ЖДҮ-т 200 тэрбум төгрөг зориулна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

ЖДҮ-т 200 тэрбум төгрөг зориулна

Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдэнд хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгох ажлыг зарим арилжааны банктай хамтран хэрэгжүүлж буй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг сүүлийн хоёр жил орон нутагт илүү чиглүүлсэн. Харин энэ жил аймаг төдийгүй сум, багт хүргэх зорилготой байгаа гэнэ. Энэ дагуу сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх санг улсын төсөвт суулгаж нийт 24 тэрбум төгрөг хуваарилах болжээ. гэхдээ тухайн сумын хүн амын тооноос хамаарч зээлийн хэмжээг тогтоох аж. Тухайлбал, 3000 хүн амтай суманд 50 сая, 5000 хүртэл хүн амтай бол 70 сая төгрөгийн зээл олгох гэнэ.  Мөн 6000-аас дээш оршин суугчтай сумдад 90 сая, 10 мянгаас дээш хүн амтай аймагт бол 200 сая төгрөгийн эх үүсвэр олгох юм байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн багцад жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 14 тэрбум төгрөг олгох багц байгаа гэнэ. Нийтдээ 2011 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 200 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөжээ. Харин иргэдийн зээл хүссэн төслийн материалыг ирэх хоёрдугаар сард багтаан авах бол гуравдугаар сараас зээл олгож эхлэх юм байна.

Мөн Япон улсаас хоёр үе шаттай хэрэгжих төсөлд 100 сая-1 тэрбум төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжүүдийг хамруулах болжээ. Тус улсаас дээрх төслийн хүрээнд 75 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирж буй ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж