
Энэ судалгаанаас харахад бид Хятад, Энэтхэг зэрэг улсыг ардаа орхих бололтой. Манай урд хөршийн хувьд энэ онд эдийн засгийн өсөлт нь 9 хувь хүрэхтэй үгүйтэй байхыг “The Economist” онцоллоо. Манай улсын дарааөмнөх жилүүдийн жагсаалтад нэлээд хойгуур бичигдэж байсан Эритрэй улс багтсан байна. Тус улсын эдийн засгийн 80 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлдэг аж. Мөн мал аж ахуйгаараа эдийн засгаа авч явдаг Этиоп улсыг эдийн засгийн зөв гольдролоор хөгжиж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж энэ онд тавдугаарт жагсаажээ. Тус улсын хувьд 2008-2009 онд эдийн засгийн өсөлтөөрөө Африк тивдээ тэргүүлж байсан аж. “The Economist” сэтгүүл энэ удаа Узбекстан улсыг нэлээд онцолж эдийн засгийн өсөлтөөрөө наймдугаарт жагсч байгаа талаар бичиж байна. Тус улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улстай ижил түвшинд буюу 7.1 хувьтай яваа юм. Мөн зарим судлаачдын үзэж буйгаар эхний гуравт жагсч буй орнуудын эдийн засгийн үзүүлэлт үүнээс ч өндөр байх боломжтой гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд “Economic Watch” портал дээр гарсан мэдээллээс үзэхэд “The Economist” сэтгүүлийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж буй Гана улс энэ онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж өсөлт нь 20.146 хувь хүрэх гэнэ. Ямар ч байсан өмнөх жилүүдэд дээрх жагсаалтад ихэвчлэн “Их-20”-ийн орнууд бичигдэж байсан бол энэ жил байдал өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа юм. “The Economist” сэтгүүлийн “Economist Intelligence Unit” буюу Эдийн засгийн тандалт судалгааны нэгжээс дээрх анализыг хийсэн юм. Тэд эдийн засгийн хувьд өсөлттэй байх арван улсаас гадна сул үзүүлэлттэй байх арван улсыг мөн нэрлэсэн байна. Эдгээрээс хамгийн эхэнд Испани улсыг онцолж, эдийн засгийн өсөлт нь 0,75 орчим байхыг мэдээлжээ. Дараа нь Исланд, Итали, Грек зэрэг Европын холбооны орнуудыг эдийн засгийн өсөлтөөрөө энэ жил “гавихгүй” болохыг нь уг жагсаалтаар харуулжээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь харвал Зимбабве улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд сүүл мушгиж байна.
Гэхдээ зөвхөн “The Economist” сэтгүүл ч бус Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирал Kevin Bortz энэ онд манай улсын эдийн засгийг дор хаяж есөн хувиар өсөх талаар ярьж байсан юм. Одоогоор манай улсын эдийн засгийн өсөлт 7.083 хувийг зааж байгаа нь “The Economist” сэтгүүлийн таамаглалыг баталгаажуулж мэдэхээр байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин