
“Уран хас” балетын вальсийн хөгжмийг мэдэхгүй монгол хүн гэж бараг үгүй биз. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор симфони найрал хөгжим эгшиглэлээ. Цаанаа л хүчирхэг, сэтгэлд дотно монгол аялгуу. Хөгжим эгшиглэж, симфони найрал хөгжимчид, монголчуудын танил балетын удиртгал хөгжмийг тоглоход үзэгчдийн сэтгэл маш их хөөрсөн байсан. Бүх үзэгчид симфони найрал хөгжимчдөд халуун алга ташилтыг илгээж байв. Хэдий өмнө нь “Уран хас” балетыг үзэж байсан ч энэ өдөр анх удаа үзэж байгаа юм шиг, шинэ мэдрэмжийг авах шиг. Симфони найрал хөгжимчид үнэхээр “мундаг” байсан гэдгийг хэлмээр байна. Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун агсан хөгжмийн зохиол бичсэн 20 гаруй жилийн туршлага найрал хөгжмийн ухааныг сайтар эзэмшсэн туршлагадаа тулгуурлаж 1973 онд энэхүү “Уран хас” балетын хөгжмийг бичсэн гэдэг. Тиймдээ ч Ж.Чулуун агсны авьяас билгийг тал бүрээс нь нээсэн онцгой бүтээл нь болсон ч гэдэг юм. Энэ бүтээл нь ардын домогт үндэслэж ард түмний мэргэн цэцэн ухаан шинийг хүсэн тэмүүлэгч, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг хурцаар ёгтлон харуулж, үндэсний хөгжмийн аяс намбыг түшиглэсэн сонирхолтой арга дүрслэлтэй, хөгжим бүжгийн сайхан нийцэл зохицлоор бүтсэн зохиол гэдгээрээ онцлог. Ж.Чулуун агсан манай анхны нэрт хөгжмийн зохиолч, төдийгүй, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэн байгуулагчдын нэг, гарамтай удирдаач юм. Симфони оркестр бүрэн төлөвшөөгүй, нэг хэсэг үндэсний найрал хөгжимд цөөвтөр европ хөгжим хослуулсан оркестрын бүрэлдэхүүнтэй байхад Ж.Чулуун агсан үндэсний ёочор, цохивор хөгжмүүд, Европын хийл хөгжмийг нэгэн зэрэг тоглодог байсан гэдэг. Энэ агуу зохиолчийн “Уран хас” балетын аяз театрт суугаа үзэгчдийн сэтгэлийн хөөрлийг дээд цэгт хүргэсэн.
“Уран хас” балет нь уран гартай Хас хэмээх залуугийн тухай өгүүлдэг. Үйл явдал нь тун энгийн. Уран гартай Хас ивээл, ивээлээр бүждэг арван хоёр жил бүхий эрдэнийн цаг урлаж, эхний зургаан жилийг танилцуулж байтал хошуу ноён бараа бологсдын хамт түүнийг Хүрээ рүү авч явна. Нутагтаа уран Хас нэрээр алдаршсан түүнийг хошуу ноён өөрийн урланд аваачин, хүүхэлдэй хийхийг даалгана. Хас ноёны даалгасан хүүхэлдэйг хийхийн хажуугаар өөрийг нь дээрэлхэх гээд байдаг дэггүй банди нарыг чадах Лүдийн багийг хийв. Ноёны даалгасан хоёр хүүхэлдэйг Хас богино хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд ноён аргал түүж буй хүүхэлдэйн үзүүлбэрийг таалж, Хасыг шагнаад хүүхэлдэйгээ авч явна. Энэ үед дэггүй банди нар Хасын шагналыг булааж авахаар түүнийг дээрэлхэхэд Хасын найзууд тусална. Энэ үеийн бүжиг нь үнэхээр хөгжилтэй. Дэггүй лам банди нар зодолдох биш нүдээ анин хоёр гараараа савчин дайрахаас өөр юу ч хийж чадахгүй, яг цохих гэхээр айж зугтаагаад танхимд суугаа үзэгчдийг харин ч нэг сайхан инээлгэдэг. Хас хүүхэлдэйгээ хийж дууссан учир нутаг буцаж сэтгэлт бүсгүй Хандармаа болон ээж, нутгийнхандаа арван хоёр жилийнхээ үлдсэн зургаан амьтанг танилцуулж бүгд баяр хөөртэй, аз жаргалтайгаар балет төгсдөг.
“Уран хас”-ын дахин ийнхүү тайзнаа амилан үзэгчдийнхээ сэтгэлийг догдлууллаа. Тиймээс түүнийг амилуулсан нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Нэрт хөгжмийн зохиолчийн бидэнд бэлэглэсэн үүрдийн бэлэг мартагдамгүй, давтагдашгүй сайхан байлаа.
М.Дөлгөөн