
Тус аймгийн дүнгээр мал аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээ, өсөлтийг, малын тоон өсөлтөөр хангагдаж ирсэн уламжлал хэвээр хадгалагдсаар байна. Үүний дотор үхрээс ашиглаж байгаа эрэлт хэрэгцээ ч тоон өсөлтөөр хангагдаж байгаа аж. Жилд дунджаар 90 мянган тугал бойжуулж, аж ахуйн хэрэгцээ, зах зээлд 65032 үхэр борлуулж байгаа нь аймгийн хэмжээнд бэлтгэж байгаа махны 35 хувийг үхрийн мах эзэлж, мах үйлдвэрлэлтээс малчид 14,2 тэр бум төгрөгний орлого олж, 21 сая литр сүү үйлдвэрлэж малчид сүүнээс 10,5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац багасч, байгаль цаг уурын сөрөг нөлөөллийн давтамж ойртож, бэлчээр тэжээлийн хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, нэг малын ашиг шимийн гарц бага байгаа зэрэг нь цаашид малын тоон толгойн өсөлтөөс чанарын өсөлтийг хангахын тулд цөөн тоотой чанартай малаас бүтээгдэхүүний хэрэгцээг хангах үүднээс тус хөтөлбөрийг боловсруулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшсэн сургалтанд хамруулж малчдын боловсролыг дээшлүүлэх, аймаг сумын хэмжээнд үржүүлж байгаа үхэр сүргийн ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлж бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулах, үхэр сүргийн чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг жил бүр шалгаруулж урамшуулах, бэлчээрийг зохистой ашиглах, ашиглуулах талаар хамтран ажиллаж буй малчдын бүлэг хоршоо, нөхөрлөлийг дэмжин ажиллах ажээ.