
Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал, УИХ болон хэвлэл, мэдээллийн байгууллагын харилцааны талаархи зохицуулалт нь Үндсэн хуулийн иргэн хүний мэдээлэл олж авах үндсэн эрхтэй холбоотой заалтыг хөндөж, төр, түүний байгууллагаас нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл эрж хайх, хүлээн авах эрхийг боомилоход хүргэж байна. Түүнчлэн сэтгүүлчдэд туршлага, мэргэжил, боловсролыг нь харгалзан нэр зааж УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгохоор тусгасан нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзээд эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ.
Үндсэн хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд УИХ-ын нэгдсэн хуралдаанаас бусад нээлттэй хуралдаанд хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг оролцуулдаг байх, мөн УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл, мэдээллийн ажилтанд нэр зааж олгож байхаар өөрчлөн найруулахаар төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.