Эзэнгүй суудлуудаас хамгийн “халуухан” нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргынх билээ. МАН хуралдаж нэрээ солихын зэрэгцээ Я.Содбаатараар л нарийн бичгийн даргаа хийлгэхгүй бол болохгүй нь гээд төрөөс нам руу аваад явчихсан. Тэгэхээр энэ залууд нам нь илүү хэрэгтэй нь ойлгомжтой байна. Харин түүний оронд хэнийг томилох бол гэж улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна.
Уг нь энэ ажлын байрыг сонирхогчдод мэргэжлийн хяналтын аль нэг чиглэлээр улсын байцаагчаар ажиллаж байсан, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй, төрийн албанд болон удирдах албан тушаалд 10-аас доошгүй, төрийн жинхэнэ албан хаагчаар таваас доошгүй жил ажилласан туршлагатай, ажил хэрэгч, шударга оновчтой шийдвэр гаргаж байх гэсэн үндсэн шаардлага тавьжээ. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих, төрийн болон хувь хүний нууцыг хадгалах гэсэн тусгай шаардлага тавьсан байх юм. Одоогоор уг албан тушаалд гурван хүн нэр дэвшсэнээс нэг нь өөрийн хүсэлтээр татгалзсан бол ирэх пүрэв гарагт хуралдах Төрийн албаны зөвлөлийн хурлаас үлдсэн хоёроос нэг нь тунана. Сонгон шалгаруулалтад орох хоёр хүний нэг нь Хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүү. Ардын намын далд улстөрчдийн нэг тэрбээр УИХ-ын гишүүн асан болсноосоо хойш албан тушаалаар “өлсч” байсан удаагүй. Сүүлийн үед багагүй хэл ам дагуулах болсон Хөрөнгийн бирждээ тэр хаягдахыг хүссэнгүй. Харин хаяж одохоор ийнхүү сонгон шалгаруулалтад орсон бөгөөд “тодроод, торойгоод” гараад ирнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэдэг. Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бол Шадар сайд М.Энхболдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Тиймээс М.Энхболдод таалагдах нууц шалгуур өмнө нь буй.
Шадар сайд М.Энхболдын зүгээс энэхүү сонгон шалгаруулалтад алсаас үүрэгдэх байдлаар оролцож буйг ч эх сурвалжууд нуухгүй байна. Тухайлбал, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын сонгон шалгаруулалтад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ганхүүг тэнцүүлэх “үүрэг” өгсөн гэнэ. Тус агентлагийн даргыг томилох асуудал уг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хамааралтай бөгөөд яамнаас 15 хүн сонгон шалгаруулалтад оролцсон аж. Ингэхдээ 100 оноо авах ёстойгоос 50 оноог тестээр авч, ярилцлагад орох үеэр ахиухан оноо авч чадвал “Зорьсон суудалдаа хүрэх бүрэн боломжтой” байсан гэж сонгон шалгаруулалтад оролцогчид ярьж байв. Шадар сайд М.Энхболд энэ суудалд ихээхэн анхаарал тавьж, чадварлаг, туршлагатай хүн хэмээн Ц.Ганхүүг дэмжиж үүрэгдсэн ажээ. Тиймээс өмнөх Засгийн газрын үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргаар томилогдвол гайхах зүйлгүй бололтой.
Дашрамд дурьдахад он солигдохын өмнөхөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар Ж.Бат-Эрдэнийг томилсон байна. Түүнийг АН-ын гишүүн Ж.Батзандангийн ах учраас олон нийтэд төдийлөн мэдээлэлгүй сэм томиллоо гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Төрийн албаны зөвлөл хуралдаж тогтоол гаргаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Хууль зөрчсөн явдал байхгүй” гэсэн юм.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын суудал эзнээ хүлээж байна. Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт хийснээр “түр томилгоо” гэгч байхгүй болсон. Хуучин дарга С.Батмөнх шүүхэд хандсан бөгөөд түүнийг хууль бусаар халсан болохыг тогтоосон байдаг. Гэвч шүүх томилгоог шийддэггүй учир зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах ёстой болжээ. Үүнээс гадна Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарын талаар хууль зөрчсөн томилгоо хийсэн гэсэн гомдлын дагуу Засгийн газарт бичиг хүргүүлсэн ч одоо болтол хариу өгөөгүй байгаа юм. Түүний оронд Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөрийг томилох гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Д.Солонго нарыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэжээ. Ийнхүү цагаан сарын өмнөхөн эдгээр томилгоог “бөөндөх” нь тодорхой болоод байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин