Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Өлсгөлөнгийн жил

Энэ жил чамгүй олон үйлдвэр босгохоор төлөвлөжээ, эрх баригчид. Жижиг дунд үйлдвэрийг бараг сум болгонд байгуулахаар төлөвлөж төсөв мөнгийг нь батласан  юмсанж. Засгийн газрын тэргүүн “Хүн бүр үйлдвэрлэгч, өрх бүр үйлдвэр болцгооё” гэсэн коммунизмын мартагдсан уриаг эргэн дэвшүүллээ.

Өнгөрсөн жил гэхэд л энэ салбарт 30 тэрбум төгрөгийн зээл олгосон нь хичнээн их өгөөжөө өгснийг оны сүүлч гэхэд тоочоод бараагүй юмдаг. Гэхдээ энэ мөнгө далайд асгасан атга давс шиг л амтагдаагүй алга болсон гэж жижиг, дунд үйлдвэрлэгчид халаглаж байсан. Түүнийг нь сонсч байсан Засгийн газар 805 тэрбум төгрөгийг “Үйлдвэржигтүн” гэсэн гоё тодотголтойгоор тараана гэж бүр том “ухаан” гаргажээ.  Үүнд иргэн бүрт сар бүр 21 мянгаар нь цувуулж олгох мөнгөө ингэж гоёчлон нэрлээд байгаа юм.

Үүнд өгсөн мөнгийг үр ашигтай байлгах үүднээс зарим нь архи, шар айрагны үйлдвэрийн дэмжих зорилгоор бүтээгдэхүүнийг нь худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн, хийх гэнэ. Нөгөө хэсэг нь Атрын III аяныг дэмжиж гурил, будаа авах замаар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихээ ч хэллээ. Бас нэг хэсэг нь мал аж ахуйг өөд нь татах үүднээс махаа авах төлөвлөгөөтэй. Үлдсэн нь хүүхэддээ зарцуулна. Хөрөнгө оруулалтын “гаргалаа”-г иймэрхүү байдлаар хийж болохоор.

Гэтэл Засгийн газраас бас нэгэн зохицуулалт гараад ирлээ. Хүмүүс хоорондоо нийлж жижиг үйлдвэрлэл эрхлэх төсөл боловсруулаад 21 мянган төгрөгөө бөөнд авах боломжтой гэнэ. Ингэхдээ доод тал нь 10 сая төгрөгийг бөөнд нь өгөх юм байна. Бодъё. Иргэн бүр сард 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөг. Тэгэхээр доод тал нь 40 иргэн нийлж байж 10 сая төгрөг авах тасалбартай болно. Өөрөөр хэлбэл, 10 орчим өрх нийлж байж энэ мөнгөний зах зухаас атгана. Зөвхөн би гэх монголчуудын тусгаар үзэл өөр 39 аминчхан үзэлтэй нэгдэнэ гэдэг төсөөлөлд буухгүй байна.

Харин ч эсэргээрээ үүнийг дагаад өөр нэгэн ажлын байр бий болчих юм шиг санагдчихлаа. Тэр нь цэнхэр, ягаан тасалбарын дараахан гарсан нэгэн төрлийн ченж мэргэжилтэй ижилхэн зарчимтай. Иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс иргэдийг оочир дараалалд зогсуулалгүй мөнгийг нь өгдөг. Үүнийхээ төлөөсөнд зөвшөөрлийг аваад хоцорно. Гэхдээ тэд сардаа авах 21 мянган төгрөгийнх нь оронд 15-20 мянган төгрөг өгнө. Энэ ханш хэр олон хүн, хичнээн сарынхаа зөвшөөрлийг өгч байгаагаас хамаарч 15-20 мянга байх юм. Олуулаа нэг дор, хэр олон сарынхаа өгөхөөс хамаарч зөвшөөрлийн ханш өснө гэсэн үг.  Оочирлуулалгүй, ажил, цагийг нь бараагүйнхээ төлөө тэр шүү дээ. Иймэрхүү байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мастер төлөвлөгөө амжилттай хэрэгжих нь дээ.

Уг нь Монголыг хөгжүүлэх гарц нь яахын аргагүй үйлдвэржилт гэдэгтэй хэнбугай нь ч маргахгүй биз ээ. Мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд манай эдийн засгийн гол ноён нуруу болсон салбаруудаас бэлтгэгдэж байгаа түүхий эдээ бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах нь хөгжил дэвшлийн жинхэнэ баталгаа болж чадна. Үйлдвэржиж болно оо. Гэхдээ яаж…

Өрх болгоныг үйлдвэртэй болгохоор зорьж байгаа энэ зорилт зөв үү, буруу юу. Урьдаас зөв тооцоолж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг хатуухан сануулж байгаа энэ цаг үе бидэнд сайтар бодож төлөвлөхийг эрхгүй тулгах болсон нь сайшаалтай. Өрх болгонд ямар нэгэн жижиг дунд үйлдвэр байгууллаа гэж саная. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийг хангах зам харилцаа, дулаан цахилгаан бидэнд бийсэн бил үү. Арав таван төгрөгийн үнэтэй барааг үйлдвэрлэх гэж дөч тавин төгрөгийн зардал гаргах энгийн тооцоо бодогдож байгаа нь ийм маягаар үйлдвэржилтийн аянг өрнүүлэх нь учир дутагдалтай гэдгийг хэлж өгөөд байх шиг. Яах вэ сумдад ажлын байр бий болж, өөр өөрийн онцлогтой бренд бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, энэ тэр гээд сайхан үлгэр зохиож болох л доо. Гэхдээ бодит байдал дээр тийм аятайхан дүр зураг харагдахгүй л байгаа юм.

Тэглээ гээд үйлдвэржилтийн аянаас ухрах эрх бидэнд байхгүй. Мэдээж энэ мэт саад бэрхшээл мундахгүй л дээ. Басхүү үүнээс гарах гарц ч цөөдөхгүй. Нэг тонн төмрийн хүдрээ 20-хон доллароор урагш нь гаргаад оронд нь нэг тонн арматурын төмрийг 1200 ам.доллароор буцаагаад худалдан авч хохирдог эрүүл бус баялгийн шулааг зогсоохын тулд үйлдвэржихээс өөр арга зам манууст байхгүй ээ. Ноос, ноолуур, арьс шир, алт зэс гээд л бүхий л түүхий эд маань ийм л замаар бусдын халаасыг дүүргэж байна шүү дээ.

Өрх болгоныг жижиг дунд үйлдвэртэй болгох нь эдийн засгийн хувьд ихээхэн алдагдал хүлээлгэнэ. Дээр нь бас тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулна гэж хэтийн зорилгыг нь тогтоочих ямар ч баталгаа алга. Хэдэн тэрбумын хөрөнгийг энгүйгээр зүгээр л тараагаад хаячихаж байгаа хэрэг болно.

Харин үүний оронд хэдэн том үйлдвэр барьчихья. Говийн бүсийн уул уурхайн ордуудыг түшиглээд Эрдэнэт шиг ганц хоёрхон үйлдвэр барья. Дагаад хот босно. Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Говийн бүс гээд л дэд бүтцийн босоо тэнхлэг босчихно. Мэдээж хөрөнгө мөнгө асар их шаардагдана л даа. Гэхдээ мөнгө өгье гэсэн уул уурхайн том том магнатууд байна ш дээ. Өндөр хүчин чадалтай цахилгаан дулааны станц босгоно. Таван толгой гээд данхгар том орд газар байхад нүүрсээр тасрахын аргагүй. Ашигт малтмалаа зөөх төмөр зам барьчихна.

Дараа нь үр тарианы эх нутаг Булган, Сэлэнгэ, Төв аймагтаа гурилын хэдэн сайхан үйлдвэр барьчихья. Өрх болгонд үйлдвэр барь гээд цацаж суух мөнгөнөөс маань цөөхөн нь л хоргодно биз. Усалтгаатай газар тариалан хөгжүүлэхэд бас нэг хэдэн тэрбумыг өгчихье. Тэнгэрийн хур дундарсан энэ цагт ёстой л тос шиг хөрөнгө оруулалт болно. Гурилаараа өөрийгөө бүрэн хангаад өмнөд хөршийн тэрбум хүний хэрэгцээнд экспортлоё. Хойд хөршийн ч том зах зээл бий шүү дээ.

Бидэнд ямар газар нутаг багадсан биш. Алга дарамхан газраасаа өөрийнхөө бүрэн хангачихаад гадагшаа дийлэнхийг нь экспортолдог Япон, Солонгосын бэр болсон бүсгүйчүүдээ төрхөмд нь буцааж ч болно. Туршлагатай болсон цаадуул чинь. Хангай, Хэнтий, Хөвсгөлийн их уулсаас эх авдаг уулын түргэн урсгалтай том том голууд дээрээ хоёр гурван усан цахилгаан станц барьчихья. Мөнгийг нь хаанаас вэ гэж үү. Үйлдвэржилтэд төсөвлөөд байгаа хөрөнгө мөнгөнөөсөө олон жилийн туршид санхүүжүүлье. Аж үйлдвэрийн парк байгуулна гэж бид олон жил ярилаа. Чухам ийм л үндэс суурин дээр аж үйлдвэрийн парк жинхэнэ утгаараа босно.

Асуудлыг шийдэх амаргүй ч ийм л тодорхой зорилго, бодлогыг хэн нь төр барьж байгаагаас үл шалтгаалан хэрэгжүүлээд эхэлбэл хэдэн жилийн дараа үр дүнг нь үзэх л болно. Зориглоод багахаан ухаан зараад бүсээ жаахан чангалчихвал тийм ч холын мөрөөдөл, ойрын үлгэр биш ээ. Ингэхгүй бол мөнөөх Эх орны хишиг, Эрдэнийн хувь мөнгөтэй нэгнийх нь мөнгөө өсгөх бас нэгэн боломж болж үгээгүй ядуусыг олшруулах нь гарцаагүй.  Энэ янзаараа хэдэн жилийн дараа Монгол модоо барих нь гарцаагүй дүр зураг харагдаад байна, мэргэн бөөдийд.

Ийм л зүйл хийе л дээ. Гэтэл тал ч чихэр авч хүрэхгүй 10 төгрөг сарвайчихаад “Миний хүү зайрмаг авч ид” гэх хөлчүү аавтай адил юм ярихаасаа жаахан ичиж байвал яасан юм бэ. Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй ургадаг биш үү.  

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж