“Хөгжлийн түүчээ” урлагийн тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн түүчээ” урлагийн тоглолт боллоо

Дорноговь аймгийн говийн Догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө”  театрын тайзнаа төвийн бүсийн долоон аймгийн шилэгдмэл уран бүтээлчдийн  “Хөгжлийн түүчээ” урлагийн тоглолт өнгөрөгч бямба гаригт боллоо. Аймаг тус бүрээс ердөө нэг л уран бүтээлч оролцсон эл тоглолт цомхон болсон  бөгөөд Хутагтын нутгийн зон олны сэтгэлийг сэргээж , хөг аялгуугаар дүүргэв.  Тоглолтын салхийг “Саран хөхөө” театрын дуучин МУГЖ, Ж.Ёндонжамц хагалж “Тольтой мөнгөн эмээл”ийг магтсан бол эрэгтэй дуучдын цөөхүүл “Жинжиймаа”-г аргадлаа. Театрын залуу дуучин Э.Батцэнгэл Бавайсан сахалтай баатарцогтын нагацыг өмөөрсөн бол эмэгтэй дуучдын цөөхүүл Их хутагтын шилмэл бүтээл болох “Таван дохио”-г уянгалууллаа.  Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” театрын гоцлооч Э.Бат-Эрдэнэ Наранд таалсан сэлэнгийн буудайг  тэнүүн говийн ээрэм талд хүргэхэд Дархан –Уул аймгийн дуучин Д.Бибиш   “Аав ээж хоёр”-оо дурссан юм. Тэрбээр “Эрдэнээр, эрдэнээр, эрдэнээр уйлавч Эргээд олдохгүй ээж минь ээ… “ хэмээхэд үзэгчид дагаад аялж байна лээ. Харин Говьсүмбэр аймгаас ирсэн бүжигчин СТА, П. Цэрэнжаргалын бүжсэн “Жалам хар” үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв.

“Монгол Улсын  бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд аймаг, бүс нутгаараа нэгдэн  хөгжих, үйл ажиллагааныхаа хэтийн төлөвийг тодорхойлсон  олон асуудал тусгасан байдаг.  Төвийн бүсийн зөвлөлөөс зохион байгуулж буй шинэ оны анхны арга хэмжээ  их говийн цээл талаас эхэлж байна.  Хамтдаа хөгжье.
  Хийх ажил, хэлэх үг, дуулах дуу ,  дугтрах хүчээ нэгтгэе. ” хэмээнТөвийн бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга П.Анхбаяр хэлэв. Харин энэ арга хэмжээг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын  дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтсээс хамтран зохион байгууллаа. Энэ арга хэмжээ цаашид үргэлжлэн Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар өртөөлөн Төв аймагт сүүлчийн тоглолтоо хийхээр төлөвлөгдөөд байгаа аж.

Х.Эрдэнэбулган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж