
Энэ үер кассын дэргэд байгаа хүмүүсийн дотроос нэг эмэгтэй зарим хүнээс “Билет авахгүй биз” хэмээн асууж байхтай таарсан юм.
-Та билетээ зарах гэж байгаа юм уу. Хэднийх юм бэ?
-Тэгнэ. Хоёр билет байна. Би өөрөө явах гээд авчихсан чинь ажил гараад зарах хэрэгтэй болчихлоо.
-Авбал билет дээр байгаа нэр, регистрийн дугаар зөрчих байх даа?
-Зүгээр ээ. Хамт касс дээр очоод солиулчихна шүү дээ.
-Хэдээр зарах юм бэ?
-Ярилцаж байгаад өгчихнө өө.
Бид хоёрын дунд ийм яриа өрнөв. Тэрбээр өмнө нь уулзсан бололтой хоёр хүнд “Яасан. Та хоёр билет олов уу” хэмээгээд цааш явсан юм.
Зорчигч, үйлчилгээний Улаанбаатар төв буудлын билет, кассын эрхлэгч С.Өлзийгөөс зарим асуултад хариулт авлаа.
-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчигчдын ачаалал нэмэгдсэн байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
– Намар хичээл сургууль эхлэх үеэр болон сар шинийн баяраар энэ чиглэлийн зорчигчдын ачаалал ихэсдэг. Манайхаас холбогдох бүх арга хэмжээгээ л авч ажиллаж байна. Долоо хоногийн хоёр өдөр буюу Лхагва, Бямба гарагт нэмэлт суудлын 44 дүгээр галт тэргийг аялуулж байна. Түүнчлэн Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр явдаг 276 дугаар галт тэргэнд гурван вагон нэмж байгаа. Одоогийн байдлаар урьдчилгаа тасалбар ирэх лхагва гарагаас эхлээд бүх өдрийнх байгаа. Харин долоо хоног бүрийн мягмар гарагийн оройны нэмэлт галт тэрэгний тасалбар дууссан.
-Зорчигч ихэссэн ийм үед шагийн тасалбар гарч ирдэг. Энэ тал дээр?
-Манай байгууллагын зүгээс Төмөр замын цагдаагийн хэлтэст энэ талаар урьдчилж албан бичиг хүргүүлээд одоо хамтран ажиллаж байна. Тасалбар шаглах гэсэн хүмүүс байгаа. Гэхдээ шагийн тасалбар аваад хохирсон хүн гараагүй. Тухайн зорчигчийн бичиг баримтыг үндэслэн тасалбар олгодог болохоор нэр нь зөрвөл үйлчлэхгүй гэсэн үг. Зорчигчдод тасалбарыг хоёр сар хүртэл хугацаагаар урьдчилан худалдан авч болно гэдгийг анхааруулмаар байна. Түүнчлэн манай төмөр замын тасалбар худалдаалалт цахим сүлжээнд орчихсон. Тиймээс тасалбарыг сүлжээнд орсон өртөө, зөрлөгөөр нэгэн зэрэг худалдаалж байгаа.
-Сая нэг хүн гар дээрээс билет зарах гэж байгаатай таарлаа. Билет дээр байгаа нэр, регистрийн дугаарыг сольж болдог юм уу?
-Болохгүй. Манайд нэр солих ямар ч үйлчилгээ байхгүй. Ямар нэг хүндэтгэх шалтгаанаар явж чадахгүй гэсэн тохиолдолд хувийг нь суутгаад буцаалт л хийж болдог. Мөн явах хугацаагаа хойшлуулъя гэсэн тохиолдолд тухайн өдрийн тасалбар нь байвал хойшлуулж болно.
Биднийг албаны хүмүүстэй уулзаад гарч ирэхэд нөгөө эмэгтэй гадаа мөн л хэдэн хүнтэй ярилцаад зогсч байв. Улаан чемодан барьж нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн охин хаа нэг тийшээ яарсан ч тасалбар олдоогүй бололтой. Харин хар хүрэмтэй эмэгтэй “Эгч нь тэр холоос өсгийтэй гуталтай гүйж ирэх гэж хэцүүдлээ. Чиний улаан чемодан нүдэнд харагдаад. Түрүүний тасалбарыг хоёр хүн авчихсан” гэж хэлээд цааш одов. Тэднээс хэдэн төгрөгөөр тасалбар авсныг нь сонирхоод “Хүний гар дээрээс авсан тасалбар нэр нь зөрдөг учраас болдоггүй” гэсэн хэмээхэд “Билет аваагүй ээ” гэх аж. Харин иргэдийн олонх нь “Та шагийн тасалбар худалдан авах уу” гэсэн асуултад “Үгүй” хэмээн хариулж байлаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин