Ц.Батбаяр өргөдлөө татлаа ч хүчин төгөлдөр

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ц.Батбаяр өргөдлөө татлаа ч хүчин төгөлдөр

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Н.Алтанхуяг дарга “АН гишүүдийнхээ саналыг чухалчилдаг байр суурин дээр байгаа. Нөгөө талаар АН бүхэлдээ Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа эсэхийг хэлэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Д.Зоригт сайдыг огцруулах тухай таны гаргасан өргөдөлд танай намынхан яаж хандаж байна вэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналаа УИХ-д өргөн барьж байгаа нь төрийн ажил юм. Үүнд намын дарга, намын ажил огт холбоогүй. Би бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн ажил л хийж байна. Гэхдээ УИХ-ын даргад өргөдөл өгснөөс хойш намын бүлгийн зарим дарга над руу “Үндэслэлтэй юм уу, Сайн бодсон уу” гэх зэргээр ярьсан нь үнэн. Түүнээс бус намын дарга өрөөндөө дуудаад, саналаа тат гэх зэргээр дарамталсан зүйл алга. Ийм зүйл байх ч ёсгүй.

-Ардын намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь Ц.Батбаяр, С.Эрдэнэ та гурвын  гаргасан өргөдлийн талаар хэлэлцээд үндэслэлгүй гэж дүгнэсэн. Танай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх үү?

-УИХ дахь манай намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг мэдэхгүй.

Гэхдээ төрийн ажил, намын ажил тусдаа байх ёстой. Төрийн ажилд намын удирдах зөвлөл дүгнэлт өгч шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрээ УИХ дахь бүлэгтээ тулгаж байгаа нь УИХ-ын гишүүний бие даасан, хараат бус байдалд нөлөөлж байгаа хэрэг. Энэ утгаараа УИХ шийдвэр гаргахад хөндлөнгийн нөлөөлөл орж байна шүү дээ. УИХ-ын тухай хуульд УИХ-ын шийдвэрт гишүүн намынхаа зааврыг дагаж болохгүй гэсэн заалт ч байдаг. Ямар ч байсан АН-ын бүлэг энэ асуудлыг өнөөг хүртэл хэлэлцээгүй байна.

-Ц.Батбаяр гишүүн өргөдлөө 10 хоногоор сунгалаа. Ингэж сунгаж, хойшлуулсаар эцэст нь өргөдлөөсөө тат­галзана ч гэж хардах хүн ч байна. Ц.Батбаяр гишүүний шийдвэрийг та яаж хүлээж авсан бэ?

-Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор  асуудлыг хойш­луулах шаардлагатай байна гэсэн саналыг Ц.Батбаяр гишүүн хэлсэн. Тэр үед би “Наад асуудал чинь хуулийн хугацаатай. Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Дараа нь УИХ мөн долоо хоногийн дотор өргөдлийг хэлэлцэх учиртай. Гэтэл бид хугацааг нь сунгаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг бодох ёстой. Ингэж хойшлуулах бичиг өгөх нь өөрсдийнхөө шийдвэрээс ухарсан алхам болно. Тиймээс бичиг өгөх ажилд чинь оролцохгүй” гэж хэлсэн. Гэтэл Ц.Батбаяр гишүүн хугацааг нь сунгах бичиг өгсөн байсан. Нэгэнт бичиг өгчихсөн учраас нөхрийнхөө саналыг хүндэтгэхээс яахав. Асуудлыг байнгын хороо хэлэлцээд эхэлчихсэн учраас 7-10 хоногийн хугацаа байж болох юм гэхэд хүлээцтэй байгаа.

-Ерөнхий сайдыг хүлээж өргөдлийг УИХ-аар хэлэлцэх хугацааг сунгасан гэж байгаа боловч Ц.Батбаяр гишүүн дарамтад байгаа учраас шийдвэрээсээ ухарлаа гэж хардах хүмүүс бий. Түүнийг өргөдлөөсөө буцах вий гэж болгоомжилж байна уу?

-Тийм зүйл болохгүй байх. Бид гурав итгэл, үнэмшлээрээ санал нэгдсэн. Өргөдөл гаргаснаасаа хойш нэлээд олон уулзсан. Байр суурин дээрээ хатуу байна гэж нэг бус удаа ярилцсан. Ер нь төрийн ажлаар тэгж тоглож болохгүй. Мөн улстөрч, УИХ-ын гишүүн өргөдөл гаргачихаад “Дарамтлаад байна. Болихоор шийдлээ” гэх нь боломжгүй зүйл.

-Ц.Батбаяр гишүүнээс “Да­рамт байна уу” гэж асуухад “үгүйсгэхгүй” гэдгээс өөр хариулт өгөөгүй. Түүнийг дарамталж байна гэсэн яриаг анх гаргасны хувьд та үүнд тодорхой хариулт өгөх байх.

-Бид хоёр, гурван удаа уулзаж байхад Ц.Батбаяр гишүүн энэ тухай ярьсан. “Надад янз бүрийн дарамт байна. Ах, дүүгийн компани руу татварын шалгалт орчихсон байгаа. Миний хувьцаа эзэмшдэг компани хэдэн жилийн өмнө орон сууцны барилга ашиглалтад оруулсан юм. Гэтэл улсын комисс хүлээгээд авчихсан орон сууцанд мэргэжлийн хяналтын байцаагчид одоо шалгалт хийгээд байна. Бас намайг нэг машин дагаад байна. Нягтлаад үзэхэд шүүхэд бүртгэлтэй юм байна. Энэ мэт дарамт байна. Гэхдээ би хэлснээсээ буцахгүй” гэж байсан. Энэ бол гишүүний амнаас гарсан үг. Түүнээс би зохиож яриад улс төр хийнэ гэж юу байхав. Ардчилсан нийгэмд бүрэн эрхтэй УИХ-ын гишүүнийг ингэж дарамталж болохгүй. Бүрэн эрхийнхээ хүрээнд л төрийн ажил хийж байна шүү дээ.

-Д.Зоригт сайдыг огцруулах долоон үндэслэлийн олонх нь Ц.Батбаяр гишүүний өмнө нь ярьж байсан сэдэв байна лээ. Та ямар үндэслэлээр Д.Зоригт сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаа вэ?

-Урт нэртэй хуулийг Д.Зоригт сайд хэрэгжүүлээгүй. Маш олон алдаа хийсэн. Нэгдүгээрт, хуульд нөхөн олговрын журмыг тодорхой болгож нийтэд зарлах ёстой байсан. Зарласнаасаа хойш нөхөн олговор олгох тухай хуульд заасан. Гэтэл журмаа ч батлаагүй, нөхөн олговрын асуудал ч шийдээгүй байж 254 лиценз цуцаллаа гэж нийгэмд шуугиан тарилаа. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн утгатай ч зүйл яриад байгаа. Уг нь урт нэртэй хуулийг Засгийн газар дэмжсэн юм шүү дээ. Үүнээс гадна энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 192 тусгай зөвшөөрөл шинээр олгочихсон байгаа. Байгаль орчноо хамгаалах хууль гарчихсан. Ерөнхийлөгчийн санаачилсны дагуу УИХ-ын тогтоол гарчихсан, лиценз шинээр олгохыг хориглочихсон байхад хаагуур нь лиценз олгож байгааг гайхаад байгаа юм. Миний ойлгосноор үүнд өөр сонирхол яваад байна. Бизнес, эрх ашгийн өөр сонирхол байгаа учраас төрийн бодлого, хуулийн эсрэг зөвшөөрөл олгожээ. 192 тусгай зөвшөөрлийн жагсаалтыг харахад бүгд хориглосон талбайтай давхцсан байна лээ. Нийтдээ 2.2 сая га газарт буюу 18 аймаг, хоёр хотод хууль зөрчиж зөвшөөрөл олгосон. Аль сиймхийгээр нь ийм олон тусгай зөвшөөрөл олгосныг гайхаад байгаа юм.

-Таны хэлснээр өөр сонирхол нь Д.Зоригт сайдтай холбоотой юу?

-Д.Зоригттой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх, хүчингүй болгох сонирхол яваад байгаа биз. Лиценз олгоод байгаа нь энэ салбарыг хариуцаж байгаа албан тушаалтнуудад ашигтай юм байна гэж ойлгож байгаа.

-Та 192 лицензийг  ямар хүмүүс авсныг судалсан уу?

-Нэг бүрчлэн судлах боломжгүй. Саяхан би “Дуусдаггүй яриа” телевизийн нэвтрүүлэгт орлоо. Тэр үеэр Агваандондог гэдэг хүн энэ хуулийг баахан шүүмжиллээ. Гэтэл тэр хүн өнөөх 192 тусгай зөвшөөрлийг авсан хүмүүсийн нэг болж таарсан. Урт нэртэй хууль гарснаас хойш буюу 2010 оны хоёрдугаар сард ашиглалтын зөвшөөрөл авсан байж. Иймэрхүү зохион байгуулалттай ажил л яваад байна.

-Д.Зоригт сайд ашиг сонирхолдоо хөтлөгдөөд 192 тусгай зөвшөөрөл олгочихож гэж хардаж байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулж болдоггүй юм уу?

-Энэ асуудалд Засгийн газар ямар байдлаар хандахаас дараагийн алхам тодорхой болно.

-Засгийн газар сануулга өгөөд өнгөрөөвөл яах вэ?

-Хоёр сайдад саяхан сануулга өгөх шиг болсон. Түүн шиг арга хэмжээ авахгүй байх. Бид огцруулах асуудал ярьж байгаа болохоос захиргааны арга хэмжээ ав гэж өргөдөл гаргаагүй. Хууль зөрчсөн бол огцрох л ёстой.

-Хамтарсан Засгийн газраас нэг бус сайдыг огцруулах төлөвлөгөө Ц.Батбаяр гишүүд байна гэх яриа бий. Танд тийм төлөвлөгөө бий юү?

-Хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж  Үндсэн хуульд заасан байдаг. Үүнийг л баримталж Д.Зоригтыг огцруулах саналд нэгдсэн. Түүнээс би Д.Зоригт гэдэг хүнийг сайн танихгүй. Албаны болоод хувийн ашиг сонирхол ч байхгүй. Тэр тусмаа нийгэмд таалагдах гэсэн зорилго надад алга. УИХ-аас сонгосон Засгийн газрын гишүүн хууль биелүүлэхгүй байхад иргэдийг хуулиа мөрд гэж яриад яах юм. Ийм үндэслэлээр л Д.Зоригтыг огцруулах саналд нэгдсэн. Ер нь хууль зөрчсөн бол аль ч намын гишүүн байсан төрийн ажил хийх боломжгүй л гэж үздэг. Хууль зөрчдөг Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Ш.Сайхансамбуу гишүүн “Өвдсөн шүднүүдээс нэгийг нь сугалаад нэмэргүй” гэж ярьсан. Түүнийхээр Засгийн газрын бүх гишүүн хуулиа биелүүлдэггүй гэнэ лээ. Харин танд Д.Зоригтын дараагийнх гээд “онилсон” сайд бий юү?

-“Д.Зоригтын дараагийнх шүү” гээд “онилсон” хүн алга. Баримттай зүйл ярих ёстой. Харин Д.Зоригтын хувьд хуулийг 200, 300 хувь зөрчсөн учраас огцрохоос аргагүй. Надад дараагийн сайдыг огцруулаад төрийг бусниулах зорилго алга.

-Ц.Батбаяр гишүүнийг Н.Энхбаяр гэдэг “үл үзэгдэгч” удирдаад байна гэсэн хардлага бий. Бас АН-ын Ардчилсан хүчний холбооны  ард Н.Энхбаяр байгаа гэх яриа байгаа. Ц.Батбаяр болон Ардчилсан хүчний холбооны гишүүн С.Эрдэнэтэй хамтарч ажиллаж байгаагийн хувьд ямар хариулт өгөх вэ?

-Хэнийх нь ард хэн нуугдаж байгааг, хэн нь хэний өмнөөс яриад  байгааг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байна. Тиймээс тодорхой хариулт өгч чадахгүй байна.

-Д.Зоригт сайдыг огцруулах асуудалд та туслах дүр бүтээж байгааг хүлээн зөвшөөрөх үү. Ц.Батбаяр гишүүн ч “Нөгөө хоёр маань санал тавьж орж ирсэн” гэж байсан.

-Гол санаачлагч нь Ц.Батбаяр гишүүн гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ гурван гишүүн өргөдөл өргөн барина гэдэг хууль зүйн хувьд хүчтэй. Хуулийн төслийг гурваас дээш гишүүн өргөн барьсан  тохиолдолд тавиас дээш хувь нь саналаа татаж байж хүчин төгөлдөр болно. Тэгэхээр Ц.Батбаяр гишүүн өргөдлөө татлаа гэхэд бид хоёрын санал хүчин төгөлдөр байна. Үүнийг Ц.Батбаяр гишүүн тооцсон эсэхийг мэдэхгүй.

-Та Д.Зоригт сайдтай уулзсан уу?

-Уулзаагүй. Олон удаа асуулга тавьсан. Албан бичиг ч олон явууллаа. Эхний үед их уриалгахан байсан. Сүүлдээ хойрго ханддаг боллоо. Асуултын хариуг хугацаанд нь ирүүлээгүй учраас УИХ-ын дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт ч хандаж байлаа. Д.Зоригт ерөөсөө ийм хэнэггүй хүн үү. Эсвэл ажлын хариуцлагагүй, зохион байгуулалт муутай хүн үү гэдгийг ойлгохоо болилоо.

-Танай нам дахь фракциуд хоорондоо “мөргөлдөж” байхад та чимээгүй байсан. Харин Д.Зоригтыг огцруулах саналд С.Эрдэнэ гишүүнтэй нэгдэж байгаагаар тань Ардчилсан хүчний холбоог дэмжиж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Би фракцид ач холбогдол өгдөггүй. АН нэг л бүлэгтэй байх ёстой гэж ойлгодог. Фракци, бүлэглэлийг зөв зүйл биш гэж дүгнэдэг. Намын үйл ажиллагааг сулруулах, удирдлагаараа тоглох зэргийг сайшааж байсангүй. Тиймээс фракци гэхээсээ илүү зөв зүйл ярьж байгааг нь дэмжээд явдаг. Намайг “Алтангадас”-ын хүн гэж нэг хэсэг нь үнэлдэг. Нөгөө хэсэг нь “Ардчилсан хүчний холбоонд орчихжээ” гэж хардаг юм билээ. Миний хувьд фракцид хатуу байр суурь баримталдаггүй.

-Танай намын ҮЗХ энэ сард хуралдах яриа байгаа. Хурлаар намынхаа даргыг солих тухай ярих болов уу?

-ҮЗХ намын даргын асуудлыг хэлэлцэх үндэслэл байхгүй. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр л намын даргын асуудлыг хэлэлцэхийг дүрэмдээ заачихсан.

-“Ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөн”-ийнхний ҮЗХ-оор намын их хурал хуралдуулах асуудал оруулах шаардлагыг Н.Алтанхуяг дарга хүлээж авсан. Их хурлаар намын даргын суудлыг ярина гэж зөвшилцсөн юм биш үү?.

-Их хурлаар намын даргыг баталгаажуулах тухай асуудал ярихыг үгүйсгэхгүй. Түүнээс намын даргыг огцруулах үндэслэл байхгүй. АН-ын түүхэнд намынхаа даргаар тоглох моод ч юмуу өвчин бий шүү дээ. Энэ толгойн “өвчин” 2000 оноос хойш зовоолоо. Харин намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ “өвчин” намжсан. Гэтэл өнгөрсөн зунаас өнөөх өвчин чинь хөдөлгөөнүүдийн тусламжтайгаар сэдэрсэн тал бий. 

-Д.Зоригт сайдыг огцруулах өргөдлөөс гадна УИХ-ын Дэгийн тухай хууль олны анхааралд байна. Гишүүд баярын сиймхийгээр сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхэд халдсан хууль баталчихжээ. Үүнийхээ үр дүнд сонины хоосон нүүр унших ямар санагдав?

-Их эвгүй юм байна. УИХ-ын дэгийн тухай тав, зургаан төсөл яригдаад байсан. Өнгөрсөн оны сүүлээр нэг төслийг нь хэлэлцэж байлаа.

Тэр үед би Д.Зоригтыг огцруулах өргөдөл гарга­чихсан. Бас НӨАТ-тай хол­боотой асуудалд ач холбогдол өгөөд тэр хуульд анхаарал хандуулсангүй. Анзаараагүй гэж ярьж болохгүй байх. Ер нь УИХ-ын Дэгийн тухай хууль батлагдаад л явчихсан. Хууль батлагдсаны дараа болохгүй юм хийсэн нь тодорхой байна. Иргэн хүн мэдээлэл авах эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан шийд­вэр болжээ. Тийм учраас хуулийг эргэж харах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа.

-Олон гишүүн ан­заа­раагүй, мэдээгүй гэх хариулт өгч байна. Тэгэхээр гишүүд хууль яаж баталдаг нь сонин байна?

-Эцсийн хэлэлцүүлэгт тийм заалт оруулсан байна гэж зарим гишүүн ярьж байсан. Үүнийг би нотолж чадахгүй. Байнгын хорооны хурлыг хэлэлцэж байгаа асуудлаас нь хамаараад хаалттай, нээлттэй байлгах юм байна гэж ойлгож байсан.

Гишүүд популизм хийдэг учраас хаалттай хуралдана гэдэг үндэслэл хэлж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хэн ямар асуудлаар яаж тоглоод байгааг иргэд мэддэг болсон үед ийм үндэслэл инээдтэй л сонсогдоно. Харин ажил хэрэгч байх талаас нь гэвэл бодох л зүйл. Гэхдээ ажлын хэсгийн хурал дээр ажил хэрэгчээр ярилцах боломж бий. Японд сэтгүүлчдийн ордог, гардаг хаалга, сурвалжилдаг өрөө зэргийг хязгаарласан байдаг. Иймэрхүү зүйл хийх гэж байгаад өнөөгийн бай­далд хүргэчих шиг боллоо. Ер нь сэтгүүлчид дуртай газ­раа сэлгүүцдэг явдал бий. Аль нь ажлын хэсэг, аль нь хэвлэлийнхэн гэдэг нь мэдэгдэхээ больчихдог. Үүнийг цэгцлэх үүднээс нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих шиг боллоо.

-Хууль санаачлагчдын нэг Ч.Сайханбилэг “Дэгийн тухай хууль хамгийн их өөрчлөгддөг хувьсамтгай хууль” гээд удахгүй өөрч­лөгдөхийг үгүйсгэхгүй гэж байсан. Тэгэхээр хаалттай ху­ралдааны цаана гишүүд өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаад байгаа юм биш үү. Ардын намын гишүүд  УИХ-ын сонгуулийг хуучин тогтолцоогоор нь үлдээх лобби хийсэн гэх яриа ч байна?

-Арай ч тэгж төрөөр тоглоогүй байх гэж найдаж байна. Манай намын бүлэгт л лав иймэрхүү зүйл яригдаагүй. Ийм зүйл ч ажиглагдаагүй.

-Ардчилагчид чө­лөөт хэвлэлийг хаасан хууль санаачиллаа. Бас Ардчилсан Ерөнхийлөгч хо­риг тавьсангүй. Ерөнхий­лөгчийг хориг тавибал дэм­жинэ гэж байсан гишүүд яах бол?

-Ерөнхийлөгчийг хориг тавибал УИХ хүлээж авах юм байна гэж ажиглаж бай­лаа. Гэтэл Ерөнхийлөгч хо­риг тавилгүйгээр УИХ-ын даргатай тохиролцлоо. Харин С.Эрдэнэ нарын гишүүд хэвлэл мэдээллийнхнийг байн­гын хорооны хуралд оруу­лахгүй гэх заалтыг түд­гэлзүүлэх хуулийн төсөл өр­гөн барих гэж  байгаа. Түүнд нь би нэгдсэн.

-УИХ-ын дэгийн тухай хуульд дахиад нэмэлт, өөрч­лөлт оруулна гэсэн үг үү?

-Болохгүй байгаа заал­туудыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх бүрэн эрх УИХ-д байгаа. Үүнээс гадна УИХ-ын Дэгийн тухай хуульд боломжийн заалт ч олон бий. Бодит байдалд нийцэхгүй хоёр, гурван заалтыг түдгэлзүүлж өөрчлөх ёстой. Тухайлбал, сэтгүүлчдийг Тө­рийн ордонд орох асуудлыг хуульчилсан байна лээ. Нас, хүйсээр нь ялгаварлаж байгаагаараа Үндсэн хууль зөрчиж байгаа. Нөгөө талаар аль нэг байгууллагын хийх ажлыг хуулиар зохицуулаад байгаа нь ойлгомжгүй хэрэг.

-Дэгтэй холбоотой хуу­лийн төслөө УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болсон уу?

-Ерөнхийдөө бэлэн болж байгаа. Ямар ч байсан сэт­гүүлчдийн эрхийг хааж бо­лохгүй гэдэгт гишүүд санал нэгдсэн байгаа. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Ажлын хэсэг алдаагаа зассан бол бид хуулийн төсөл өргөн барьж давхардуулах шаардлагагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж