Б.Наранбаатар: Эрэгтэй тамирчид байгааг харуулмаар байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар: Эрэгтэй тамирчид байгааг харуулмаар байна

Монголын чөлөөт бөхийн хөгжлийг буурал тивд сурталчилж, Германы бундеслигт зодоглосон дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар барилдаанаа дуусгаад иржээ. ЦЕГ-ын харъяа Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын тамирчин, цагдаагийн ахмад цолтой түүнийг Иргэний нисэхийн ерөнхий газарт данстай билээ. Мөн “Сэнгүр” брэнд, “Милл хаус” компани гавьяатыг маань дэмжиж, ивээн тэтгэдэг ажээ. Мэдээж тамирчин хүний амжилтыг ивээн тэтгэгч, харъяа байгууллагагүйгээр төсөөлж болохгүй ээ. Түүний амжилтын бас нэг эх үндэс нь яах аргагүй дасгалжуулагч Ж.Баяраа багш. Гавьяат Б.Наранбаатар энэ бүхнийг ярьсаар яриагаа эхлүүлсэн юм.


-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Явсан газрынхаа сониноос дуулгаад яриагаа эхлэх үү?

-Хоёр сар гаруйн хугацаанд германы чөлөөт бөхийн бундеслигт барилдаж байгаад ирлээ. Зарбрукен хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсан. Манайх өмнө нь гурван удаа лигийн аварга болж байсан хүчтэй багуудын нэг. Энэ удаа багаараа III эзэлсэн. Миний хувьд нийтдээ 11 барилдаан хийж, ес ялсан амжилттайгаар энэ улирлын сезоноо дуусгаад ирлээ.

-Бундеслигийн онцлогийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх гэж бодлоо. Онцлог, давуу тал нь юу байв?

-Байнгын бэлтгэлтэй байна гэдэг нь хамгийн том давуу тал юм. Долоо хоног бүрийн бямба гаригт тойргийн барилдаанаа хийнэ. Онцлог нь гэвэл хувийн амжилтын төлөө биш. Нэг багийн төлөө л бүх хүч чадлаа дайчлах ёстой. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг үг үүнд хамгийн оновчтой байгаа юм. Багийн нэгдэл, амь нэгтэй байна гэдэг нь ямар утга учиртай вэ гэдгийг эндээс харж болохоор байлаа. Таван үеийн барилдаан хийдэг. Гурван үед нь ялалт авч чадвал барилдаан дуусна. Гурван үед илт давуу ялалт байгуулах нь багийн оноонд чухал байдаг онцлогтой. Өрсөлдөгчдөө аль болох оноо алдахгүй байхыг илүүд үздэг. Цаашид монголдоо хөгжүүлэх боломжтой юм билээ. Зохион байгуулалтыг харж байхад бид нар ч гэсэн эх орондоо ийм тэмцээн хийвэл болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.

-Таны өрсөлдөгч бөхчүүдийг хараад байхад дэлхийд данстай тамирчид харагдаж байсан?

-Тийм ээ. Олимп, дэлхийн аваргын медальтай тамирчид олон байна. Бас Европын аваргын медальтнууд ч байна. Ер нь бол нэг багт олимп, дэлхийн аваргын медальтай таван тамирчин байх ёстой. Ганц, хоёр тооны залуу бөхчүүд ч бас байна. Хэдийгээр германы бундеслиг гэж байгаа боловч гадаадын маш олон хүчтэй тамирчид барилддаг. Европын лиг гэхэд болно доо. Манай баг гэхэд л гадаадын таван тамирчинтай. Нэг баг арван тамирчинтай. Тэдний дөрөв нь заавал германы иргэн байна, тав нь Европын холбооных, нэг нь гадных байх ёстой гэсэн журам байдаг. Жишээ нь, би гэхэд герман, европын аль алинд харъяалалгүй болохоор гадны тамирчин болж байгаа юм. Маш өндөр шалгууртай, нарийн зохион байгуулалттай сайхан тэмцээн байсан. Миний хувьд монголоос анх удаа, азиас хоёр дахь тамирчин болж бундеслигт барилдлаа. Өмнө нь олимпийн мөнгөн медальт Японы тамирчин Мацүнора барилдаж бүгдийг ялаад явсан гэсэн. Энэ нь азиуд бага жинд хүчтэй гэдгээ харуулж байгаа хэрэг юм.

-Бундеслигт 60 кг-ын жинд барилдлаа. Харин одоо үндсэн жиндээ барилдах уу. Ингэхийн тулд жин хасах хэрэгтэй болно доо?

-Тийм ээ. Одоо бол бэлтгэл, биеийн байдлаа харж байгаад барилдана. Бундеслигт жин хасч барилдана гэдэг хэцүү. Яагаад гэвэл жингээ үзүүлснээс хойш 45 минутын дараа шууд барилддаг учраас хасна гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор байгаа жиндээ л барилдлаа.
 
-Залуу тамирчдынхаа замыг засч энэ тэмцээнд оролцож байгаа гэсэн. Нэг улирлын барилдаанаа дуусгаад ирлээ. Бундеслиг манайханд хэр нээлттэй юм бол?

-Ер нь болохоор юм билээ. Би өөрөө сайн барилдах ёстой гэсэн зорилготой явсан. Монголын хүний үнэ цэнийг европт харуулахыг зорьсон. Эхний монгол тамирчин нь очоод хожигдоод буцвал дараачийнхыг нь хэн авахыг хүсэх вэ дээ. Тэр утгаараа хариуцлага өндөртэй байсан. Ямар ч байсан монголчууд бага жиндээ сайн юм байна гэдэг сэтгэгдлийг германууд болон багийнхаа удирдлага, дасгалжуулагч нарт үлдээж чадсан. Тэр утгаараа ирэх жил дахин гэрээ энэ тэр хийх тухай ярилцаад ирлээ. Ер нь их өндөр сэтгэгдэл үлдээсэн болохоор цаашид ч гэсэн үүнийг хадгалах хэрэгтэй. Зөвхөн ганцаараа тэнд барилдаад байх сонирхол алга. Эхлээд өөрөө барилдаж тодорхой хэмжээний байр суурьтай болно. Дараа нь клубуудтэй уулзаж, залуучуудаа татна гэсэн бодол байна.

-Тэмцээн явагдах ерөнхий журам нь бол хөлбөмбөгийн лигтэй адилхан гэж байгаа. Тэгэхлээр тамирчдын дунд солилцоо, наймаа гэж хийнэ биз?

-Жил бүр сезоны дараа шинэчлэл явагдана. Арван жиндээ сайн тамирчин авч, солилцоно.

-Тойргийн барилдаанаа хийгээд эх орондоо ирэхдээ бэлтгэл энэ тэрээ тасалдуулав уу. Мэдээж тухайн улсын тамирчдын бэлтгэлийн онцлог гэж байдаг байх. Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Эх орондоо ирлээ гээд амраад байхыг бодсонгүй. Тодорхой хэмжээгээр бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Германд бол бүх юмыг өөрсдөө хийнэ. Миний үүрэг бол бэлтгэлээ сайн хийж, сайн барилдах. Өндөр амжилт үзүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа тасалдуулахгүй байх ёстой.


-Германд тамирчдын хангамж хэр байдаг юм бэ?

-Дажгүй шүү. Ирж, очих замын зардал, байр, хоолыг нь бүрэн дааж байна.

-Шагналын сан нь хэр вэ?

-Мэдээж аварга болбол овоо хэдийг халааслах байх. Гэхдээ багаараа шүү дээ. Бидэнд бол энэ нэг их хамаатай биш. Тамирчид зөвхөн багийнхаа төлөө л амжилттай барилдана. Түүний хөлсөнд багаасаа цалин авч байгаа.

-Олимпийн өмнөх жил манай тамирчдаас нэлээд өндөр хариуцлагыг шаардаж байгаа. Таны хувьд ч гэсэн дотроо бодолтой яваа байх?

-2011 он бол тамирчдын хувьд маш хариуцлагатай жил. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд заавал финалд үлдэх хэрэгтэй. Тэгж байж олимпийн эрхээ авна. Эхний зургаан байр эзэлсэн тамирчинд олимпийн эрх олгох юм. Өөрөөр хэлбэл, медалийн төлөө өрсөлдсөн тамирчид эрхээ олж авна. Ерөнхийдөө ДАШТ-рүү хандуулж бэлтгэл сургуулилтаа хийнэ. Ер нь Турк улсын дэвжээ манай тамирчдад ээлтэй байдаг. Тийм болохоор монголчууд маань олон эрх авах байх гэж найдаж байна. Нэг өдөр ч амрах эрх бидэнд алга. Формоо байнга хадгалах шаардлагатай учраас бэлтгэлээ тасалдуулж болохгүй. Ялангуяа бага жинд барилддаг бөхчүүд маш их ур чадвар гаргах хэрэгтэй болдог.

-Европ, Ази хоёр цаг уурын эрс тэс ялгаатай тив шүү дээ. Бие организмд өөрчлөлт орж байна уу?

-Агаарт гарч онгоцоор нааш, цааш удаан нисэх нь бие организмд өөрчлөлт орж, сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Энэ утгаараа ядардаг. Нам газраас өндөрлөг газарт ирэхэд ядардаг. Ерөнхийдөө долоо хоногийн дараа хэвийн байдалдаа ордог. Герман улс өөрөө чийглэг уур амьсгалтай болохоор бэлтгэл сургуулилт хийхэд тохиромжтой их сайхан газар. Нийгмийн бухимдал бага байдаг болохоор маш тайван байдаг. Ер нь баталгаа сайтай.  Манайд бол арай өөр. Өөрөөс шалтгаалхгүй бухимдал их гардаг шүү дээ. Алхам тутамдаа стрессдэг. Болдог бол германы тэр их мод, бороо, чийглэг уур амьсгал, нийгмийн тэр тайван сайхан орчинг монголдоо авчирмаар санагдсан.

-Өнгөрсөн жил чөлөөтийн тамирчид болон танай холбоо амжилт арвинтай байлаа шүү дээ?

-Тийм ээ. Харьцангуй гайгүй байлаа. Эмэгтэйчүүд сайхан амжилт үзүүллээ. Гэхдээ эрэгтэй тамирчид маань ДАШТ-ээс хэд хэдэн медаль авмаар байна. Тэгж чадвал энэ бол чөлөөтийнхий хувь маш том амжилт юм. Үүнд би маш их санаа зовж байна. Эмэгтэйчүүд аваад болж байна. Гэхдээ энэ бол өөр хэрэг. Эрчүүд чинь шал өөр шүү дээ. Миний гол зорилго л тэр. Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид байгаа шүү гэдгийг энэ жил мэдрүүлж, харуулмаар байна. Ингэхийн тулд манай тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн хийгээсэй.

Ц.Мөнхзул
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж