
Уулзалтын үеэр Элчин сайд Уй Хун Яао хоёр улсын харилцаа, Улаанбаатар-Бээжин хот болон бусад хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, элчин сайдаар ажиллах хугацаанд дэмжлэг туслалцаа үзүүлж байсанд хотын даргад талархал илэрхийлжээ. Мөн тэд Бээжин хотыг даргыг Улаанбаатарт урих тухай яриа өрнүүлэхэд эрхэм элчин сайд энэ талаар дэмжихээ хэлсэн байна.
Хотын мэр “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бодит ажил болж байгаад танаар дамжуулан БНХАУ-ын Засгийн газар, хятадын ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Элчин сайд томиглогдон ирсэн дараахан Энхтайвны гүүрний иж бүрэн засварыг Хятадын Засгийн газрын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Саяхан дэлхийн стандартад нийцсэн спортын иж бүрэн цогцолборыг мөн өмнөд хөршийн тусламжаар барьж ашиглалталд орууллаа. Одоо Улаанбаатарт буй гадаадын хоолны газруудын 60 хувь нь өмнөд хөршийнх байна. Энэ нь Улаанбаатар хот нээлттэй ажиллаж буйн илэрхийлэл. Улаанбаатар хот Тяньжин хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахад ноён Элчин сайдын туслалцаа дэмжлэг их байсан. Үсрэнгүй хөгжиж буй хятадын ард түмнийг улаанбаатарчууд талархан хараад зогсохгүй тэднээс суралцаж байна. Ажилсаг, хөдөлмөрч танай ард түмнээс суралцах зүйл бидэнд их бий. Шинээр гарч буй бүхий л технологиуд өмнөд хөршид байна. Тэднээс сонгож хэрэглэх боломж бидэнд ойрхон. Таны хоёр улс, хотуудын харилцаанд оруулсан хувь нэмрийг бид үргэлж дурсаж, таныг хүндэтгэж явах болно” хэмээн хотын дарга уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлов.