Аризона мужийн дөрвөн энгийн иргэн АНУ-ын Доод танхимын гишүүн болон бусад иргэдийн амь насыг аврахад ихээхэн тус дөхөм үзүүлсэн аж.
Нэгэн ахмад насны эмэгтэй алуурчны гар бууны нөөц сумны хүхээгийг булааж, хоёр иргэн түүнийг унаган баривчилсан байна.
Эрх баригчдын ярьж буйгаар Патрисиа Майш хэмээх эмэгтэй олон хүний амь насыг аврах үйлсийг хийжээ. Пима гүнлэгийн ажилтны яриснаар “Энэ эмэгтэйгийн ач тусаар 31 хүн суманд өртөх аюулаас аврагдлаа” гэсэн байна.
Туксоны оршин суугч, 61 настай Майш гэр бүлийн хүний хамт Гиффордстай зураг авахуулахаар зогсож байсан аж.
Нөгөө хоёр хүний хувьд зураг татуулахаар зогсож байсан Рожер Сульцгевер, ойрхон зогсон байсан Жозеф Зимуди нар дайрагчийг унаган баривчилжээ. Хоёр хүнтэй ноцолдож байх зуур алуурчин зүүн гараараа сумны нөөц хүхээг авах гэж оролдож байсан юм гэж Майш ярьсан байна.
Майш “Хэн нэгэн хүн “сумны хүхээгийг булааж аваарай” гэж хашгирсныг сонсоод хүхээгийг булааж авсан юм” гэж ярисан байна.
20 настай оюутан Даниел Эрнандес Гиффордсын уулзалтад оролцогчдын нэрсийг бүртгэх, замын хөдөлгөөнийг зохицуулахад тусалж байжээ. Хууль тогтоогч хүнд шархдасныг хараад дэлгүүрээс яаралтай цэвэр марли авчруулж, цус алдалтыг тогтоосон аж.
Жич: Габриель Гиффордс 1991 оны Иракийн дайнд оролцож явсан ахмад дайчин, NASA-гийн сансрын нисгэгч Марк Келлитэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон юм байна.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг