Зураач З.Уянга “Цэнхэр морь гэж хаана ч байдаггүй. Харин бидний ертөнцөд л бий”

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Зураач З.Уянга “Цэнхэр морь гэж хаана ч байдаггүй. Харин бидний ертөнцөд л бий”

И.Е.Репений нэрэмжит урлагийн Академийг төгссөн үе, үеийн төгсөгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн Урчуудын хорооны үзэсгэлийн танхимд долоо хоног гарсан билээ. Өнөөдөр хаалтаа хийсэн энэхүү үзэсгэлэнд өөрийн бүтээлүүдээрээ оролцсон МУЭ-ийн нэрэмжит шагналт график зураач З.Уянгатай уулзлаа.

-И.Е.Репиний урлагийн академийнхаа талаар яриач?
-Анх 1975 онд Оросын Петр хааны захирамжаар “Хааны академи” нэртэйгээр байгуулагдсан сургууль. Дараа нь социализмын үед нэр нь солигдоод И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи нэртэй болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус академи нь уран зураач, уран барималч, театрын эскиз, график, урлаг судлаач чиглэлүүдээр мэргэшүүлэн төгсгөдөг. Манай академи чинь дэлхийд их алдартай, гадаадад үзэсгэлэнгээ гаргаад явж байхад И.Е.Репиний урлагийн академи төгссөн гэхээр хүмүүс хүндэтгэлтэй харьцдаг. Манай академи реалист урсгалынх. Хаант засгийн үед ямар байсан түүнийгээ хөдөлгөхгүй барьдаг тийм л сургууль. Орчин үеийн, жаахан өөрийнхөөрөө юм хийх гэхээр шууд дүнг нь хасаад л…, Одоог хүртэл тийм чигээрээ байгаа. Гэхдээ төгсөөд юу хүссэнээ зурж хийж болно. Нэг үгээр хэлбэл, барилгын суурь бат бөх байж сайн барилга босдог шиг бидэнд гайхалтай суурийг тавьж өгсөн академи даа.
-Анх хэдэн онд энэ академийг монгол хүн төгссөн бэ? Энэ сайхан сургуулиас хичнээн уран бүтээлч төрөн гарсан бэ?
-1952 онд анх Монголын Ардын зураач, төрийн шагналт Л.Гаваа гуай театрын чимэглэлийн зураачаар төгсөж ирсэн. Хамгийн сүүлд 1995 онд С.Эрдэнэ уран зургийн анги төгссөн. Энэ хооронд нийт 66 хүн суралцсан. Одоо 30 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд тал хувь нь л үлдэж дээ. Энэ 66 төгсөгчдийн дотор Монголын урлагийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн, нэр хүндтэй шагналт уран бүтээлчид олон бий. Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавъяат зүтгэлтэн А.Даваацэрэн, С.Дондог, нэрт зураач, уран барималчид болох С.Нацагдорж, Г.Баяр, Я.Үржээ, Ч.Ичинноров, Ц.Амгалан, До.Болд, Б.Пүрэвсүх, Я.Оюунчимэг, Ё.Өлзийхуяг, С,Элбэгдорж, Р.Дуйнхаржав, Б.Сосорбарам, Ч.Хүрэлбаатар, З.Уянга, Л.Ганхуяг, Ё.Эрдэнэ, Л.Болд гээд олон нэртэй бүтээлчид төгсөцгөөсөн. Монголын алтан үед туурвисан дүрслэх урлагийн алдартай бүтээлүүд, ард түмний бахдал болсон уран сайхны кино, жүжгийн тайз чимэглэл, хот орон нутагт босгосон олон арвах хөшөө цогцолборын бүтээгчид нь энэ академийн төгсөгчид байна.
-1995 оноос хойш яагаад Монголоос ахиж энэ академид хүмүүс суралцаагүй юм бол?
-Одоо суръя гэхэд зөвхөн нэг жилийн сургалтын төлбөр нь л гэхэд 12 мянган евро байдаг. Төлбөрөөс гадна байр, хоол, унааны мөнгө гээд суралцах боломж хэцүү. Тухайн үед бидний төлбөрийг хоёр орны гэрээгээр улс төлдөг байсан, бид азтай төгсөгчид. Монголд дүрслэх урлаг хөгжөөд 70 гаруй жил болж байгаа. Яг тэд нарын гол төлөөлөгчид нь бид нар. Гэтэл бид нар тасрах гээд байна, хамгийн залуу төгсөгч нь өнгөрчихөөд одоо миний үеийнхэн үлдчихээд байна. Тэгэхээр энэ бол эмгэнэл л дээ.
-Үзэсгэлэнд ямар, ямар бүтээлүүд тавигдсан бэ?
-Яг энэ танхимаас 1952 оноос хойш одоог хүртэл Монголын дүрслэх урлаг яаж хөгжиж ирснийг харж болно. Энд уран зураг, театрын эскиз, уран баримал, график гэсэн дөрвөн төрлийн бүтээлүүд байна. Монголын дүрслэх урлагийн 60, 70 жилийн түүхийг өгүүлсэн мэргэжлийн уран бүтээлүүд байгаа. Мөн байхгүй болчихсон уран бүтээлчдийнхээ бүтээлүүдийг эрэл сурал болон цуглуулж нэг дор дэлгэн тавьсан. Мөн миний таван жилийн өмнө хийсэн хэнд ч харуулж байгаагүй бүтээл хүртэл байгаа.
-Хүмүүсийн дунд зураачдын тухай авьяастай л бол боловсрол хэрэггүй гэсэн өрөөсгөл ойлголт байдаг.
-Мэргэжлийн өндөр төвшин гэдэг бол өөр. Зүгээр л нэг зураг зурдаг хүн зураач байх бол ондоо. Бид нар бүгдээрээ дүрслэх урлаг төгсөөд зарим нь мэргэжлээрээ ажиллаж байгаад академи төгссөн хүмүүс. Боловсрол сурах үйл явцдаа амьдралынхаа 10-11 жилийг зарцуулсан дэлхийн урлагийн хэмжээний бүтээлүүд урладаг. Тэрнээс би л зурдаг гээд хэн ч хамаагүй хийж байгаа юм биш, энэ чинь. Зураач хүн гэхээр л авъяастай бол боловсрол хэрэггүй гээд, тийм биш асар өндөр боловсролтой байх хэрэгтэй. Зураач хүн гэдэг чинь нэг ёсондоо судлаач хүн. Ямар нэг зүйл хийхийн тулд заавал судлах хэрэгтэй болдог, тэгэхээр судлаач л болж байгаа юм.
-Шинэ залуу зураачдын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Дөрвөн жил сурч диплом өвөртөлчихөөд зураач болчихсон гэж бодоод. Тэгээд сонин хэвлэлээр ярилцлага өгөхдөө байгаль, хаан хатан, хөрөг зурдаг муусайн юмнууд сөнөтүгэй энэ тэр гээд байгаа юм биш үү. Юу ярих гээд юу яриад байгаа юм бэ. Тэрэн дээр би их эмзэглэдэг. Урлаг гэдэг юманд чинь аль, аль нь байж байж хөгжих ёстой. Хийсвэр урлаг ч байх ёстой, реалист урлаг ч байх ёстой. Нэг нэгнийгээ тас үгүйсгэнэ гэдэг чинь буруу. Хүнийг хэт шүүмжилнэ гэдэг өөрөө боловсролгүйгээ харуулж байгаа юм. Бүх л юм байх ёстой зэрэг хөгжиж бие биентэйгээ өрсөлдөж байж гарч ирдэг. Тэр ганцаараа сэтгээд байгаа хүмүүсийн толгойд юу байгаа юм бэ, боловсрол дутуу байж, эхлээд өөрсдийгөө боловсруулчихаад олон долоон юм донгосох ёстой байхгүй юу.
-Дүрслэх урлагийн бүтээл эзнээсээ ч урт удаан настай байдаг болохоор завгүй уйгагүй, цаг хугацаатай уралддаг хүмүүс шиг санагддаг
-Мундаг хөгжмийн зохиолч байлаа гэж бодоход түүний зохиосон хөгжмийг тоглож байгаа хөгжимчид, удирдаач нарын хамтын хөдөлмөрөөр хүмүүст хүрдэг. Дан ганц хэн нэгнээс шалтгаалахгүй нийтийн хамтын бүтээл болдгоороо хэцүү. Манай аав театрын зураач, ээж маань балетчин байсан. Тэдний уран бүтээлийн хувьд тэрхэн үедээ л гоё болоод дараа нь мартагддаг тал байгаа. Одоо бол юм хөгжөөд бичлэг авч үлдээд байна. Яг манай алтан үеийнхэнд тийм юм байгаагүй. Уран зураг, уран баримал бол бид өөрсдөө ганц ганцаараа бүтээгээд  өөрөө зохиогч нь, өөрөө  гүйцэтгэгч нь, тэгээд өөрөө зарж борлуулна. Бидэнд өнөөгийн нийгэм сонин биш, хаана юу болж байна хурал цуглаан гээд тэр бүрийг тоогоод байдаггүй , дотоод ертөнцдөө амар амгалан хүмүүс бүтээлүүдээ л боддог. Бид өнгөрсөн ч бүтээлүүд маань үлдэх учраас худлаа онгирох шаардлагагүй.
– Зураачдын дотоод ертөнц бүтээлд нь түлхүү харагддаг гэж хэлж болох уу?
-Хамгийн гол нь зураачид уран бүтээлдээ үнэнч хүмүүс. Аливаа нэгэн юманд үнэнч байж сэтгэлээсээ хандана гэдэг хамгийн сайхан аз жаргал байдаг. Бид дотоод сэтгэлдээ бүхнийг ургуулан бүтээж чаддаг, дэлхий дээр огт байхгүй зүйлсийг ч бий болгон харуулж чаддаг, хаана ч цэнхэр морь гэж байдаггүй. Гэхдээ бид нар түүнийг төсөөллөөрөө зураад урлаад харуулчихаж л байна. Яг л үлгэрийн юм шиг гэгээлэг сайхан ертөнцөд амьдарч байдаг хүмүүс бол зураачид. Бид нар талх гэж бодохоосоо илүү будаг гэж боддог, талхгүй бол хүн өнждөг л юм. Харин бид будаггүй байж чаддаггүй л хүмүүс.
-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж