
Гуравдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүдийн гаалийн байцаагч нар 4,9 кг алт нууцаар хил давуулахыг оролдсон хэргийг илрүүлжээ. Улаанбаатар-Эрээний чиглэлийн 524 дугаар аяллын 22 дугаар вагонд зорчиж явсан Монгол Улсын иргэн С.Юмчинсүрэн, В.Хишигжаргал нар их хэмжээний алт биедээ нуусан байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Эрдэнэцэцэг, Н.Оюунцэцэг илрүүлсэн байна. Мөн саяхан 50 ширхэг хэрэмний арьс хил давуулахыг завдсан хэрэг бүртгэгджээ. Гуравдугаар сарын 30-ны өдөр 96-86 ДГА автомашины жолооч иргэн Золбаяр машиныхаа сандал болон гутлын түрийндээ их хэмжээний хэрэмний арьс нуусан байсныг гаалийн улсын байцаагч Б.Болормаа илрүүлсэн байна.
Д.Цээнэ