Талбайг бүртгэлжүүлэх нь лиценз олгохоос чухал

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Талбайг бүртгэлжүүлэх нь лиценз олгохоос чухал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн онд буюу 2010 оны зургадугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Уг хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл шинээр олгохыг хориглосон юм. Энэ талаар Ашигт малтмалын ерөнхий газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Болормаатай уулзаж ярилцлаа.

    -Кадастрын албаар сонин сай­хан юу байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталснаар танай ажил багагүй хөнгөвчлөгдсөн үү?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш нь дамжуулан худалдах нь хэт хавт­гайрсан. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэж үзсэний үндсэн дээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олго­хыг хориглох тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн барьсан юм билээ. УИХ-аас уг хуулийг баталсны үндсэн дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл шинээр лиценз олгох ажил үндсэндээ зогссон. Шинээр лиценз олгохыг манай үндсэн гол ажил гэж ойлгож болохгүй. Харин ч энэ хугацаанд Монгол Улсын  зөвшөөрөлтэй болон бусад талбайг кадастрын бүртгэлд хамруулах өргөн хүрээтэй, том ажлыг эхлүүлсэн. Хоорондоо давхцалтай талбайнууд олон, энэ асуудал эмх замбараагүй байгаа юу гэвэл тийм гэнэ. Энэ давхцалыг арилгах, эмх замбараагүй талбайг цэгцлэх, бүртгэлжүүлэх нь хэцүү ярвигтай ажил.

    -Талбайг бүртгэлжүүлэх, цэгц­лэх тийм толгой өвтгөсөн ажил гэж үү. Одоо компьютер технолого өндөр хөгжсөн үед үүн шиг амархан зүйл байхгүй юм биш үү?

    -Кадастарын бүртгэлийг алсын орон зайнаас хийдэг. Газар дээр нь очоод бүртгэчихдэг юм биш шүү дээ. Компьютерт модельчилж бүртгэдэг  болохоор ажиллагаа маш их шаардагддаг. Бид байтугай сүүлийн үеийн хамгийн хурдан хамгийн сайн технолог, сүлжээтэй компьютер энэ замбараагүй ол­гогд­сон талбайг бүртгэж чадахгүй гацаад байна гээд бод. Аль нь тусгай зөвшөөрөлтэй, аль нь ойн болон усны сав газар, аль давхцалтай, бас  аль нь нөөцийн гээд ангилж бүртгэж цэгцлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Үүнийгээ энэ онд  бүртгэж нэгтгэж дуусгахаар төлөвлөөд байна. Ер нь бол Монгол Улс тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан талбайн стандарттай байх шаард­лагатай байгаа юм.

    -Яг одоогоор танайхаас хич­нээн лицензийг олгосон байна вэ. Шинээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хэр их ирж байна?

    -Хайгуулын болон ашиглалтын  нийтдээ 4100 тусгай зөв­шөө­рөл олгосон байна. Шинээр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл цөөнгүй ирж байгаа. Мэдээж хуулийн дагуу ажиллаж байгаа болохоор хүсэлтийг хүлээж аваа­гүй. Ашигт малтмалын хуулиар  тусгай зөвшөөрлийг сонгон шал­­га­руулалтаар олгохоор бол­сон байсан. Тэгээд сонгон шалга­руулалтдаа бэлтгэж байтал лиценз шинээр олгохыг хориглосон хууль гаргаад одоогоор  нийт талбайн 22 хувь нь сонгон шалгаруулалтад орохоор хүлээгдэж байгаа.

    -Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олго­хыг хориглох тухай хуулийн хуга­цааг  2011 оны долдугаар сарын 15 хүртэл сунгах тухай хуу­лийн төслийг Улсын Их Хур­лын дарга Д.Дэмбэрэлд Ерөн­хийлөгчийн зүгээс дахин өргөн барьсан гэсэн?

    -Манайд албан ёсоор мэдэг­дээ­гүй байгаа. Энэ хуулийн хугацааг дахин сунгахаар болсон гэсэн мэдээлэл манай хэлтэст ирээгүй байна.

    -Тэгэхээр шинээр тусгай зөв­шөөрөл олгож эхлэнэ гэсэн үг үү?

    -Хуулийн хугацаа нэгэнтээ дуус­гавар болсон. Дахиад хугацааг нь сунгаагүй тохиолдолд Ашигт малтмалын хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ.

    -Урт нэртэй нэгэн хуулийг УИХ-аас баталсан. Үүний дагуу цөөнгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон шүү дээ. Танайхаас энэ ажлыг эхлүүлсэн үү?

    -Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хам­гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг, хориглосон хуулийг 2009 онд батлагдаж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан  л даа. Өнөөдрийн байдлаар дээрх хуулийн дагуу ямар ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоогоогүй байгаа.  Засгийн газраас хил хязгаарын координатыг тогтоосны дараа л лиценз цуцлах талаар яригдах болов уу.  Дээрх хуультай хол­боотойгоор манайхаас 35 мянган ширхэг талбайн дүрсийг шалгаж үзсэн. 1782 тусгай зөвшөөрөл ямар нэгэн байдлаар давхцалтай байгаа нь тогтоогдсон байсан. Түүнээс бус аж ахуйн нэгжүүдийн нэрс жагсаалтыг гаргаад тусгай зөвшөөрлийг нь цуцлаад эхэлчихсэн юм биш шүү дээ.

    -Ерөнхийлөгчөөс ашигт малт­­ма­лын хайгуулын бо­лон ашиглалтын тусгай зөв­шөөр­лийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш нь дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан гэж үзээд шинээр лиценз олгохыг хориглосон шүү дээ. Тусгай зөвшөөрөл най­маалцах асуудал зогссон уу?

    -Ашигт малтмалын хуулинд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн томоос том заалт байгаа. Хуулиар энэ бүхэн нээлттэй.

    -Тавантолгой, Асгатын мөнгө­ний орд газрыг стратегийн бол­гохоос өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг төр яаж буцааж авч байгаа юм бэ. Худалдаж уу, эсвэл булааж уу?

    -2006 оны хууль гарахаас өмнө олгогдсон стратегийн тусгай зөв­шөөрлийн асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэнэ гэсэн байгаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу бид шийдвэрлэнэ

    Ж.Ням
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж