Иргэд сарын сүүлчээр 21 мянгын хишгээ авна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Иргэд сарын сүүлчээр 21 мянгын хишгээ авна

Иргэд энэ сарын 15-аас эхлэн эх орны хувь, хишгийнхээ үргэлжлэл болгож 21 мянган төгрөг авах болсныг холбогдох албаныхан нь өгч байсан. Гэсэн ч одоо болтол энэхүү мөнгөний санхүүжилт “Хүний хөг­жил сан”-д ороогүй байгаа учир 21 мянган төгрөгөө иргэд хугацаандаа авах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Энэ талаар бодит мэдээлэл авах үүднээс албаны зарим хүнээс тодруулсан юм.

Д.Чойжилсүрэн: ОРОЙТЛОО ГЭХЭД ЭНЭ САРЫН 20-НООС ЭХЭЛЖ ОЛГОНО

Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чой­жилсүрэнгээс  тодруулсан юм.

-“Хүний хөгжил сан”-д 21 мян­ган төгрөгийн санхүүжилт орж ир­сэн үү?

-Сангийн яаманд 21 мянган төг­рөгийн санхүүжилт хүссэн захиалгаа өгчихсөн байгаа. Татгалзсан хариу өгөөгүйг бодоход хугацаандаа сан­хүүжилтийг нь оруулах байх. Оройт­лоо гэхэд энэ сарын 20-ноос л 21 мянган төгрөгийг олгож эхэлнэ.

-Энэ сарын санхүүжилтэд нийт хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Нийт төсөвлөсөн 720 тэрбум төгрөгийн санхүүжилтээс энэ сард 58 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа.

-58 тэрбум төгрөг бол 21 мянган төгрөг авах иргэдийн тоонд дүйц­сэн мөнгө. Харин 21 мянган төг­рөгийг олгож эхэлмэгц авах хэдэн хүн байгаа бол?

-Шинэчилсэн бүртгэлд хамрагд­сан, 10 мянган төгрөгөө авсан иргэд одоо залгуулаад 21 мянган төгрөгөө авах эрхтэй. Одоогоор 21 мянган төг­рөгөө авах эрх нь үүссэн хоёр сая хүн байна.

-Бэлтгэл ажлыг хангасан гэж үзэж болох уу?

-Хүний хөгжил сангийн журамд өөрчлөлт оруулсан. Мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд өмнө нь мөнгөө яаж авдаг байсан тэр зарчмаар л авна. Харин бэлэн бусаар бөөнд нь авах хүсэлтэй иргэ­дийн асуудлыг шийдсэн. Нийт 10 сая төгрөгөөс доош төгрөгийг бөөнд нь олгох­гүй. Учир нь тэрнээс бага хэмжээний мөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлнэ гэ­дэг худлаа. Ийм хэмжээний мөнгө авах хүсэлтэй иргэд нэгдээд зохих ёсны бичиг баримтыг шат дараалан бүр­дүүлэх шаардлагатай.

Эх орны хувь хишиг ол­гох ажлыг гардан хийдэг Хөдөлмөр, халамжийн газ­раас энэ сардаа багтааж 21 мян­ган төгрөгийг олгоно гэ­дэг нь ийнхүү тодорхой болов.

Б.Нямаа: ТӨСӨВТ 21 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ОЛГОХ БОЛОЛЦОО БАЙНА

Харин санхүү­жил­тийг хугацаанд нь хийх боломж­той эсэхийг Сангийн яам­ны Төс­вийн бодлогын газрын Зар­лагын хэлт­сийн дарга Б.Нямаагаас тодрууллаа.

-Хөдөлмөр, халамжийн үйл­чил­гээний газраас 21 мян­ган төгрөгийн энэ са­рын санхүү­жил­тийг 15-нд хийсэн байх захиалгыг өгсөн юм байна. Энэ хуга­цаанд сан­хүүжилтийг хийх боломж байна уу?

-Оны эхээр манай хэлтэс шинэ төсөв эхэлж байгаатай холбогдуулж санхүүжилтийн хуваарь хийдэг. Төс­вийн бай­гууллагууд санхүүгийн эх үүс­вэрийн захиалгаа ирүүлж, шал­­гаж үзсэний үндсэн дээр хуваа­ри­лалт явуулж, сарын дунд гэхэд дансанд нь мөнгийг шилжүүлдэг. Харин халам­жийн мөнгийг сарын дун­даас хойш дансанд нь шил­жүүлнэ. Үүнд 21 мянган төг­рөгийн санхүүжилт ч багтаж байгаа.

-Санхүүжилтийг ямар аргаар хийх юм бэ?

-Одоогоор 21 мянган төгрөгийг хоёр, гурван сараар санхүүжүүлэх бо­лолцоо төсөвт байна. Учир нь он дамжсан үлдэгдэл үүнд хүрэлцэх болно. Харин дараа нь орлогоо тооцоолж үзсэний үндсэн дээр зарлагаа санхүүжүүлнэ.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж