Виз хүссэн материалыг авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Виз хүссэн материалыг авч эхэллээ

Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт БНСУ-ын  ЭСЯ-аас  ойролцоо  байрлах “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-ийн байранд өчигдөр 10.40 цагийн үед биднийг  очиход олны хөлд дарагдсан угтав.  Энд ирсэн хүмүүс Өмнөд Солонгос руу зорчих   виз хүссэн материалаа тус төвөөр дамжуулан БНСУ-ын ЭСЯ-нд  өгөхөөр  дугаарлаж  байгаа юм. Учир нь  БНСУ- ын ЭСЯ-наас   өнгөрсөн долоо хоногт  “Виз хүссэн  иргэдийн ая тухтай байдлыг хангах, визний тогтолцоог сайжруулах зорилгоор  материал хүлээн авах ажлыг төлөөлөн удирдах байгууллагаар дамжуулан авахаар тогтлоо” гэж   мэдэгдсэн билээ.  Тодруулбал, өмнө нь  монголчууд виз хүсэх  материалаа Элчин сайдын яаманд өөрсдөө хүргэж өгдөг байсан бол одоо иргэд  “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “ Хан Мон Лоу” товчоо зэрэг гурван байгууллагаар дамжуулан   Өмнөд Солонгосын ЭСЯ-нд өгөх болсон байна.  Бид өчигдөр “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”-ийн байранд очиход  тэднийх  ЭСЯ-тай ойролцоо учир  мэдээлэл авах,  материалаа өгөхөөр  ирсэн хүмүүсээр  хүлээлгийн танхим  дүүрсэн харагдав. Зарим нь виз хүсэх материалд  өөрчлөлт орсон эсэхийг лавлахаар дугаарлаж байгаа харагдана. Энэ төв  09.00 цагаас 18.00 цаг хүртэл ажиллах гэнэ. Өчигдөр өглөөний байдлаар 20 дугаар тараасан байв. Тус төвийн тэргүүн Б.Лхагваагаас визний материал хүлээн авах ажлын талаар мэдээлэл авлаа.
Визний материалаа иргэд 24 цагаар өгч болно

-Танай төвд үйлчлүүлэхээр ирсэн иргэд олон байна. Өглөөнөөс хойш хэдэн хүний визний материал хүлээн авсан бэ?

– Манай төв иргэдийн виз хүссэн материалыг өнөөдрөөс / өчигдөр/  хүлээн авч эхэлсэн. Одоогоор 16 хүний материал хүлээн авлаа. Иргэдэд хүндрэл учруулахгүйн  тулд  24 цагаар  ажиллах төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл,  манай төвд ажлын цагт   визний материалаа өгч амжаагүй иргэд шөнийн цагаар нь хандаж болно.

-Визний материалаа өгсөн иргэд эргээд танайхаас хариугаа авах уу. Иргэдийн визний материалыг өдөртөө ЭСЯ-нд хүргэх боломжтой юу?

-Өглөөний 09.00 цагаас оройн 17.00 цагийн хооронд виз хүссэн материалаа иргэд өгч амжвал тухайн өдөртөө БНСУ-ын ЭСЯ руу хүргэнэ.  Ажлын цагаас хойш материалаа өгсөн бол маргааш нь хүргэнэ. Хариугаа манайхаас авна. Одоогоор манайх хоёр бүртэгч, нэг зөвлөгөө өгөх хүн нэг, орчуулагч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Өмнө нь мөрдөж байсан журмыг өөрчилснөөр виз хүсэх материал нэлээд хялбаршсан гэсэн үү?

– Журам бол нэлээд өөрчлөлт орсон байна лээ.  ЭСЯ-аас бүрдүүлэх материалын шинэчилсэн жагсаалтыг манайд өгсөн. Түүнээс харахад  өмнөх материалтай харьцуулахад нэлээд багасч цэгцэрсэн байна. Ялангуяа эмчилгээ,  жуучлал, биенесийн шугмаар зорчигчдын бүрдүүлэх материалд өөрчлөлт  орсон.  Жишээ нь өмнө нь аялал жуучлалаар зорчих  хүмүүс   арав гаруй материал бүрдүүлдэг байсан бол хасагдаж  гурав болсон.  Өмнө нь виз авч байсан  хүмүүс цагдаагийн газрын тодорхойлолт,  хорооны оршин суух тодорхойлт дахин  бүрдүүлэх  шаардлагагүй болсон гэх мэтчлэн нэлээд  шинэчилсэн  байна лээ.

-Иргэд хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ?

-ЭСЯ-наас зөвшөөрөл өгөхдөө иргэдийн визний материалыг хүлээн авсан хураамжинд 5000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар  гэрээ хийсэн. Тэгэхээр гэрээний дагуу ажиллана.

Материал хүлээн авах ажлыг энэ байгууллага  шинээр эхлэн хийж байгаа учраас   ажилтнууд болон иргэдийн дунд  ойлгохгүй, хүндрэлтэй асуудал гарч байгааг тэргүүн нь үгүйсгэсэнгүй.  Энэ үеэр материалаа өгөхөөр дугаарлаж байгаа  үйлчлүүлэгчийн саналыг  сонслоо.

Ц.Жүгдэрнамжил / Баянгол дүүргийн харьяат/

-Та ямар  визний материал бүрдүүлж өгөв. Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар материалаа дамжуулж өгөх болсон  талаар ямар бодолтой байна вэ?

-Төлөөлөн удирдах байгууллагаар дамжуулж материалаа өгөх нь илүү хялбар болсон  шиг санагдлаа. Өмнө нь ЭСЯ-ны гадна зогсч хүлээх нь хүйтний улиралд хэцүү байсан бол өөрчлөлт орсноор хялбар болжээ.  Миний хүү Пусанд барилгийн инженерээр сургууль төгсч байгаа юм. Тэгээд ээж нь урилгаар  зочлох болсон учраас аяллын виз хүссэн материал бүрдүүлж өглөө. Үүнд ажлын газрын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр, урилга, гэрлэлтийн баталгаа, банкинд байршуулсан мөнгө зэрэг  материал шаарддаг юм байна. Өмнө нь  жуулчны, аяллын виз авахад  банкинд байршуулсан мөнгө 5000 ам.доллар байсан бол одоогийн журмаар 3000 ам.доллароос багагүй байхаар заасан гэнэ.

 Иргэдээс визний материал хүлээн авч буй хоёр дахь байгууллага болох Солонгос захиралтай “Хан Мон Лау” Хуулзүйн товчоо мөн өчигдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Бид тус товчооны орчуулагч Б.Алтанзултай уулзаж мэдээлэл авлаа. Дээрх товчоогоор өчигдөр  үйлчлүүлж буй иргэд харьцангүй цөөн байлаа.
 Иргэдээс 3000 төгрөгийн хураамж авна

-Танайх өдөрт хэчнээн иргэдээс виз хүссэн материалыг хүлээн авах боломжтой вэ?

-Манай товчоо Баянзүрх дүүрэгт байрлах Бридж грүппийн байрны 410 тоотод  үйл ажиллагаа явуулж эхэллээ.  Бид иргэдээс  материал хүлээн авч ЭСЯ-нд хүлээлгэн өгнө. Хариуг нь  14 хоногийн дотор иргэдэд  өгөх зэрэг  үндсэн гурван үүрэгтэй ажиллана.  Мөн  иргэдэд шаардлагатай зөвөлгөө өгөх, орчуулгын төв  ч ажиллаж байна. Одоогоор 20 гаруй хүний материал аваад байна. Виз хүссэн материалын хураамжинд иргэдээс 3000 төгрөг  авч байна   Иргэд манай товчоонд  09.00 цагаас 17.00 цаг хүртэл   ирж үйлчлүүлэх боломжтой. Одоогоор орчуулагч, хүлээн авагч, орчуулгын товчоонд нийт 10 гаруй ажиллаж   байна.  Иргэдээс  визний материалыг  ажлын цагаар хүлээн авч өдөрт нь   ЭСЯ-нд хүлээлгэн өгнө.

-Манай улсын иргэдийн  тухай хувийн мэдээлэл  танай товчоонд төвлөрнө.  Тэгэхээр хувь хүний тухай мэдээллийн нууцыг хадгалах талаар яаж зохицуулах вэ?

-Хувь хүний талаар мэдээллийг нууцыг хадгалах талаар бид ярилцсан. Тухайн виз хүссэн хүний  мэдээллийг гадагш гаргахгүй байх талаар журам боловсруулсан. Журмын дагуу  хяналт тавьж ажиллана.

-Мэдээлэл алдагдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлэх үү?

-Энэ талаар нарийвчилж  боловсруулсан  зүйл алга.
Тус товчоонд визний материалаа өгөхөөр хүрэлцэн ирсэн Баянгол дүүргийн иргэн Г.Эрдэнэбилэг “Урилгаар, богино хугацаанд БНСУ- руу  зорчих визний материалаа энэ товчоогоор дамжуулж өгсөн.  Өмнө нь виз хүсэх матерал бүрдүүлэх гэж хэд хэдэн газраар ордог байсан бол одоо зөвлөгөө авах, орчуулга хийлгэх зэрэг материалыг  нэг дороос авч болохоор болсон байна. Энэ товчоо зохион байгуулалт сайн байна. Ямар нэгэн ойлгомжгүй асуудлаар шууд эндээс зөвөлгөө авах  боломжтой  юм байна” гэж байлаа.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж