Алдарт шүрэн Ольтрогууд аюулд өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Алдарт шүрэн Ольтрогууд аюулд өртжээ

Австрали улсад болж буй аймшигтай үер эх газрын хогийн ургамал, хортон шавьж устгах өндөр агууламж бүхий пестицидтэй шороо, шавар далай руу урсган оруулж байгаагаас болж, хүн төрөлхтөний өв хэмээн зарлагдсан Шүрэн Ольтрог арлуудын амьд ургамал, далайн амьтад сөнөх аюулд учирлаа гэж байгаль хамгаалагчид анхааруулж эхэлсэн байна.

Австралийн  зүүн талын далайн эргийн дагуу орших 345000 ам дөрвөлжин км талбай бүхий шүрэн саадыг хариуцсан Их шүрэн Ольтрогийн тогтоцын далайн Хүрээлэнгийн  эрх баригчид “Хөрсний нуранга үүсч, их хэмжээний бохирдсон ус далай руу цутган орж байгаа нь шүрэн ургамал гэмтэх, сөнөх аюул учруулж  байна” гэж мэдээлсэн ажээ.

Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар үерийн уршгаар шүрэн ургамал  сөнөж мөхөх аюулд учрах бөгөөд сөнөсөн тохиолдолд ердөө л цагаан өнгийн шохойжсон үхмэл чулуулаг болон хувирдаг аж.

WWF  Сангийн  мэдээлснээр сүүлийн 50 жилийн туршид болж байгаагүй энэхүү үер “ой модыг их хэмжээгээр тайрч устган хэт их хэмжээний малын бэлчээр бий болгосон болон газартай зүй бусаар харьцсны улмаас үерийн усыг бохирдолт ихтэй, үлэмжийн хор хөнөөлтөй болгосон бөгөөд шүрэн ургамал ноцтой гэмтвэл бүхэл бүтэн зуун жилийн турш сэргэж чадахгүй болно гэжээ.

Австрали улс загас агнуур, жуулчлал зэргийг эрчимтэй хөгжүүлж, Их шүрэн ольтрогуудаас жилд 5,4 тэрбум долларын ашиг олж байдаг юм байна.

Жич: Их шүрэн Ольтрогийг 1768 онд Английн далайчин Жеймс Кук нээсэн бөгөөд 2300 км үргэлжлэх 3000 шүрэн арлаас тогтдог ажээ. Сансрын уудмаас тодхон харагдаж байдаг далайн гүйхэн усан дор оршдог эдгээр шүрэн тогтоцод 400 гаруй төрлийн шүрэн ургамал, 1500 төрлийн загас, 4000 төрлийн далайн нялцгай биетэн амьдардаг байна.

Эх сурвалж: EUROPA PRESS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж