Австралийн үер азийн зах зээлийг сандаргаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Австралийн үер азийн зах зээлийг сандаргаж байна

“Австралид хэд хоногоос дахин бороо орж эхлэх учир энэ оны төсвийн зардлаа тэлье” хэмээн тус улсын Ерөнхий сайд Жулия Гиллард мэдэгджээ. Тэрбээр тус улсын Квинслэнд мужид болж буй үерийн улмаас эдийн засагт учирсан хохирлыг арилгахын тулд нэмэлт төсөв батлах хэрэгтэй болохыг энд онцолсон байна.

Австраличууд байгалийн гамшигт үзэгдэлтэй нүүр тулахаас өөр аргагүй боллоо хэмээн ажиглагчид дүгнэх болсон. Ногоон тивийн зүүн хойд хэсгийн Квинслэнд муж бүхэлдээ шахуу үерт автаад удаж байгаа билээ. Хэдийгээр одоо олон хоног үргэлжлэн орсон бороо зогсч, гол мөрний усны түвшин доошилсон боловч цэвэрлэгээ хийх       болон сэргээн босголтын ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай болжээ. Квинслэнд мужийн тэргүүн хохирлын нийт өрт­гийг таван тэрбум ам.доллар гэж үзсэн. Гэхдээ зөвхөн урьдчилсан байдлаар гаргасан уг тооцоо цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Австралийн даатгалын болон барилгын компаниуд, үнэлгээ тогтоогчдын зүгээс арай өөр дүн хэлэх нь магад. Үерийн гамшиг нь хар салхи болон мөндрөн шуурганаас илүү их хор хохирол учруулдаг гэх мэдээ бий.

Олон улсын ажиглагчдын хувьд үер болсон нь австрали долларын ханшид эергээр нөлөөлсөн гэж үзэж байна. Өчигдрийн байдлаар австрали долларын ханш сүүлийн гурван долоо хоног дахь хамгийн бага түвшинд хүрчээ. Экспортод түшиглэсэн Австрали улсын хувьд мөнгөн тэмдэгтийнх  нь ам.доллартай харьцах ханш нэлээд чангараад байсан би­лээ. Харин байгалийн гам­шиг болсны дараа австрали долларын ханш суларч, тус улсын төв банк эдийн засгаа хөргөхийн тулд тасралтгүй нэмж байсан бодлогын хүүгээ цаашид тогтвортой түвшинд барихад хүргэжээ. Гэхдээ үерийн нөлөө зөвхөн богино хугацаанд үр дүнгээ үзүүлнэ гэдгийг зарим шинжээч онцолж байна. Квинслэнд муж Австралийн улаанбуудайн экспортын таван хувийг дангаараа бүрдүүлдэг. Ха­рин үерээс болж тус муж ургацынхаа дөрөвний нэгийг алджээ. Сүүлийн 50 жилд болж байгаагүй энэхүү гам­шиг Франц, Германы нутаг дэвсгэрийг нийлүүлсэн хэмжээ бүхий талбайг хамарснаас болж 4000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Квинслэнд муж нь нүүрсний экспортоороо тэр­гүүлдэг бөгөөд Австралийн 1.3 их наяд австрали доллараар хэмжигддэг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг дангаараа бүрдүүлдэг. Үерийн улмаас тус мужид олборлолт явуулдаг “Рио Тинто”, “Xsastra”, “Vale” компанийн бүх талбайн ажил зогсонги бай­далд оржээ. Үүнээс болж олон улсад нүүрсний үнэ нэг тонн нь 300 ам.доллар хүрнэ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Австралийн нийлүүлэлт буурч байгаагаас Азийн ган­гийн үйлдвэрлэлийн зах зээл сөрөг үзүүлэлттэй гарx, нөөцдөө санаа зовох болжээ. Гангийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг гол түүхий эд бол нүүрс. Тиймээс гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, нүүрсний гол импортлогч орон болох Хятад тэргүүтэй Азийн зах зээлийнхэн сандрах нь аргагүй юм. Австралид өмнө нь 2008 онд болсон үерийн дараа уул уурхайн компаниудын зарим нь хэдхэн долоо хоногийн, нөгөө хэсэг нь хагас жилийн дараа үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлж байв. Харин энэ удаад усны түвшин доошилсон ч дахин бороо орох төлөвтэй байгаагаас уул уурхайнхан ол­борлолтоо хэдийнээс эх­лүү­лэх нь тодорхойгүй хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Ямартай ч одоогийн байдлаар Квинслэнд муж сая австрали доллараар хэмжигдэх нүүрс­ний экспортоо алдсан бай­на. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн нүүрсний нийт ний­лүүлэлтийн найман хувьтай тэнцэх хэмжээ юм.

Түүнчлэн үерээс болж энэ онд Австралийн эдийн засгийн өсөлт буурна гэх мэдээ байна. “JP Morgan”-ы ахлах шинжээч Стивин Уолтерс “Ирэх саруудад дахин бороо орох төлөвтэй байгаа. Үерийн усыг цэвэрлэж дуусахаас өмнө дахин шинэ аюул нүүрлэж байгаа учир энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх нь зайлшгүй юм” гэжээ. “JP Morgan”-ы шинжээчид тус улсын эдийн засаг 2011 онд 3.7 хувийн өсөлттэй гарна гэж байсан бол энэ долоо хоногоос таамгаа өөрчилж, 3.3 хувь болгон бууруулжээ. Инфляци 3.2 хувьтай гарна гэж байсныг 3.8 болгон нэмсэн байна. Австралийн элсэн чихрийн экспорт энэ жил 10 хувиар буурч, 3.8 сая тонн болно гэх прогноз гарчээ. Дашрамд дурьдахад австрали долларын ам.доллартай харьцах ханш суларснаас болж, нэг унци алтны үнэ богино хугацаанд 40 ам.доллараар буурсан хэ­мээн зарим шинжээч тайл­барлажээ.

Үерийн улмаас 11 хүн амь насаа алдаж, олон хүн орон гэргүй болсон. Нөхцөл байдал дээрдэж, сэргэх эсэх нь цаашид хэр их бороо орохоос хамаарах юм. Цаг агаар сайжирвал сэргээн босголтын ажлыг эрчимжүүлж, уул уурхайн компаниуд болон газар тариалангийн салбар хэвэндээ орох боломжтойг шинжээчид нотолж байна. Цаашид бороо орсоор байвал юу болохыг хэлэхэд бэрхтэй.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж