
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Э.Амарбатыг дахиад оролдож эхлэх шиг боллоо. Прокурорын байгууллагад цөөнгүй жил алба хашиж байгаад Авлигатай тэмцэх газарт ирсэн түүнийг сэжигтнээр шалгаж байсан хүнийхээ өмгөөлөгч эмэгтэйг хүчиндсэн гэх дуулианд хэдэн сарын өмнө нэр холбогдоход хүмүүс ихээхэн халаглаж байв. “Гадаадад боловсорсон давгүй сайн хуульч залуу байсан юм. Ингээд улстөрчдийн золиос боллоо доо” хэмээх эл халаглал “хүчиндэгчийн” гэм буруугүйг шүүх тогтоосны дараа, хэлтсийн даргаас жирийн мөрдөн байцаагч болж тушаал буурснаас нь хойш өнөөдрийг хүртэл хэсэг хугацаанд намжмал байв. Гэвч үгүй байж. Түүнийг гэртээ найзтайгаа архидаж байгаад 16 удаа хутгалуулсан ч азаар амьд үлдсэн гэх утгатай хүн итгэмээргүй цуурхалыг зарим хэвлэлийн өчигдрийн дугаараар зориуд тараалаа. “Хутгалуулагчтай” холбоотой энэ мэдээг бичсэн сэтгүүлч арай ч ингэж “буудна” гэж баймгүй. Өчигдөр үдээс хойш тэр өөрөө эрүүл саруул төдийгүй ээлжийн амралтаа эдлээд гэр зуур буйгаа хэд хэдэн эх сурвалжаар илэрхийлэв. Харин хүчингийн хэрэгт нэр холбогдсоных нь дараа Э.Амарбатыг цээжээрээ хамгаалж байсан ч өөрийнх нь талаар прокурорын байгууллагад “алтан хошуу” өргөсөн гэж үзээд удалгүй өстөн дайсан болсон, хамгийн түрүүнд эл шуугианы ард Ч.Сангарагчааг байгаа гэж хардах хүн олон байна. Бас өмгөөлөгч С.Ганчимэг, Онцгой байдлын сайд асан Ё.Отгонбаяр нарыг ч сэрдэж байна. Гэвч хэн гэдгийг нь биш түүнийг яагаад ингэж “зуусан” шалтгаан нь сонин байна. Хамгийн гол нь хүнд хутгалуулсан ч бай, үгүй ч бай ямар ч гэсэн түүнийг хүмүүсийн анхаарлын төвд дахиад оруулж ирлээ. Шуугианы эхлэл ийм байж гэхэд, өрнөл л одоо сонирхол татаж байна. Тэртэй тэргүй “Авлигын” Э.Амарбатыг хүмүүс таньдаг болсон учраас санаандгүй шидсэн чулуу гэж хэн ч бодохгүй байна.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин