Марксийг шүтэгч Конгрессийн гишүүнийг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Марксийг шүтэгч Конгрессийн гишүүнийг бууджээ

Конгрессвуман Гиффордст халдсан хэргийн давхцал
 
Аляскийн экс-захирагч Сара Пэйлин ээлжит дуулианыхаа төвд оров. Facebook сүлжээ дэх түүний хуудаснаа хэдэн сар “өлгөөстэй” байсан конгрессвуман Габриэль Гиффордсийг “буудах” гэсэн өгүүлбэрийнхээ төлөө тэрээр хариуцлага хүлээх болж байна.

Пэйлин өнгөрсөн жилийн гуравдугаар сард сүлжээний өөрийн хуудсандаа АНУ-ын газрын зургийг байрлуулан байны зургаар бүгд найрамдахчууд ардчилагч нарыг “устгах” тойргуудыг тэмдэглэсэн байв. Пэйлины “устгалд” орох ёстой байн дотор Гиффордс орсон байв. 

“Сенатор Жон Маккейн биднийг 2008 оны сонгуулиар дэмжсэн тойргуудыг төлөөлсөн, Барак Обамагийн Эрүүлийг хамгаалах шинэчлэлийг дэмжиж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд бид онцгой анхаарах болно” хэмээн Пэйлин уг зурагт тайлбар хийсэн байв. Пэйлиний хүсэл ийм эмгэнэлтэйгээр биелсний дараа тэрээр газрын зургаа сайтаас авч “Би Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын гишүүн Габриэль Гиффордс гэр бүлд болон Аризонагийн бусад хохирогчдод харамсан гашуудаж байгаагаа илэрхийлье. Тодд (Сара Пэйлины нөхөр) ба манай гэр бүлийнхэн бүгд хохирогчид ба тэдний гэр бүл мөн энх тайван шударга ёсны төлөө залбирч байна” гэж экс-захирагчийн мэдэгдэлд өгүүлсэн байв. Гэсэн ч тэр мэдэгдэл нь олон хүний зүгээс гарч байгаа Пэйлиний хүчирхийлэлд уриалан өдсөн гэх хилэнг намжааж чадсангүй.

Үүгээр гунигтай давхцалт дуусангүй. Гиффордс тухайн цагт Пэйлиний газрын зурагт сэтгэгдлээ гарган “Ийм зүйлийг хийж буй хүмүүс үр дагаврыг нь ухаарах хэрэгтэй” хэмээн хэлж байжээ.

Гиффордсийг “хар жагсаалтад” оруулсон Эрүүл мэндийн шинэчлэлийг ирж буй долоо хоногт Конгрессаар дахин авч хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч Төлөөлөгчдийн танхмын спикер Эрик Кантор энэ эмгэнэлт хэргийн дараа уг асуудлыг хойшлуулснаа мэдэгдсэн байна.

Бас нэг төстэй зүйл байна. Гиффордс өөрөө улс төрийнхөө карьерын явцад америкчууд буу эзэмших хэрэгтэй гэж тэмцэж ирсэн билээ. Тэрээр буу зэвсгийг эзэмшиж чадна гэдгээ нэг биш удаа ярьж байлаа.

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд Аризона мужийг төлөөлөн суугаа Ардчилсан намын гишүүн Габриэль Гиффордс (Gabrielle Giffords) Тусон хотноо сонгогчидтойгоо уулзах үеэр буудуулан хүнд шархадлаа. Энэ  хэргээр зургаан хүн үүний дотор түүний туслахууд амь үрэгдэж, 13 хүн шархадсан байв.

Хагас автомат гар буугаар хэдэн зуун  хү­ний нүдэн дээр конгрессвуменыг нэгэн эрэгтэй буудсан. Хэргийн газар баривчлагдсан түүнийг хожим 22 настай Жаред Лохнер гэж цагдаагийнхан тогтоожээ.

Толгойдоо шархадсан Гиффордсийг нис­дэг тэргээр орон нутгийн их сургуулийн эмнэ­лэгт авчран яаралтай мэс засалд оруулсан байна. Одоо конгрессийн гишүүн эрчимтэй эмчилгээний тасагт байгаа ба эмч нар түүний биеийн байдлыг маш хүнд гэхдээ найдлагагүй биш гэжээ. Аризона мужийг төлөөлсөн конгрес­сийн гишүүн хэсэг хугацаанд ухаан оржээ. Тус эмнэлгийн эмч Питер Ри (Peter M. Rhee) гишүүний биеийн байдал засрах эсэх нь одоогоор хэлэх аргагүй, гэхдээ ер нь бол нааштай байна гэсэн юм. Тэрбээр нөхрийгөө таньж, эмч нарын зааврыг ойлгон биелүүлсэн гэнэ. Өмнө мэдээлж байснаар сум чамархайгаар нь орон духаар нь гарсан ажээ. Эмчийн хэлснээр сумны хэлтэрхий тархинд нь үлдээгүй гэнэ. Уг эмнэлэгт буудлагад шархадсан есөн хүнийг авчирснаас есөн настай охин шархаа даалгүй өнгөрсөн байна. Өөр нэг эмнэлгийн эмч байдал түүний биеийн байдал нь шарх ба мэс заслын дараах тархины хавангаас хамаарна гэлээ. Гар бууны суманд шархадсан нь тархины хаванг хүчтэй болгохгүй биз гэж тэрбээр хэлэв. Учир нь сумны хурд бага учраас шарх тархийг ноцтой гэмтээгээгүй байх хэмээн эмч хэлээд гэмтсэн тархины сэргээлт тогтворжтол жил хагас хэрэгтэй байдаг учир түүний дараа л Гиффордсийн биеийн байдал тодорхой болно гэсэн байв.

Нэрээ нууцлах шаардлага тавьсан засгийн төлөөлөгч “Лохнер эхний байцаалтаар ганцаараа хэргийг үйлдсэн” гэж хэлжээ. Гэсэн ч тойргийн шериф Пима сэтгүүлчдэд гэмт хэрэгтний хамсаатан цагдаа байсан гэж үзсэн ба одоо түүнийг хайж байна гэжээ. Зарим мэдээгээр хамсаатан нь 50 орчим насны цайвар үстэй хүн гэнэ. 

Лохнер үг хэлж байсан Гиффордсийн араас очин түүнийг буудаад барьж автал нь буудлагаа үргэлжлүүлжээ.  

Гийж байсан од

Гиффордс Аризона мужийн өмнө хэ­сэгт байдаг Тусон хотноо сонгогчидтой  супермаркетад уулзалт хийж байлаа. Аризона­гийн наймдугаар сонгуулийн тойргоос 40 настай улстөрч Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон байв. Сансрын нисгэгч Марк Келлийн эхнэр юм.

Гиффордс нь Конгрессийн хэд хэдэн хороо түүний тоонд Зэвсэгт хүчний болон Гадаад бодлогын хорооны гишүүн.

Гиффордс нь намын “гийж байсан од” ба ирээдүйд Сенатад мужийг төлөөлөх хүсэлтэй байсан гэж орон нутгийн Ардчилсан намын салбарын дарга Жефф Рожерс мэдэгдэв.

Ерөнхийлөгч Обама Вашингтон хотноо хэвлэлийн бага хурал хийлгэнэ богино мэдэгдэл уншив. Тэндээ Гиффордсийг хувийн найз гээд эдгэрнэ гэх найдлагаа хэлжээ.

Системийг шүүмжлэгч

Цагдаа нарын тогтоосноор Лохнер хэрэг болсон газраас таван минут машинаар явах зайд амьдарч байсан гэнэ. Халдлага хийхийн өмнөхөн тэрбээр өөрийн видео  бичлэгийг блогтоо тавин найз нөхөдтэйгээ салах ёслол хийн өөртөө “уурлахгүй байхыг” гуйсан байлаа.

Өөр нэг бичлэгт тэрээр ерөнхийлөгч Барак Обамаг “Ард түмний тархийг угааж байна” гэж шүүмжилжээ. Тэр өөрийгөө “цэргийн шинэ дайчин” гээд дуртай номоо Гитлерийн “Майн Кампф” ба  Маркс, Энгельсийн “Эв хамт намын тунхаглал” гэсэн байв.

“Хэрэг хариуцах чадвартай, харин санаа бодол нь эрүүл биш” гэж шериф Кларенс Дупник гэмт хэрэгтний талаар өгүүлсэн байв. Лофнерийн хамт тавиад насны хүнийг хэрэгт сэжиглэж байна. Тэрбээр хэрэг үйлдэлд оролцоогүй ч гэмт хэргийг турхирсан байж болзошгүй гэнэ. Хамгийн сүүлчийн мэдээгээр тэр хүнийг олсон бөгөөд тэрээр хөлсний тэрэгний жолооч бөгөөд хэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдсон байна.

Ерөнхийлөгч Барак Обама хэрэг болсон газар луу Холбооны мөрдөх товчооны захиралыг илгээн мөрдөн байцаалтад хяналт тавиулаар болсон байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж