Жүдочид маргааш Бакуг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Жүдочид маргааш Бакуг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөнд энэ жил олон улсын чанартай 35 гаруй тэмцээн багтжээ. Тэдгээрийн анхных нь гэж болох шинэ оны эхний том шалгуур энэ амралтын өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болох гэж байна. Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн зодоглох “World Masters 2011” тэмцээнд манай улсаас зургаан жүдоч оролцох болзлоо хангасан бөгөөд тэднээс гадна таван жүдочид урилга ирсний дагуу нийт 11 жүдоч Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтохын удирдлага дор оролцох юм. Тодруулбал, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, Г.Болдбаатар, С.Ням-Очир, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа нарын зургаан бөх жингийхээ ангилалд дэлхийн чансааны шилдэг 16-д багтаад байсан юм. Харин бусад таван жүдочдын тухайд чансаагаараа 16-гаас хойш эрэмбэлэгдээд байсан ч өмнө нь бичигдсэн бусад орны тамирчид ямар нэг шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон учир Монголын таван тамирчинд албан ёсоор урилга ирсэн ажээ.

Бакугийн “World Masters” тэмцээн энэ сарын 15, 16-нд болох бөгөөд нийт 200 мянган ам.долларын шагналын сантай юм. Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох бол сүүлийн өдөр үлдсэн жингийн ангилалд медалийн эзэд тодрох юм. Сонирхуулахад, аваргын алтан медалийг 6000, мөнгө, хүрэл медалийг 4000 ба 2000 ам.доллар дагалдах юм.

Монголын баг тамирчид маргааш хилийн дээс алхана.

“World Masters”-т зодоглох жүдочид:

Г.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/
Д.Төмөрхүлэг /эрэгтэй, 60 кг/
Ч.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/
Х.Цагаанбаатар /эрэгтэй, 66 кг/
С.Мияарагчаа /эрэгтэй, 66 кг/
С.Ням-Очир /эрэгтэй, 73 кг/
Б.Тэмүүлэн /эрэгтэй, -100 кг/
М.Уранцэцэг /эмэгтэй, 48 кг/
Б.Бат-Эрдэнэ /эмэгтэй, 48 кг/
М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/
Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж