Лионель Месси: Дэндүү гайхалтай сюрприз байлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Лионель Месси: Дэндүү гайхалтай сюрприз байлаа

Үнэмшиж ядсан боловч инээмсэглэл тодруулсаар тайзнаа гарч ирэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналаа гардаж авсан Лионель Месси FIFA.com-д сэтгэгдлээ хуваалцжээ.

-Лионель, сэтгэгдлээ хуваалцаач.

-Баяртай байна. Гэхдээ би өөрийгөө шагнал авна гэж бодоо ч үгүй. Учир нь хүн бүр Шави, Андрес нарын талаар ярьж байсан шүү дээ. Тэдний хувьд өнгөрсөн жил гайхалтай байсан, энэ шагналыг хүртэх гавьяатай тоглогчид. Шагналын эзэнг тодруулахад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чухал нөлөө үзүүлдэг, харин тэд дэлхийн аваргад түрүүлж, багийнхаа амжилтад том роль гүйцэтгэсэн. Тийм болохоор би хувьдаа тэр хоёрын хэн нэг нь шагналын эзэн болно гэж бодож байлаа. Миний хувьд дэндүү гайхалтай сюрприз боллоо.

-Харин тэд нарт ямар санагдаж байгаа бол?

-Харамсаагүй гэж бодож байна. Бид гурвын хэн хэнийх нь хувьд, клубын хувьд агуу зүйл шүү дээ.

-Та тэднийг шагнал авна гэж бодож байсан нь гарцаагүй. Гэтэл шагналын эзэн та болчихлоо шүү дээ?

-Миний төлөө саналаа өгсөн хүмүүс наймаг л гэж сонгосон хэрэг. Үүнд би маш их баяртай байна. Миний хувьд хоёр дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Яг л анх удаа аваад баярлаж байсантайгаа адил баяртай байна. Шагнал аваагүй байсан ч надад харамсах зүйл байхгүй.

-Өмнөд Африкт болсон дэлхийн аваргын үеэр үзүүлсэн тааруу амжилт таны эсрэг нөлөөлсөн гэж бодож байна уу?

-Тийм ээ. Бид дэлхийн аваргад тийм ч тааруу оролцоогүй боловч тавьсан зорилгоо биелүүлээгүй. Бид уг нь түрүүлэх зорилготой Өмнөд Африкийг зорьсон. Өнгөрсөн жилийн хувьд харамсч буй хамгийн том зүйл минь тэр байлаа.

-Тэгвэл энэ жилийн Америкийн цомын тэмцээний талаар?

-Олон улсын төвшин дэх дараагийн маань зорилт тэр байх болно. Аргентин улсын хувьд, фанатуудын хувьд, бас бидний хувьд ч таатай байх нь гарцаагүй. Ингэснээр дараагийн дэлхийн аваргын сууриа тавьж байна гэж ойлгож болно.

-Энэ шагналаа хэнд зориулах вэ?

-Надад тусалж, дэмжиж байсан багийнхаа бүх гишүүдэд, гэр бүлийнхэндээ, бас намайг дэмжсэн бүх хүмүүст зориулъя.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж