Өнөр бүлд Ардын жүжигчид зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Өнөр бүлд Ардын жүжигчид зочиллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хамгийн олон ам бүлтэй айл гэхээр та гайхаж байгаа байх. Энэ айлын овог “Хүүхэд асран  хүмүүжүүлэх төв” юм. Тус төвд өнөөдөр ардын жүжигчид зочиллоо. Монголын өнчин хүүхдэд туслах үндэсний холбооны тэргүүн, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Монгол Улсын ардын багш Ж.Дүгэр хүүхдүүдээ зориулан “Хүний сайхан сэтгэл” өдөрлөгийг ардын жүжигчдэд санал тавин зохион байгууллаа. Мөн тэрбээр өнгөрсөн жил 15 ардын багшийг урин хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдтэй уулзуулж байсан юм. Дүгэр багш хүүхэд бүрийнхээ хүмүүжил, тэдний ирээдүй өөд тэмүүлэх тэмүүлэлд хувь нэмрээ оруулан сэтгэл зүрхээ огшоож яваа нэгэн билээ.

    Ардын жүжигчин эрхэм цолыг хүртсэн 33 алдартнууд энэ өдөрлөгт уригдсан ч зарим нь хүндэтгэх шалтгааны улмаас хараахан ирж амжсангүй ээ. Энэ өнөр айлд өнөөдөр  Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ч.Шархүү,Ц.Гантөмөр, А.Очирбат, П.Цэрэндавга, Ц.Батчулуун, Б.Жамъяндавга, Н.Жанцанноров, Ж.Лхамхүү, Т.Цолмон, Ө.Баярмагнай, Г.Мягмарнаран, Ч.Батсайхан, А.Нэргүй, Ч.Мөнхшүр, Н.Сувд, Б.Мөнхдорж, Г.Жигжидсүрэн, П.Хаянхярваа болон Драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу нар зочлов.

    Тус төв өнгөрсөн 2010 онд 35 жилийнхээ түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мөн уртын дууны “Энх мэндийн баяр”, бүжгийн “Наран ээж”, үлээвэр хөгжмийн “Мөнгөн бүрээ” , цахилгаан хөгжмийн “Алтан хараацай” хамтлагтай. Хүүхдүүд чөлөөт цагаараа урлагийн төрөл бүрийн дугуйланд хамрагдан улс хотын олон арга хэмжээ, уралдаан наадмаас шагналт байруудыг байнга тэргүүлэн манлайлдаг юм байна. “Дээлтэй монгол” наадамд жил бүр “Энх мэндийн баяр” уртын дууны хамтлаг оролцож ая дуугаа өргөдөг. 2010 онд уран зургийн бүтээл туурвидаг 50 хүүхдийн бүтээлээр Япон Улсад үзэсгэлэн гаргажээ. Мөн эх үрсийн баяраар “Монгол тэмүүлэл” уран зургийн үзэсгэлэнг зохион үе тэнгийнхэндээ бүтээлээ дэлгэжээ. Драмын хоёр жүжгийн шинээр тавьж урын сангаа баяжуулсан. Хүүхдийн жүжгийн улсын уралдаанд оролцон гуравдугаар байр эзэлсэн гээд тэдний амжилт бүтээлийн буухиа үргэлжилсээр л. Энэ төвийн хүүхдүүд хичээл номдоо сайн суралцдаг. ОХУ-д 51 хүүхэд суралцаж төгссөн бол БНХАУ-д ес, АНУ-д 10, БНСУ-д 10 хүүхэд суралцаж байна. Мөн 23 жил өөрсдөө хүнсний ногоогоо тариалан эрүүл хүнсээр хүүхэд багачуудынхаа хэрэглээг хангаж яваа байгууллага юм. Одоогоор Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд 200 гуай хүүхэд сурч хүмүүждэг ажээ.

    Өнөөдөр болсон “Хүний сайхан сэтгэл” өдөрлөгт тус төвийн хүүхдүүд ирсэн зочдодоо өөрсдийн авьяас билгээ дэлгэн харуулж, дуу хуур бүжгээ өргөн толилууллаа. Энэ үеэр ардын жүжигчин А.Очирбат, Д.Жаргалсайхан, Н.Жанцанноров, Г.Жигжидсүрэн нар  хүүхэд багачууддаа хандан үнэт сургаалаа хайрлан өөрийн намтар, номын дээжээс оюуны өргөөнд хандивлалаа.

    Урлагийн адармаатай агаад ариун харгуйд өөрийн гэсэн зам мөрийг үлдээж яваа Монголын Кармен бол Ардын жүжигчин Ч.Мөнхшүр юм. Түүнтэй уулзан сэтгэдлийг нь сонслоо.

    -“Хүний сайхан сэтгэл” өдөрлөгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

    -Өнөөдөр надад маш их баяртай, азтай өдөр тохиож байна гэж бэлэгшээж байна. Энэ сайхан “Хүний сайхан сэтгэл” гэдэг үйл ажиллагааг явуулж байгаа  энэ асран хүмүүжүүлэх төвийн захирал, ажилтан, албан хаагч, энэ сайхан хүүхдүүдэд чин сэтгэлээсээ баярласнаа хэлмээр байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Манай монголыг ирээдүй болсон энэ хөөрхөн үрсийг өдий зэрэгтэй авч яваа, хүний сайхан сэтгэлээр энэрэн хайрлаж  эцэг, эхийнх нь оронд эцэг эх болон ирээдүйн боловсон хүчин агуу авьяастнуудыг бэлтгэж байгаа эдгээр агуу хүмүүст баярлахгүй байхыг аргагүй ээ.

    Мөн тайз, дэлгэцийн бүтээлд олон сайхан дүрээ мөнхөлсөн ардын жүжигчин П.Цэрэндавга гуайтай цөөн хором уулзан сэтгэгдлийг нь сонссон юм.

    -Хүүхэд чуулсан өргөөнд саатан “Хүний сайхан сэтгэл” өдөрлөгт оролцлоо шүү дээ.Өдөрлөгийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Мөн эдгээр бяцхан хүүхдүүддээ хандаад юу гэж хэлэх вэ?

    -Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа сэтгэл өег байна. Сэтгэл өег байгаагийн учир нь хэдийгээр хүний асрамжид өсөж хүмүүжиж байгаа ч энэхүү ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь энд хүмүүжиж сурч байгаа хүүхдүүддээ амин ухаан төлөвшүүлэх гэж байгаагийн илрэл юм болов уу даа гэж бодож байна. Хэдийгээр материаллаг талын хувьд дутах юм байхгүй ч гэсэн асар их дутах  юмтай хүүхдүүд гэдгийг мэдэрч байгаа учраас энд байгаа хүмүүс ямар их зөөлөн сэтгэлээр эдгээр хүүхдүүдэд монгол амин ухааныг суулгах гэж хичээж зүтгэж байна вэ гэдгийг мэдэрсэндээ их олзуурхаж байна. Нөгөө талаас энэ их хүмүүсийн итгэл хайр хүндэтгэлийг дааж сурч боловсорч байгаа хүүхэд багачуудад багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ үгийг их ухаалгаар авч эндээс хүмүүжиж гарахдаа хүний итгэл даах ноён нуруутай болоосой гэж залбирч байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж