
Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол орныхоо тухай, худалдаа бизнес хөрөнгө оруулалт, гадаад бодлогын талаар товч мэдээлэл өгөөд Булангийн орнууд түүний дотор АНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Абу Даби сан болон Абу Даби Хөрөнгө оруулалтын газартай Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа, мөн АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэх тухай яриа айлчлалын үеэр хөндөгдсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн.
АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд арабчуудын биеэр нүүдэлчний цус гүйж байгаа тиймээс бидэнд ижил төстэй зүйл их бий. Монголчууд моринд хайртай хурдан удмын сайн морьд ихтэй гэж сонссон. Би ч бас моринд дуртай гэж хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн бидэнд хамтран ажиллах өргөн боломж байна. Тиймээс цаас шидэлцэж цаг авахын оронд нүдээр харах нь хамаагүй хурдан бөгөөд үр дүнтэй. Ойрын хугацаанд ажлын хэсгүүдээ солилцож хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болгоё гэжээ. Ерөнхий сайд С.Батболд Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумыг Монголд боломжтой үедээ айлчлан ирхийг хүссэн байна.