”Улаан луу”-ны довтолгоон

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

”Улаан луу”-ны довтолгоон

БРИК-ийг БРИКС болгосон нь
 
Дэлхийн хэвлэл мэдээллийн гол урсгалууд он гарангуут Хятад улс гадаад харилцаандаа өргөн фронтоор дайралт хийж эхлээд байна гэж ар араасаа дуугаа авалцан мэдээлж эхлэв. Ингэж шуугих болсон шалтгаан нь оны эхнээс дэлхийн улстөр-эдийн засгийн нөлөө бүхий бүсүүдэд Хятадын удирдлагуудын дээд хэмжээний айлчлал ээлж дараалан товлогдож мөн харилцааны шинэ чиглэлүүд бий болсноос үүдэлтэй аж. Үнэндээ бол шинэ хуучин хоёр оны босгон дээрээс  олон улсын харилцаан дахь “улаан түрэлт” эхэлж үр нөлөө нь он дамжин хэрэгжиж байгаа хэрэг юм. Өнгөрсөн оны сүүлчийн цас хаялж байх үед буюу арванхоёрдугаар сард Хятадын ирээдүйтэй улстөрчдийн нэг Си Цзинлинь АФрикт айлчлал хийсэн нь гярхай ажиглагчдын хараанд тод өртжээ. Си Цзинлинь энэ оны намар болох Хятадын Коммунист намын их хурлын дараа Хятад орныг удирдах “төөрөгтэй” байгаа нэгэн гэж тодроод байгаа учраас энэ айлчлал онцгой анхаарал татаж байв. Сүүлийн үед, тодорхой хэлбэл сүүлийн арван жилийн хугацаанд Африкийн орнууд Хятадын нэг төрлийн “колони” болоод байгаа талаар өрнөдийн хэвлэлүүд бичих болжээ.

Тийм болохоор ийм өндөр хэмжээнд айлчлал хийж байгаа нь зүй ёсны байсан бололтой. Хятад улс Африкийн орнуудад үзүүлэх санхүү эдийн засгийн дэмжлэг тусламжийн хариуцлагыг өөртөө авч хариуд нь “хар тивийн” орнуудын байгалийн баялаг түүхий эдийн нөөцөөс худалдан авах боломжийг олж авахаар болж байна. (Африк тив нь алт, зэс болон алмаз эрдэнийн асар их нөөцтэй бөгөөд гол ордууд нь Өмнөд Африкийн нутаг зэрэг өмнө талдаа байршсан байдаг. Түүнээс гадна ӨАБНУ-ын  Ричардс Бэй зэрэг газарт титан гэх мэт ховор металлын багагүй нөөц бүхий орд газрууд байдаг байна)

Түүнээс гадна энэ зорилтоо биелүүлэх илүү нухацтай аргыг ч хятадууд хэрэгжүүлэхээр болж байх шиг байна. Оны өмнөхөн Хятадын гадаад хэргийн яамны удирдлагууд албан мэдэгдэл гаргахдаа Хятад улсын гол оролцогч нь болж байдаг нэр хүндтэй БРИК эвсэлд гишүүнээр элсэхийг Африкийн хөгжилтэй орнуудын нэгэн болох Өмнөд Африкийн оронд санал тавьж байгаагаа зарласан билээ. Тэгээд ч зогсохгүй  энэ онд Хятадад болох БРИК-ийн ээлжит уулзалтад оролцохыг урьж байгаа бөгөөд энэ нь биелэх төлөвтэй байна. Учир нь сүүлийн үеийн мэдээгээр бол БРИК-ийн одоогийн гишүүд болох Бразил, Орос (Russia), Энэтхэг (India), Хятад(China) дөрвөн орны төлөөллийн уулзалт дээр энэ асуудлаар санал нэгдсэн бололтой. Ингэснээр БРИК бус БРИКС ч болж мэдэхээр болж байна. Ингэснээр Хятадын гадаад харилцааны нэг чухал чиглэл дэх дайралт амжилтад хүрч чаджээ.

Өрнөдийг чиглэсэн түрлэг

Харин он дөнгөж гараад байгаа энэ өдрүүдэд Хятадын бас нэгэн ирээдүйн удирдагч болох магадлалтай хэмээн яригдаж байгаа одоогийн Төрийн зөвлөлийн орлогч Ли Көчян  өрнөд Европын орнуудад айлчлал хийж Испани, Герман, Их Британи зэрэг орнуудын тэргүүн нартай уулзсан байдаг. Тэрбээр бас л энэ онд болох ХКН-ын Их хурлын дараагаар дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч орны ерөнхий сайдын албыг залгамжлах магадлалтай ирээ­­­­­­­­­­­­­дүйн удирдагчийн хувьд хийсэн айлчлалын ач холбогдол нь онцгой байсан хэрэг. Энэ айлчлалынхаа үеэр Ли Көчян Хятад улс өрийн хямралаас гарахад нь Европын холбоонд туслахад бэлэн гэдгийг албан ёсоор зарласан бөгөөд хамгийн их нэрвэгдээд байгаа орны нэг Испанийн ерөнхий сайд Запатерод хандан “Хямралаас гарч чадна гэж итгэж байгаа тул Хятад улс Испанийн үнэт өрийн цаасыг их хэмжээгээр худалдаж авах болно”  гэж хэлж байлаа. Үнэхээр ч Хятад улс Испаниас нийтдээ зургаан тэрбум еврогийн өрийг худалдан авахаар болсноо саяхан зарласан юм. Гэвч энэ өгөөмөр сэтгэлийн хариуд Хятадын талаас сөргүүлэн нэхэх багагүй ашиг сонирхол бас байгаа гэнэ.

Ноён Ли Көчян Герман болон Их Британийн удирдлагуудтай уулзах үеэрээ хоёр ч асуудлыг шийдэж өгөхийг, тодорхой хэлбэл Хятадын сонирхолд саад болоод байгаа хос тээгийг зайлуулж өгөхийг хүссэн байна. Эхнийх нь Евро бүсийн орнууд Хятадыг хуучин үзэл суртлын “нүдээр” харахаа больж хятадын эдийн засагт зах зээлийн гэсэн статус олгож өгөхийг хүссэн хэрэг байлаа. (Дашрамд хэлэхэд Монгол Улс ийм статустай болсон гэдгийг өнгөрсөн оны сүүлчээр манайд айлчилж ирсэн Европын холбооны төлөөлөгчид албан ёсоор зарлан мэдэгдээд явсан билээ) Харин хоёрдахь нь нэлээд зөрчилтэй асуудал буюу зэвсгийн худалдаатай холбоотой хоригыг цуцлах тухай санал байсан аж. Европын орнуудад Азийн супер гүрэн – Хятадаас зэвсэг худалдаж авахыг 1989 оноос хойш хориглоод байгаа юм. Мэдээж дээрхи асуудлуудыг Европын холбоо хүлээж авахад цаг хугацаа шаардагдах боловч эдгээр нь магадгүй зарим нэг худалдааны асар өндөр өртөг бүхий хэлэлцээрүүд тухайлбал, Германы Даймлер, Фольксваген фирмүүдтэй хийсэн таван тэрбум еврогийн гэрээнээс ч чухал байх нь дамжиггүй.

“Шатрын хөлөг” дээрх “бэрсүүд”-ийн уулзалт
 
Тэгвэл Өрнөд Европын энэ жилийн их цасан дээр гаргасан залуу лидерүүдийх  нь “мөр” хараахан хуучраагүй байх үеэр буюу энэ сарын дундуур Хятад улсын ерөнхийлөгч Ху Жин Тао АНУ-д айлчлах юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Хятад улсад хийсэн айлчлалын хариу болон хүлээгдэж байсан энэ айлчлалд хятадын тал нэг их яарсангүй. Жил гаруйн дараа буюу 13 сарын дараа хийж байгаа Хятадын талын хариу айлчлал маш олон асуудлууд, тэр дундаа дэлхийн улстөр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуур чухал асуудлуудыг хөндөн ярих болж байгаа юм. Магадгүй хамгийн их анхаарал татах тэр дундаа хамгийн төвөгтэй байж мэдэх асуудалд хоёр орны худалдааны тэнцвэрийг арилгаж юанийн ханшийн талаар харилцан ойлголцох зэрэг сэдвүүд багтаж байна. Мөн америкийн технологийн экспортийн тухай болон Хятадын зах зээлийн үүргийг либералчлах зэрэг асуудлууд ч хэлэлцэгдэх аж. Эдгээрээс ялангуяа сүүлийн болоод юанийн ханшийн талаарх асуудал нь Хятадыг зах зээлийн статустай гэж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд онцгой нөлөөтэй байх болов уу.

Эдгээр нь хоёр том гүрэнд шууд хамаарах асуудал гэж үзэж байгаа бол нэгэнт нөлөө бүхий супер гүрнүүд болсны хувьд бас санаа тавих асуудлууд бишгүй байна. Тухайлбал, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах, Тайваньд нийлүүлж байгаа АНУ-ын зэвсгийн худалдааны тухай зэрэг асуудлууд нь дэлхий нийтийн анхаарлыг татсан илүү даяаршсан өргөн хүрээтэй асуудал байх нь гарцаагүй. Ялангуяа Хойд Солонгосоос тавиад байгаа хэлэлцээг сэргээх саналыг хүлээж авах эсэх нь хоёр гүрний уулзалтын үеэр нэлээд тодорхой болох магадлалтай. Учир нь АНУ сөргөлдөгч хоёр талын өмнөдийг нь хамгийн гол холбоотон гэж үзэж байгаа бол Хятад улс нөгөө тал буюу БНАСАУ-ын гол холбоотон гэж тооцогдож байгаа билээ.

Мөн Тайванийн асуудал эрт үеэс хоёр орны хооронд байнга зааглагч болж ирсэн асуудал юм. Хэдийгээр Хятад улс ноцтойгоор анхааруулсаар байгаа хэдий ч АНУ Тайваньд зэвсэг, байлдааны техник нийлүүлсээр байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд нийтдээ 6 тэрбум ам.долларын зэвсэг техникийг АНУ Тайваньд нийлүүлсэн байдаг. Тэдгээрт Пэтриот ангиллын хамгаалалтын пуужингийн систем, Блэк Хоукс загварын байлдааны нисдэг тэрэг болон тэнгисийн цэргийн онгоцнууд багтаж байгаа юм. Ийм их хэмжээний зэр зэвсэг нийлүүлэх нь Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж Бээжин үзсээр байгаа бөгөөд харин АНУ эсрэг бодолтой байгаа билээ. Хоёр орны ерөнхийлөгч нарын  уулзалтын үеэр энэ талаар харилцан ойлголцол үүсэх боломж хэр байгаа нь одоогоор тодорхойгүй. Энэ мэт түлхүүр олон асуудлыг хэлэлцэх  Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалт энэ өвлийн гадаад харилцаан дахь Хятадын далайцтай идэвхжилтийн хаалт болж байгаа ч олон улсын харилцаан дахь дорвитой олон өөрчлөлтүүдийн эхлэл болж өгөх магадлал өндөр байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж