Нөөцийн махыг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг шалгалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газартай хамтран мах махан бүтээгдэхүүнийг энэ сарын 10-аас хяналт шалгалт хийж  байна. Энэ ажлын эхлэл болгож нөөцийн махыг шалгасан байна. Мах тойрсон асуудал олон байдаг  ч энэ жилийн хувьд мах өндөр үнэтэй зарагдаж иргэдийг бухимдуулсан асуудлын нэг болсон. Махны үнийг ченж нар хөөргөөд байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Цагаан сар болоход хэдхэн хоног үлдсэн энэ үед хонины ууц 150-200 мянган төгрөгнйн үнэтэй байна.  Дан ганц хонины ууц ч биш махны үнэ хэт өндөр байгааг  зүүн аймгуудад малын халдварт шүлхий өвчин гарсантай холбон тайлбарлаж үзэж байгаа. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар дүгнэлттэй байгаа талаар сонирхсон юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар НМХ-ын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн ахлах байцаагч Б.Ганхуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

    -Мах үнэтэй байгаа талаар иргэд их бухимдалтай байна. Удахгүй цагаан сар болно. Энэ асуудал дээр ямар хяналт тавьж байгаа вэ?

    -Бид үнийн тогтвортой байдлыг хянах боломжгүй. Хүмүүсийн дунд зүүн аймгийн хонины ууц илүү том байдаг гэсэн яриа байдаг. Гэтэл энэ жил зүүн аймгийн мах орж ирэх боломжгүй болсон нь махны үнэ өсөн шалтгаан болоод байна. Мөн нэг шалтгаан нь Вьетнам гэдэг нэрээр хятад улс руу 5000 орчим хонь ямааны мах гарсан. Эдгээр шалтгаануудыг махны ченж нар буруугаар ашиглан үнэ өсгөж байгаа гэж үзэж байна.  Харин чанар, аюулгүй байдал талаас нь хянадаг. Нийслэлийн махны үнийг тогтвортой байлгах зорилгоор мах нөөцөлдөг.

    Он гараад бид мах, махан бү­тээг­дэхүүний чанар, аюулгүй бай­­далд шалгалт хийж байна.  Нийслэлийн цагдаагийн газартай хамтран бүх дүүргээр нэгдүгээр сарын 10-аас эхлэн шалгаж байна. Эхний ээлжинд бид махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөө­цөлсөн 12 мянган тонн маханд шалгалт хийлээ.

    -Нөөцийн мах энэ сарын 15-аас худалдаанд гарах төлөвтэй байгаа. Энэ жилийн махныг хаанаас бүрдүүлсэн бэ?

    -Энэ жилийн нөөцийн махны  хэрэгцээг 14 аж ахуй нэгж бүрдүүлсэн. Нөөцийн махны 40 гаруй хувь нь үхрийн мах буюу 6000 орчим. 4000 орчим  нь хонь ямааны мах байна. Үүнээс гадна иргэд аж ахуй нэгж 6000 орчим мах нөөцөлсөн байгаа. Нийтдээ нийслэлийн хэрэгцээнд 16 мянга орчим мах нөөцөлсөн. Нөөцийн мах худалдаанд гарахад бэлэн болсон.

    -Зүүн аймагт малын халдварт шүлхий өвчин гарсан болохоор мах оруулж ирэхийг хориглосон. Гэтэл сүүлийн өдрүүдэд зүүн аймгаас мах ихээр орж ирэх болсон гэж яригдаад байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна?

    -Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Засгийн газрын 246-р тогтоол гарсан. Шүлхий өвчиний журам байдаг. Энэ нь шүлхий  гарсанаас зургаан сараас нэг жилийн хугацаанд  халдвар тархсан газрын малын түүхий эдийг хэрэглэхгүй гэж заасан байдаг. Журмаар бол ирэх гуравдугаар сарын 17 хүртэл мах орж ирэх ёсгүй. Зүүн аймагаас орж ирж байгаа махыг бид оруулахгүй байгаа. Оруулж ирж байгаа аймаг сумдын дарга нар иргэдэд буруу мэдээлэл өгсөнөөр аль аль талдаа хүндрэл учруулж байна. Бид бол  зүүн аймгийн махыг гуравдугаар сарын 17 хүртэл оруулахгүй гэдгийг зохих хүмүүст нь мэдэгдсэн. 

    -Экспортын мах гаргахаар бол хавар махны үнэ дахин нэмэгдэнэ гэж байсан.

    -Өнгөрсөн есөн сараас өмнө аж ахуй нэгжийн Оросын холбооны улсад экспортлох байсан 5000 мян­га орчим үхрийн махыг буцаагаад татаж авна гэсэн асуудал ОХУ засгийн газрын хооронд яригдаж байгаа.  Энэ махыг нөөцөнд хадгалсан байгаа.  Хэрвээ энэ махыг Оросын холбооны улс руу гэрээгээр ачихаар болвол хавар бид махны хомсдолд орж, махны үнэ нэмэгдэх магадлал өндөр байгаа.  

    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж