
Тус гарааны өмнө суудлын автомашины ангилалд Сайнс болон Аль-Аттияа нарын хоорондын зөрүү нэг минут, 22 секунд байсан. Өдрөөс өдөрт Катар эр хоорондын онооны зөрүүг ойртуулсаар найм дахь гарааны дараачаар тэргүүллийг өөрийн болгох хувьтай байжээ. Энэ гарааны сүүлийн таван км зайд Аль-Аттияа Сайнсыг гүйцэж түрүүлсэн бөгөөд зургаан минут, 36 секундын өмнө барианд орсноор нийлбэр дүнг таван минутын давуутай тэргүүлж эхэллээ. Өмнөд Африкийн Жиниел де Вилльерс гуравт хурдалж, нийлбэр дүнгээр мөн байрт бичигдсэн ч өмнөх хоёр тамирчнаасаа дэндүү хол тасраад байгаа билээ.
Харин мотоциклийн ангилалд Испанийн Марк Кома гурав дахь гараагаа өөрийн болгожээ. Тэрбээр аваргаа хамгаалж байгаа Деспрегээс нэг минут, 55 секундын өмнө барианд орсон бол Деспре хоёрт, Франчиско Лопез Контардо гуравт хурдалжээ. Ингэснээр нийлбэр дүнгээр Кома есөн минутын давуутай тэргүүлж байгаа юм.
Ням гаригт Буэнос-Айрост дуусах Дакар раллигийн ес дэх гараа 270 км зайд үргэлжилнэ.
Score Studio