Суут Моцартын гайхамшигт төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Суут Моцартын гайхамшигт төрсөн өдөр

Дуурь бүжгийн эрдмийн театр өнгөрсөн амралтын өдөр 2011 оны анхны тоглолтоо  суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойд зориулан нээлээ. Агуу Моцартын төрсөн өдөрт зориулан түүний хүн төрөлхтөнд бэлэглэсэн сүүлчийн бүтээл  “Увидаст лимбэ” дуурийг тайзнаа амилуулсан юм. Амьдралынхаа туршид нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Венн хотод тоглож байжээ. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх монгол хэл дээр тоглож байсан аж.  Харин 2006 онд тус дуурийг манай дуурийн  тайзнаа анх удаа төрөлх  герман хэл дээр тоглосон.

Энэ удаад тус дуурийг дохихоор Германаас Моцартын Дортмундын оркестрыг үүсгэн байгуулагч, удирдаач Феликс Рейманн  хүрэлцэн ирсэн билээ. 46 настай удирдаач маань 38 жил зөвхөн Моцартын уран бүтээлийг тоглож, үүнээс 20 жилд нь Моцартын уран бүтээлийг удирдан дохиж байгаа авьяаслаг лимбэчин, удирдаач юм. Феликс Рейманн  2000 онд алдартай солистууд болон удирдаачидтай  хамтран Дортмунд хотод Амадейн нэрэмжит оркестрыг үндэслэн байгуулсан. Хятад болон Италид тоглосон концертууд нь түүнд олон улсын хэмжээний алдар нэр авчирсан.

 Феликс Рейманн Италийн хүүхэлдэй тоглуулагч Катерина Витиеллотой хамтран хүүхэлдэйн дуурийн төрлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.  Тэрбээр 2005–2008 онд  В.А. Моцартын “Фигаро гэрлэсэн нь”, “Увадист лимбэ” зэрэг дуурийг Ромын филармонитой хамтран тавьж байжээ. Рейманн 2008 онд Америкийн  Nashville Chamber Orchestra-ыг удирдаж байсан бөгөөд 2009 онд San Remo –д болсон концертод мөн урилгаар очиж удирдаж байлаа. Тэрбээр манай театрын хамт олны тавьсан “Увидаст лимбэ” дуурийн тоглолтын бичлэгийг анх үзээд тайз засал болон оркестрын чадварыг гайхаж  Монголд ирж хамтран тоглох хүсэл төрсөн гэдэг.  Үерманы удирдаач Феликс Рейманн  маш бага хугацаанд буюу ердөө л долоо хонгийн дотор манай дуурийн хамт олонтой гар нийлэн ажиллаж “Увидаст лимбэ” дуурийг үнэхээр гайхалтай амьдруулсан юм.

Мөн Моцартын Дортмундын оркестрыг үүсгэн байгуулсан менежер, хөгжимчин Jahonnes Hobbing симфони оркесторын хамт энэ үдшийг хөглөлөө.

Дуурь бүжгийн эрдмийн театр Германы Дортмундын оркестртой  2014 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хамтын ажиллагааны хугацаандаа суут Моцартын дахин нэг шинэ дуурийг тавих төлөвлөгөөтэй байгаа аж.
Дэлхийн ард түмний шүтэн биширдэг “Увидастай гайхамшигтай дуурь” ийнхүү дуурийн тайзнаа эгшиглэлээ.

Тайзнаа В.А.Моцартын гайхамшигт аялгуу эгшиглэн цагаан даашинзтай тэнгэрийн гурван элч гарч ирэн удардаачид хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслоход тайзны голд улаан хүрэмтэй, эрхэм хүндэт төрсөн өдрийн эзэн Моцартын хөргийг залсан байлаа.

Энэ үдэш  Зарастрогийн дүрд Ч.Чинзориг, Харанхуй хатанд Ө.Уянга, ханхүү Таминод Ц.Доржсүрэн, Памина гүнжид Н.Туяа, шувууны гөрөөчин Папагенод Ц.Баттөр Папагеоны гэргий Папагенад Ш.Наранчимэг, хаан Зараострогийн Моностатост Г.Шижирболд, хааны шадар мэргэнд А.Сайнбаяр, эмгэнд Б.Цэрэнханд нар тус, тус тоглосон. Дуурийн театрын залуу чадварлаг сопран, Ө.Уянга өмнө нь тус дуурьт Харанхуйн хатны охин гүнж Паминагийн дүрд тоглож байсан бол энэ үдэш Харанхуйн хатан хааны сүр хүчит дүрийг чадварлаг амилуулж, уг дуурийн хамгийн анхаарал татам алдарт хоёр ариг бахархмаар дуулж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн алга ташилтаар харамгүй шагнуулсан.

Мөн удирдаач Феликс Рейманн  энэ дуурийг гайхамшигтай чадварлаг дохисон. Түүний сэтгэл хөдлөл, эрч хүч нь хөг аялгуу бүрээс мэдрэгдэж байлаа.  Тэрбээр дуурьтаа ууссан байлаа. “Увидаст лимбэ” дуурийн ари бүрийг даган дуулж бүгдийг дохиураараа цогцлоон байсан энэ л үдэш түүнийх байсан гэхэд маргах хүн үгүй биз ээ.

Герман хэл дээр бичигдсэн энэхүү дуурь нь “singspiel” буюу дуулалт жүжиг гэсэн ангилалд хамаардаг ажээ. Энэ жанр нь харилцан яриа ихтэй, хөгжим, үг яриа хосолсон хэлбэр юм. Тийм болохоор дуучдаас драмчилсан жүжиглэлт илүү ихээр шаарддаг. Шувуу намнаач Папагеногийн дүрд тоглосон дуучин Баттөр энэ үдэш дуурийн дуучинд зайлшгүй байх ёстой чадвар болох жүжиглэх авьяасаа тод томруун нотлон харуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байлаа.

Хаан хүү Таминогийн адал явдал, хайр сэтгэл, түүнийхээ төлөө тэмцэх эр зориг, тэвчээр, түүний шинэхэн анд Папагеногийн хөгжилтэй дүр төрх, эхэндээ сайн хүн мэт ханхүүд тусалдаг Харанхуйн хатан хаан сүүлдээ хэрхэн хувиран өшөө хорслоор буцалж буйг  болон Памина гүнжийн энэрэнгүй зөөлөн сэтгэлийн тухай эл дуурьт өгүүлдэг. Хаан хүү Тамино, гүнж Паминагийн  хайр дурлал аз жаргалтайгаар “Увидаст лимбэ” дуурьт төгсдөг. Өмнө нь Монголын тайзнаа “Увидаст лимбэ” эгшиглэж байсан ч цуут Моцартын төрсөн өдрийн тоглолт илүү  гайхамшигтай байлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж