
Иймэрхүү дүр зураг Германы баруун өмнөд нутагт харагдлаа. Ихээхэн цас орсны дараа тэнгэр дулаарч цас хайлан гол мөрөн савнаасаа хальж эхлэв. Хэдэн хотын голын эрэг усанд автсан байна. Баварийн төвд авто зам хаагджээ. Кобленц хотод сүүлийн 10 жил байгаагүй үер болж буй гэнэ.
Герман, Бельги, Голланд ба Францын хэдэн зуун суурин хаагдан зөвхөн завиар л явж болж байна. Рейн мөрөнд цутгадаг Мозель голын байдал хамгийн эрсдэлтэй байна. Францын зүүн хойд хэсгийн дөрвөн районд байдал хүндэрч байгаа учир хүмүүсийг аюулын бүсээс нүүлгэж байна.
Австралийн үерт нэрвэгдсэн Квинсленд мужийн дэд бүтцийг сэргээхэд хэдэн жил хэрэгтэй гэж үерийн үр дагаврыг арилгах штабыг толгойлж байгаа хошууч генерал Мик Слейтер (Mick Slater) хэлсэн байна. Сүүлийн мэдээгээр үеэрт есөн хүн амиа алдаж, 200 мянган хүн усанд автсан нутагт байна. Уг мужид нүүрсний уурхайн 75 хувь нь хаагдсан учир дэлхийн зах зээлд нүүрсний үнийг өсгөжээ. Мужийн 22 хот усанд живсэн байв.
Хятадын баруун өмнө хэсэгт цаг агаар хүйтэрсний улмаас усан бороо дахин орж, эдийн засгийн хохиролын хэмжээ нь нэг тэрбум юань болжээ. Ойрын хэд хоногт тэнд дулаарахгүй төлөвтэй байна.
Энэтхэгийн хойд нутгаар хүйтэрсний улмаас манантай, агаарын хэм 0 градус хүрчээ. Нийт далаад хүн осгож амиа алдсан байна.