Цаг ирлээ, З.Алтай гишүүнээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Цаг ирлээ, З.Алтай гишүүнээ

“Цаг ирлээ” хэмээн УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшиж байсан сэтгүүлч бол З.Алтай. Үүргэвчээ тайлж УИХ-ын гишүүний сэнтийд залрахыг хүссэн түүний “Би мөнгө амлаж чадахгүй. Харин УИХ-д болж байгаа үйл явдлыг л иргэддээ үнэнээр нь хэлж чадна” гэсэн үг нь иргэдэд таалагдсан. З.Алтайг УИХ-ын гишүүнээр өргөмжилсөн иргэд дөрөв дэх засаглалыг хууль тогтоох засаглалд оруулах сонголтыг хийсэн билээ. ХХ зууны нэрт соён гэгээрүүлэгч М.Ядамсүрэнгийн ач, их зохиолч Д.Намдагийн зээ хүү З.Алтай анхны чөлөөт телевизийн захирал гэдгээрээ бахархдаг. Харин УИХ-д сэтгүүлчдийн төлөөлөл болон орсноос хойш МҮОНРТ-ийнхнийг төсвийн мөнгөөр тансаглаж байна, чөлөөт телевизүүдийн эдийн засаг хүнд байдалд байна гэдгээс өөрөө дөрөв дэх засаглалд нөлөөлөх үгийг тэр хэлсэнгүй. Сэтгүүлчдийн мэдээлэх эрхийг боомилсон УИХ-ын дэгийн тухай хуулийг батлахад ч дуугүй өнгөрснийг нь гайхмаар. “Найзууд аа, дөрөв дэх засаглалыг та нар боомилж чадахгүй” гээд хатуухан үг “ангийнхан”-даа чулуудчихсан бол түүнийг үзэг нэгт нөхөд нь хүндлэх байлаа. Гэхдээ хууль мөрдөж эхэлсний дараа “Би энэ хуулийг эсэргүүцэж байсан. Даанч ганцаардлаа” гэсэн нь үнэний ортой байж ч мэдэх. Харин алдаатай, хуумгай хууль баталсан алдаагаа олон гишүүн ухаарч байна. Зарим нь бүр парламентын алдааг засахаар хуулийн төсөл санаачилжээ. Тэдэнтэй нэгдэж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүрэг З.Алтай гишүүнд оногджээ. Яагаад гэвэл 30 шахам жил сэтгүүл зүйн гал тогоонд чанагдсан тэр л сэтгүүлч яаж ажлаа хийхийг мэднэ. Цаг ирлээ, З.Алтай гишүүн ээ.

Эх сурвалж:
“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж