Монгол Улсын Засгийн газар эрдэмтдийн цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Засгийн газар эрдэмтдийн цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой

364x500ОХУ-ын ШУА-ийн 20 гаруй эрдэмтэн манай улсад айлчилж, Сибирийн шинжлэх ухааны өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ асуудлаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраатай ярилцлаа.

 -ОХУ-аас 10 гаруй академич ирнэ гэж дууллаа. Үнэхээр тийм олон академич ирэх юм уу?

-Тийм ээ, удахгүй ирэх 25 эрдэмтний 10 гаруй нь академич цолтой, Уралаас авахуулаад Дорнод Сибирь хүртэлх бүх шинжлэх ухааны төвийн дарга нар манайд айлчлах юм. Нэгэн зэрэг ийм олноор академичид ирж байсан удаагүй юм шүү.

-Гол зорилго нь юу билээ?

-Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ОХУ-д айлчлах үеэр тус улсын ШУА-ийн эрдэмтэд 300 гаруй судалгааны бүтээлийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж байгааг дуулгасан юм. Тэр дундаа Монгол Улс эрдэс баялгаа ашиглах тухай их ярих болов. Гэвч энэ бүгдийг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгүйгээр ашиглавал хожим ямар ч үр дагавар дагуулж мэдэх тухай ч анхааруулсан. Энэ тухай зөвлөмжийг Оросын эрдэмтэд одоо өгөх юм л даа. Манайхан сүүлийн үед усан цахилгаан станцын тухай их ярих болсон. Гэтэл Оросын эрдэмтэд цөлжиж буй Монголд усан цахилгаан станц сөрөг үр дагавар үзүүлнэ гэж анхааруулаад байгаа л даа. Эдгээрийг тэд судалгаа хийсний үндсэн дээр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Оросын эрдэмтэд Монголын ирээдүйн хувь тавилан ямар байх нь вэ гэдгийг урьдчилан хэлэх гэж байна.

-Мундаг юм аа, гэхдээ л хийсвэр сонстоод байна?

-Эрдэмтний үг хэзээ ч хуучирдаггүй юм. Яагаад гэвэл тэд үргэлж үнэнийг хэлдэг.

Дэлхий нийтийн чиг хандлага ч эрдэмтэд рүү төвлөрч эхэллээ. Яагаад гэвэл улс бүр мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд суурилсан нийгмийг байгуулах зорилт тавиад байна.

-Манай улс ямар зорилт тавьсан юм бол?

-Шинжлэх ухааны технологи бол Монгол Улсын хөгжлийн хурдасгуур гэж үзэж байгаа. Мастер төлөвлөгөө ч боловсруулсан. Ер нь энэ салбар руу анхаарлаа хандуулж эхэлсэн шүү, нэг үеэ бодвол. Энэ жил гэхэд л эрдэм шинжилгээний бүтээл хийхэд зориулж хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ирэх жил шинжлэх ухаанд зарцуулах төсвийг 20 тэрбумд хүргэх төслийг УИХ-д өргөн барина. Бүтэх болов уу гэж бодож байна.

-Төслийг УИХ-аар батлахгүй бол яана аа?

-Төслийг батлахгүй бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт хөгжил ирэхгүй. Туршилтыг эрдэмтэд зөвхөн танхимын хэмжээнд хиймээргүй байна л даа.

-Саяхан эрдэм шинжилгээний ажилтнууд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдэнд жагссан. Цалин, тэтгэмж бага байна гэсэн үндэслэлээр. Та үүнийг хувьдаа юу гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн зургадугаар сараас эхэлж их, дээд сургуулийн харъяа эрдэмтэд цалин нэм гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьсан. Харамсалтай нь, их хожуу цалин нэмлээ л дээ. Засгийн газрын өнгөрсөн гурав дахь өдрийн хуралдаанаар эрдэм шинжилгээний ажилтны цалинг 70-80 хувь нэмэх шийдвэр гарсан. Хуучин эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 145 мянган төгрөг байсан. Аравдугаар сарын 1-нээс эхэлж дундаж цалин 250 мянган төгрөг болж байгаа. Яахав, энэ хэмжээнд нэмсэнд баярлаж л сууна. Гэхдээ Засгийн газар цаашид ч эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай. Улс бүр өнөөдөр ирээдүй рүүгээ чиглэх бодлогыг барих болсон. Энэ утгаар хөөж үзвэл манай эрдэм шинжилгээний ажилтны цалин бага. Хойд, урд хөршийн эрдэмтдийн цалинтай харьцуулбал бүр ч гол гороймоор. ОХУ-ын эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 500-700 ам.доллар. 2008 онд 1000 ам. долларт хүргэх амлалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч амласан. Харин БНХАУ-ын эрдэм шинжилгээний ажилтны цалин доод тал нь 500 ам.доллар. Манай эрдэм шинжилгээний ажилтнууд энэ хоёр хөршөөс дутахааргүй цалин авах ёстой.
Эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсч, эрдэмтэнд түшиглэсэн зүйлийг бүтээвэл эрсдэл гарахгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж