Ам.долларын ханш дахин унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш дахин унаж эхэллээ

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 10 гаруй хоногийн өмнөөс чангарч, өдөрт 5-8 төгрөгөөр тасралтгүй нэмэгдэж байв. Гэтэл ойрын хэд хоногоос буюу энэ сарын 7-ноос өмнөх үзэгдэл давтагдаж “ноён” ам.долларын ханш унаж эхэллээ. Монголбанкинд ам.доллар өчигдөр 1279.63 төгрөгтэй тэнцэж байв. Тус банкинд энэ сарын 6-ныг хүртэл ам.долларын ханш тасралтгүй өсч 1282.77 төгрөгт хүрээд байсан юм.  Гэсэн ч үүний дараах өдрөөс өчигдрийг хүртэл ам.долларын ханш 1279.63 төгрөгөөс дээш, доош хэлбэлзсэнгүй. Харин арилжааны банкууд өчигдөр ам.долларыг 1264-1268 төгрөгөөр авч, 1280 төгрөгөөр арилжааллаа. “Найман шарга” валютын зах дээр ам.долларыг мөн л 1280 төгрөгөөр арилжаалж байв. Тус захын ченжүүд сүүлийн үед ам.долларын эргэлт багассан гэдгийг хэлж буй. Банкны мэргэжилтнүүд ам.долларын ханш өсч байх үед “Ам.долларын орох урсгал багассантай холбоотойгоор ханш өсч байж болзошгүй. Орох урсгал урьдын адил их байсан бол ханш ингэж өсөхгүй байсан” хэмээх хариултыг өгсөн. Банкирууд энэ удаад ч ам.долларын ханш юунаас болж доошилж байгаад тодорхой хариулт өгсөнгүй. Ам.долларын ханшийн уналтад нөлөөлсөн хүчин зүйл байхгүй хэмээн үзэж байгаа бололтой юм. Түүнчлэн төв банкнаас ам.долларын ханшийг тогтвортой байна хэмээн үзэж байгаа бөгөөд сүүлийн үед арилжааны банкуудын ам.доллар худалдан авах, худалдах саналыг биелүүлэхгүй байгаа билээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж