Жолооч нар микро автобусаа шатаана гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Жолооч нар микро автобусаа шатаана гэв

Орхон аймгаас ирсэн “Арвин шар зам” хоршооны 30 гаруй жолооч өчигдөр Авто  тээврийн газрын өмнө жагсч хонолоо. Өчигдөр тэд 10.00 цагаас эхлэн  Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны гадаа жагссан. Энэ үеэр өөрсдийг нь бүтэн гурван жил  чирэгдүүлсэн Нийтийн тээврийн газрын дарга Н.Батбаатар, хүний нөөцийн албаны дарга н.Баясгалан нарыг огцруулах шаардлагыг салбарын яамны холбогдох албаныханд тавьжээ. Харин яамны холбогдох хүмүүс “Энэ талаар огт мэдээгүй. Сайд одоогоор байхгүй байгаа тул ирэнгүүт нь үүсээд байгаа асуудлыг танилцуулах болно” гэсэн аж.  Жагсагчид “Хэрвээ шаардлагыг нь биелүүлэхгүй бол маргааш өглөөнөөс эхлэн Барилгачдын талбайд микроавтобусаа нэг нэгээр нь шатаана” гэж мэдэгдсэн ч тэднийг Авто тээврийн газарт очиж асуудлаа шийдвэрлэхийг яамныхан санал болгожээ. Тиймээс жолооч нар өчигдөр 12.00 цагийн үед Авто тээврийн газарт очин Газрын дарга Б.Цэнгэл, Орлогч дарга Н.Пунцаг нартай уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар харилцан ярилцав. Гэвч тэд эцсийн шийдэлд хүрээгүй тул  жолооч нарыг “Удахгүй хариу өгнө түр гарч бай” гээд хуралдаад үлджээ. Жолооч нар нэгэнт холоос ажлаа бүтээх гэж зорьж ирсэн учир тус байгууллагын гадна нааштай хариу гартал хүлээж хонохоор болжээ. Харин өнөөдөр нааштай хариу өгөхгүй бол Авто тээврийн газрын өмнөх талбайд микроавтобуснуудаа шатаахад бэлэн байна гэж  тэд мэдэгдэж байв.
 
“Арвин шар зам” хоршооны захирал Х.Баяраа:

Бид хамтарч хоршоо байгуулан 2003 оноос Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд ний­тийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан. Гэтэл 2008 оны зургадугаар сараас эхлэн нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийг олгоогүй. Тиймээс Авто тээврийн газарт тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтээ гаргасан боловч өдийг хүртэл авч чадаагүй.  Авто тээврийн удирдах газраас тусгай зөвшөөрлийг тендер зарлаж хуулийн дагуу олгоно гэчихээд хуулиа зөрчин Улаанбаатар хотын компанид тендерийг өгсөн гэж үзэн бид эсэргүүцэж байна. Аливаа зүйлийг зах зээлийн хуулиар шийдвэрлэхдээ хууль зүйн хүрээнд тендер, сонгон шалгаруулалтыг  ил тод шударгаар явуулахгүй байна. Бид энэ талаар ЗТБХБЯам болон Авто тээврийн газрын удирдлагуудад удаа дараа хандсан боловч  ямар ч шийдэлд хүрэхгүй байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгохгүй бол  өөрсдийн хувийн эзэмшлийн  тээврийн хэрэгсэлийг Авто тээврийн газрын үүдэнд нэг цаг тутамд нэг нэгээр шатаах болно.

Тус хоршооны жолооч С.Цэрэннадмид:

Бид төр засгаас ажлын байр, өнөө маргаашийн идэх хоол гуйгаагүй. Зөвхөн өмнө нь явдаг байсан хот хоорондын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл л хүсч байна. Бүтэн гурван жил биднийг чирэгдүүлж, өдийг хүрлээ. Үнэхээр бидний үйлчилгээ шаардлага хангахгүй байгаа бол ингэж жагсаал цуглаан хийхгүй. Бид ном журмын дагуу татвараа төлж, зорчигчдын аюулгүй байдалд анхаарч ажилладаг байсан. Гэтэл тус чиглэлд хотын нэгэн компани тендерт ялж, том оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх болсноос хойш биднийг сард нэг л удаа нийтийн тээвэрт явах эрх олгосон. Энэ нь бензин түлш, амьдралын өр­төг нэмэгдсэн үед хангалтгүй байна. Түүнээс гад­на биднийг микроавтобусаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн мэдэгдэл өгвөл бид нийлээд хэдэн том оврын автобус авах боломж бий.

18.00 цагийн үед Авто тээврийн газрын үүдэнд жагсч буй жолооч нартай эргэн холбогдоход “Удахгүй хариу өгнө, гадаа хүлээж бай” гэсэн дарга нар унаандаа суугаад явчихлаа. Гэсэн ч бид тусгай зөвшөөрөл авахаар нийслэлд ирсэн учир эндээ микроавтобуснуудаа жагсааж, хононо. Өдөр тус байгууллагын эргэн тойронд аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гээд олон цагдаа орж гарсан хүмүүсийг бүртгээд шалгаад байсан. Одоо бүр олуулаа болчихлоо. Магадгүй биднийг ингэж байгаад хөөж явуулах үүрэг авсан бололтой. Гэхдээ бид юу ч болж байсан нааштай шийдвэр авахгүй бол микроавтобусаа шатаана гэж тогтсон хэвээрээ байна” гэв.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж