
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналдиньо багаа орхих нь тодорхой болоод хэсэг хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд түүний очих шинэ багийн нэр тодроогүй байлаа. Олон ч баг түүнийг сонирхож байсан бөгөөд тэдний дунд Английн хэд хэдэн багуудын нэр явж байсан юм. Харин алдарт хөлбөмбөгч маань нутгийнхаа “Фламенго” багт очих хүсэлтэй гэдгээ илэрхийлсээр байсан. Гэвч түүнийг өөрийн төрөлх “Гремио” багт элссэн гэсэн яриа гараад байсан ч хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ронни мөрөөдлийн “Фламенго” багийнхаа төлөө тоглохоор болжээ. Энэ жил 30 настай Ронни шинэ багтайгаа гурван жил хагасын гэрээ үзэглэхээр тохироод байгаа бөгөөд сарын цалин нь 900 мянган ам.доллар орчим байх гэнэ. “Гремио”, “Палмейрас” багуудтай ширүүн тэмцэлдсэний эцэст чимээгүй байсан “Фламенго” ялалт байгуулжээ.
Роналдо де Ассис Морейра 18 нас хүртлээ “Гремио” багт хүчин зүтгэж, улмаар “Парис Сан-Жермейн”, дараа нь “Барселона” багуудад тоглож байсан билээ. Хамгийн сүүлд алдарт “АС Милан” багт тоглож байсан юм. Европын тавцанд тоглох хугацаандаа дэлхийн шилдэг хөлбөмбөгч шагналыг хоёр удаа, “Барса”-тай хамт Аваргуудын лигт, нутгийн маш олон цомыг өргөж байсан алдартай тоглогч билээ.
Score Studio