕХ-ны вэб сайт руу гадаад, дотоодын маш олон удаагийн халдлага илэрч байсан. Харин тус хороо өөрийн вэб сайтаа Дата төвд шилжүүлэн байрлуулж хамгаалсан учир халдлагад өртөлгүй үлдсэн. СЕХ-ны вэб сайт руу 5-6 мянган удаагийн халдлага үйлдсэнээс хоёр мянга орчим нь зөвхөн нэг цэгээс эх сурвалжтай байх жишээтэй. Түүнчлэн сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийн жагсаалтыг интернэтээр хулгайлан авсан тохиолдол ч бий. Тиймээс засаг төрийн байгууллагын вэб сайтуудыг Дата төвд байршуулж байгаа. Харамсалтай нь төрийн байгууллагын веб сайтуудыг хийхэд ашигласан платформ нь эмзэг, сул учир халдлагад өртөх магадлал өндөртэй байдаг.
-Аймшигтай юм. Бид чинь ямар ч хамгаалалтгүй интернэт орчинд ажиллаж байгаа юм байна шүү дээ?
-Тийм шүү. Өнөөдөр “yahoo”-гоор илгээсэн зүйлийг хэн ч хаана ч уншиж байж мэднэ. Тийм л орчинд ажиллаж байгаа. Мэдээлэл технологийн хөгжлийн хурд ч өдрөөр бус цагаар, минут секундээр хэмжигдэж байна.
-Баахан дуулиан шуугиан болж таслагдсан Ц.Жаргалсайханы хэрэг “yahoo”-гийн найдваргүй байдалтай холбоотой байсан юм биш биз дээ?
-Арай ч интернэтээр мэдээлэл хулгайлагдсан хэрэг биш байх л даа. Далдын санаа зорилгогүй мэдээлэл дамжуулсан болохоор ялын хэмжээг 17 жилээс тав болгон бууруулсан хэрэг биз. Санаатайгаар эх орноосоо урваж, ийм үйлдэл хийсэн бол 17 жилийн ял ч багадах биз.
-Интернэт орчны гэмт хэргийг илрүүлэхэд манай хууль хяналтынхны мэдлэг боловсрол үнэхээр ядмаг санагддаг. 80 гарсан эмгэн хүртэл чатаар захиалга өгч гэмт хэрэг үйлдэж байхад цагдаагийн ажилтнууд нь интернэтэд нэвтэрч ч чадахгүй байх нь бий?
-Тийм ээ. Энэ бол бодууштай зүйлийн нэг зайлшгүй мөн. Гэмт хэрэгтнүүд, цэрэг, цагдаагийнхан гэлтгүй жирийн иргэдийн хувьд ч интернэтийг ашиглах байдалд асар их ялгаа бий. Энэхүү ялгааг босоо болон хэвтээ ялгаа гэж ангилдаг. Босоо ялгаа гэдэг нь хэрэглэж буй техник, хэрэгслийн ялгаа гэж ойлгож болно. Нэг нь 3G,4G-тэй хамгийн орчин үеийн утас хэрэглэж байхад нөгөө нь хамгийн энгийн функцитэй хоцрогдсон гар утастай байх, нэг нь ноутбүүктэй, нөгөө нь компьютергүй байвал босоо ялгаа гарч ирнэ. Хэвтээ ялгаа гэдэгт компьютер, мэдээлэл боловсруулах хэрэгсэл, хэрэглээний програмуудыг ашиглах чадвар, интернэт ашиглах, мэдээ мэдээллийг хүртэх чадвар чадамжийн ялгааг ойлгодог. Зарим мөрдөн байцаагч, цагдаагийн ажилтан, хуулийн ажилтнуудын дунд босоо, хэвтээ бүх хэлбэрийн хоцрогдол байна гэж хэлж болно. Энэ талын ойлголт, хэрэглээний чадвар ч тааруу байна.
-Одоо хоёул улс орны эдийн засгийн байдлын талаар ярилцъя. Дэлхийн банкнаас сар тутам гаргадаг “Монголын эдийн засгийн тойм”-д манай улсын эдийн засгийн байдлыг үнэн бодитоор нь мэдээлдэг байсан. Харамсалтай нь эдийн засгийн тоймыг улирлаар гаргах болжээ. Энэ нь манай улс хямралаас ангижирч, эдийн засгийн байдал сайжирч байгаатай холбоотой юу?
-Эдийн засгийн тоймыг сараар бус улирлаар гаргах болсон нь ямар учиртай талаар би хариулж мэдэхгүй юм. Ер нь бол дэлхий нийтэд эдийн засгийн бус санхүүгийн хямрал болсон. Валютын нөөц нэг хэсэг газарт багасах, нөгөө хэсэгт хэт хуримтлагдах, төрийн мөнгөн нөөц багасах зэрэг үзэгдэл дэлхийн улс орнуудад гарч, санхүүгийн хямрал нүүрлэсэн. Харин манайд хямрал тийм ч хүчтэй тусаагүй. Хуучин цагт манай улсад ганцхан хөрвөх валют байсан нь шилжих рубль. Харин өдгөө ам.доллар, евро, юань, иен, вон, швейцарь франк гээд олон төрлийн валюттай харьцах болсон ч Монгол Улсын хэрэглээ тун бага. Хөгжингүй орны нэг хотын дайтай л гэж ойлгож болно. Тиймээс хямралын тусгал бага байсан. Манай улсын төсвийн алдагдал хэт их байсан, валютын нөөц хомсодсоны улмаас орлого буурсан. Жинхэнэ хямрал нүүрлэсэн бол үйлдвэрлэл, аж ахуйн байгууллагууд олноороо дампуурч, иргэдийн гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдэж, ханш нь эрс унаж, худалдан авах чадвар буурах байсан.
-Манай улсын уул уурхайн салбараа хөгжүүлж, эрдэс баялгаа эргэлтэд оруулж эхэллээ. Ингэснээр валютын урсгал дотоод руу чиглэж, эдийн засагт бодит өсөлт ажиглагдах болов уу?
-Эрдэс баялгаа ашиглалтад оруулснаар шууд эдийн засаг сэргэнэ гэж итгэх нь буруу. Өнөөгийнх шиг үндэсний нийт бүтээгдэхүүний 60-70 хувь нь далд байдаг, татвараас бултан нуугддаг, хоёр тайлан баланстай явж байгаа тохиолдолд уул уурхайгаас орж ирэх их мөнгө газрын гав руу орсон юм шиг л алга болно. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд илүүтэй анхаарах учиртай. Бүр улс орны тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах ёстой юм. Өнгөрсөн жилүүдийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил, бизнесийн орчныг сайжруулах жил болгон зарласан хэдий ч бодит үр дүн харагдахгүй байна. Үйлдвэрлэл хөгжсөнгүй. Зүй нь аймаг, сум бүрт үйлдвэрлэл хөгжүүлж байж үр дүн гарах байсан. Нутаг болгонд өөр өөрийн онцлог бий. Зарим сум үржил шим сайтай газар нутагтай, ногоо их тарьдаг, барилгын материалын түүхий эд ихтэй бол зарим нь сүү цагаан идээ сайтай. Түүнийгээ түшиглээд жижиг үйлдвэр байгуулах, аймаг орон нутаг, улмаар бүс нутгаа тухайн бүтээгдэхүүнээр хангаад байхад болохгүй зүйлгүй. Энгийн жишээ хэлэхэд, сумын иргэд тарьж ургуулснаа зарж борлуулах төдийгөөр хязгаарлалгүйгээр гадаадаас оруулж ирж буй, алс хол нийслэлээс ачин аваачиж буй дарсан өргөст хэмх, салатыг орлохуйц бүтээгдэхүүнийг сум орон нутагтаа үйлдвэрлэдэг болчихвол нэмүү өртөг нь ч эх орондоо үлдэнэ, ажлын байр ч нэмэгдэнэ.
-Үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн ихээр дутагддаг зүйл бол хөрөнгө мөнгөний эх үүсвэр байдаг. Өнөөдөр төр засаг, арилжааны банкаас олгож буй зээлийн хүү өндөр байдгаас үйлдвэрлэгчдэд хүндээр тусаад байх шиг?
-Тийм ээ. Жил бүр 30 тэрбум төгрөг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж байгаа ч тэр нь хаанаа ч хүрэхгүй, ихэвчлэн хөл дээрээ босчихсон компаниуд авчихаад байна. Хүүний хувьд ч өндөр байгаа нь үнэн. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулсан зээлийн хүүг багасгах, бүр хүүгүй зээл ч олгодог болох хэрэгтэй юм. Сум бүрт нэг тэрбум төгрөг хуваарилахад ч болохгүй гэх зүйлгүй. Сумын иргэдийн төслийг уралдуулаад шилж сонгоод, улмаар аж үйлдвэрийн инкубаторын зарчмаар аймаг бүрт нь бойжуулж хөл дээр нь босгох хувилбар байж болно.
ухамсарлуулан ойлгуулах учиртай
-Дэлхийн банкны төслүүдэд ажиллах болсон түүхээс тань сонсож болох уу. Хөгжиж буй орнуудад тусламжийн гараа сунгаж буй олон улсын байгууллагуудын хувьд цаанаа далд санааг агуулсан байдаг гэсэн хардлагыг зарим хүмүүс хэлдэг. Ялангуяа эрдэс баялагтаа түшиглэн хөгжиж буй орнуудад тусалж буй нэрээр ашиг хонжоо хайхын дээр улс орныг эдийн засгийн хувьд дарангуйлах бодлого хэрэгжүүлдэг гэх юм. Тусламжийн байгууллагуудын далд бодлого нь чухам юу байгаад байна вэ?
-Миний хувьд Дэлхийн банкны төсөлд ажиллах болсон түүх их энгийн. Дэлхийн банкны хэд хэдэн төсөл хуульзүйн чиглэлээр хэрэгждэг. Тиймээс хуульзүйн мэргэжилтэй, мэдээлэл технологийн мэдлэгтэй хүн Дэлхийн банкинд хэрэгтэй болсон тул ажлын зар түгээсэн байсан. Тэр дагуу нь анкет бөглөөд л ажилд орсон хүн шүү дээ, би. Харин тусламжийн байгууллагуудын хувьд ямар далд санаа агуулж байна вэ гэдгийг хардаж, сэрдээд байгаа хүмүүсээс асуух нь зөв байх. Нэгдүгээрт би энэ байгууллагын нэг эд эс, хоёрдугаарт тухайн улс орныг эдийн засгийн хувьд дарангуйлдаг гэвэл их л хатуу дүгнэлт байна. Ашгийн тухайд огт ашиггүй зүйлд хэн ч гар сунгахгүй шүү дээ.
-Дэлхийн банкнаас олон зуун мянган ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эдгээрийн үр өгөөж нь ямар байна вэ. Дэлхийн банкны зээл тусламж, төсөл хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжив гэдгийг эргэж тооцдог болов уу?
-Төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлд үнэлгээ өгвөл тун сулхан дүн авах нь мэдээж. Ямар ч төсөл, хөтөлбөрийн хувьд анх төлөвлөсөн зохиомж, хэрэгжсэн бодит байдалд нь дүн шинжилгээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө хэрэгжилт хоёрын зааг ялгааг шинжилж, буруу булхайг нь засч залруулж гэмээнэ дараа дараагийн төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлд эерэгээр нөлөөлөх юм. Харамсалтай нь манайд ийм туршлага алга. Дээр нь төсөл хэрэгжүүлэгчдэд уг төслөөс хүлээж буй үр дүнгээ ухамсарлуулан ойлгуулах учиртай. Тухайн төслийн үр шимийг хүртэх хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхгүйгээр үр дүн гарахгүй. Аливаа төсөл, хөтөлбөр, зээл тусламжийг үр дүнтэй хэрэгжүүлж чадсан тэр улс хөгжиж байна. Солонгос, Япон, АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Тайвань, Сингапур гэхчлэн хөгжиж буй орнуудын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг манайхтай харьцуулахад их ялгаа бий.
-Үр өгөөжийг нь урьдчилан хараагүйгээс хэрэгжээгүй төслийн жишээ олон байна биз?
-Дурдвал цөөнгүй бий. Ер нь шийдвэр гаргах төвшинд амь бөхтэй оршсоор байгаа ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж төсөл хөтөлбөрүүдийн хувь заяа буруу эргэх нь бий. Манайх шиг хүн ам цөөтэй, бүгд хамаатан садан шахуу улсад мэргэшсэн парламент үүсэхэд төвөгтэй л дээ. Одоогийн манай сонгуулийн тогтолцооноос ч шалтгаалж буй зүйл их. Мажоритар тогтолцоо бол сонгогчдыг худалдан авах хамгийн өндөр боломжит тогтолцоо байдаг. Эрхзүйн онолоор бол манай УИХ-ын гишүүд чинь ард түмний мандаттай хүмүүс шүү дээ. Гэтэл одоо бол тойргийн хэмжээнд ажиллаад байна. Сонгуулийн пропорциональ тогтолцоо жижиг улс оронд илүү тохиромжтой байдаг.
-Хамтарсан Засгийн газар байгуулан ажилласнаар ямар нэгэн үр дүн гарсан уу?
-Хамтарсан Засгийн газар гэдэг бол эвслийн Засгийн газрын нэг хэлбэр. Гэхдээ хамтарч байна гээд өвөр түрийдээ орохын нэр биш. Манай Засгийн газарт УИХ-ын гишүүд орсон байдаг. Энэ бол манай улсад тийм ч тохиромжтой шийдэл биш. УИХ-ын гишүүд нь Засгийн газартаа сонгогддог хэдхэн улс орон байдаг юм. Тэдгээр улс орны хувьд парламентат ёс, сонгогчдын ухамсар, улс төрчдийнх нь ухамсар төлөвшсөн төдийгүй Парламентийн Дээд танхимтай байдаг. Гэтэл ганцхан танхимтай парламент бүхий манай улсад УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр ажилласнаар засаглалын тэнцвэрийг алдагдуулж, нэг нь нөгөөгөө тогтоон барих механизм байхгүй болсон.