Э.Амарбат гэмтэж, эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Э.Амарбат гэмтэж, эмнэлэгт хэвтжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Э.Амарбатыг энэ сарын 6-7-нд шилжих шөнө 16 удаа хутгалуулж  Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ мэдээллийн дагуу өчигдөр өглөө 10.00 цагийн үед түүнтэй утсаар холбогдоход “Огт тийм зүйл  болоогүй. Би хэнд ч хутгалуулаагүй” гэсэн товчхон хариулт өгч байв.  Тэрбээр дээрх мэдээллийг няцааж  сэтгүүлчдэд тайлбар хийнэ гэсэн боловч  эмчилгээгээ дуусгаад мэдээлэл хийх болсноо өчигдөр 15.00 цагийн үед өмгөөлөгчөөрөө дамжуулан дуулгасан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч  Э.Амарбат нь АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд О.Баасанхүүг өмгөөлөгчөөрөө ажиллуулж байгаа юм. Түүнийг мэдээлэл хийхээ  хойшлуулсан шалтгааныг өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад “Э.Амарбат өвчтэй, эмнэлэгт хэвтэж байгаа. Эмнэлгээс гараад  энэ ташаа мэдээллийн талаар албан ёсны мэдээлэл хийнэ гэсэн. Өөрөө ч гэсэн энэ мэдээллийг худал гэж няцааж байгаа” гэв. Түүнээс цөөн зүйл тодрууллаа. Үүнд тэрбээр,

-Э.Амарбат  ямар өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бэ?

-Хувь хүний  нууцын тухай хуулийн дагуу  түүний  өвчний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өөрөө эмнэлгээс гараад хэвлэл мэдээлэлд хандана гэсэн болохоор энэ тухай тэр үед  асуусан нь дээр  болов уу.

-Та Э.Амарбаттай сүүлийн үед уулзсан уу?

-Өнгөрөгч баасан гаригт манай ажлын байран дээр ирж, ажил хэргийн уулзалт хийсэн. Э.Амарбат  согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид зөвхөн ажил хэргийн шугмаар уулзаж ярилцаад гэр гэртээ харьсан гэх хариулт өгсөн юм.

Чухам ямар өвчний улмаас  эмнэлэгт хэвтсэн болохыг  холбогдох хүмүүс ихэд нууцалж байна. Бид Цэргийн төв эмнэлэгт очиход Э.Амарбат тус эмнэлгийн  Хордлогын төвийн хоёрдугаар давхарт байрлах  Бичил мэс засал, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Түүнтэй уулзахыг хүссэн боловч эмчлэгч эмч нь “Эмчилгээтэй байна. Гэр бүлийнхнээс нь явж байгаа бол утас руу нь залгаж уулз” гэх хариулт өглөө. Харин тус тасагт хэвтэн эмчлүүлж буй  нэгэн “Э.Амарбат гуравдугаар тасагт хэвтэж байгаа. Биеийн байдал нь тийм ч сүртэй хүнд биш байх аа. Эрүүндээ л гэмтсэн юм шиг байна лээ. Энэ хавиар явж л байгаа харагддаг. Гэхдээ сая дусал хийлгэж байсан” гэж байлаа.

Тэнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн яриагаар түүний биеийн байдал хүнд биш, эмчилгээний өрөөгөөр явж,  утсаар ярьж байгаа харагдсан байна. Тус тасагт зөвхөн  гадны нөлөөтэй, хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг юм байна. Энэ үеэр Э.Амарбатын найз гэх 30 гаруй насны залуу  орж ирсэн юм. Тэрбээр “Энд хэвтсэн гэдгийг нь уржигдар /3 хоногийн өмнө/ мэдсэн. Чухам  юу болсныг сайн  мэдэхгүй байна. Уулзах боломжгүй юм шиг байна” гэсээр авч ирсэн зүйлээ сувилагчид үлдээгээд явлаа. Э.Амарбатын эмчлэгч эмч, тус эмнэлгийн бусад эмч, сувилагч нар түүний гэмтлийн талаар нууцалж байна. Э.Амарбат бусдад 16 удаа хутгалуулсан гэдэг ташаа мэдээлэл, гэхдээ гадны нөлөөтэй гэмтсэн бололтой.  Зарим эх сурвалжийн мэдээллээр өнгөрөгч пүрэв гаригт Э.Амарбат бусадтай маргалдан нүүрэн тус газраа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэв.  Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газарт түүнийг бусдад хутгалуулсан гэх мэдээлэл ирээгүй  аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж