Хуулиар дархлагдсан лицензийн наймаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Хуулиар дархлагдсан лицензийн наймаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Лицензийн наймаа. Хүн болгон хийгээд байдаг “эд” энэ биш юм, уг нь. Ганзага үүрч, гахай чирэн төмөр замынханд адлуулах “Нарантуул”-ынхнаас бүр тэс өмнөө асуудал. Импортоор машин тэрэг, гутал хувцас, архи ундаа, чихэр жимс оруулж ирэхээс  ч харь зүйл. Танилтай болоод мөнгөтэй нь энэхүү наймааг эрхэлдэг гэсэн яриа бий. Аймаг сумын Засаг дарга, эрхтэн тушаалтнууд лицензээр баяжиж, мөнгөөр гараа “угаадаг” болоод удсан.

    Монгол Улсын газрын доор баялгийг баталгаажуулсан төрийн тамгатай албан бичгийг ил далдаар  хэн нэгэндээ зарах, худалдахыг лицензний наймаа гэж бид ярьдаг. Одоогоос арваад жилийн өмнө лицензний наймаагаар гаршсан этгээдүүд үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ эрхлэхийн зовлонгүйгээр амархан баяждаг байлаа. Гүрэн дамжсан энэхүү наймаа сүүлдээ хэт хавтгайрч, албан тушаалтнууд ч үүнд гар бие оролцдог гэх хардлага олон нийтэд төрөх болсон юм.  Ашигт малтмалын эрэл хайгуул хийнэ, ашиглана олборлоно хэмээн авсан тусгай зөвшөөрлөө подхийсэн үнээр цааш нааш нь борлуулахын эсрэг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан бий.  Улсын тэргүүний зүгээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд  нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэж үзэн үүнийг цэгцлэх, зөрчил дутагдлыг нь арилгахаар дээрх хуулийг санаачилсан ч үр дүнгээ өгсөн гэхэд хэцүүхэн байна.
    Монгол улс 6000 гаруй орд газар илрүүлээд байгаагаас хоёр тэрбум тонн зэс, 3100 тонн алт, 7.55 орчим сая цайр, 150 тэрбум тонн нүүрс, таван тэрбум барелл газрын тосны нөөцтэй.  Үүнээс гадна кобальт,вольфрам, молибден, магни, хром, уран, флюорит гэх ховор элемэнт бүхий орд газрууд бас бий. “Монголын ашигт малтмалын үнэ цэнэ нь газрын тос, нүүрс, өнгөт метал энэ гуравт л оршдог” гэж гадаадынхан ярилцдаг. Тиймдээ ч тэд Монголын баялгийг баталгаажуулсан алга дарамхан цаасанд багагүй мөнгө хаядаг нь нууц биш. Тэрхүү алга дарамхан цааснаас чамгүй их мөнгө үнэртэж байгаа болохоор л гадныхан лиценз худалдаж авахаар дурладаг. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу Ашигт малтмалын газраас  шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ч лицензны наймааг устгаж чадахгүй байна. Учир нь Ашигт малтмалын хуулийн 49.1, 49.2 заалтад  тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно хэмээн цагаан цаасан дээр хараар дурайтал бичээстэй байх.

    Нэгэнтээ л тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хуульчилаад өгсөн болохоор цагдаагийнхан ч , Ашигт малтмалын газар ч лицензний наймааг хорьж, цагдах эрхгүй. Иргэн Дорж хайгуулын гэх нэрээр авсан лицензээ Ивандаа ч юм уу, эсвэл ноён Лид хэчнээн “янчаанаар” зарах нь түүний хэрэг. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулаагүй цагт тусгай зөвшөөрлийг найцаалцах асуудлыг цэгцэлнэ хэмээн саналтгүй нь. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастарын хэлтэсээс гаргасан мэдээгээр бол  4100 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа ажээ. Тэдгээр лицензүүдийг наймаалах асуудал хуулийн дор цэвэрхэн аргаар өрнөж байна, өнөөдөр.

    Ж.ЭРХЭС
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж