“Хамтарч ажиллахыг ТӨХ Лондонгийн биржид санал болгосон”

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Хамтарч ажиллахыг ТӨХ Лондонгийн биржид санал болгосон”

Төрийн өмчийн хороо Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх чиглэлээр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээг оны өмнөхөн байгуулсан. Гэрээний тухай тус хорооны Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээнд юу, юу тусгасан бэ, тэдгээр ажлууд хэрэгжиж эхэлсэн үү?

-Энэ бол Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээ юм. Ирэх дөрөвдүгээр сарын 20-нд “Master service agreement” гэрээг байгуулснаар ямар технологийг хэдий хэрийн хугацаанд суурилуулж, мэргэжилтнүүдийг хэрхэн сургах зэрэг нарийн төлөвлөгөөнүүд тодорхой болно. Оны өмнө байгуулсан гэрээ хамтарч ажиллах суурийг тавьсан гэрээ болсон.

-Төрийн өмчийн хороо яагаад Лондонгийн биржийг сонгох болсон юм бэ. Үүнд ямар шалгуур үзүүлэлт тавьсан бэ?

-Уул уурхайн дэлхийн ууган биржүүдийн нэг. Хөрөнгө босгох чиглэлээр Лондонгийн бирж маш их туршлагатай. Монголын хөрөнгийн биржийг бүх талаар чадавхжуулж бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаа.

-Монголын хөрөнгийн биржийн удирд­лагын багийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дараахан нь Лондонгийн биржтэй шууд гэрээ байгуулах зарчмаар хамтран ажиллахаар болсон. Төрийн өм­чийн хороонд Лондонгийн хөрөн­гийн биржээс өөр бусад биржээс хамтарч ажиллах санал ирүүлсэн үү?

-Хамтарч ажиллах саналыг Төрийн өмчийн хорооны зүгээс тавь­сан байгаа. Хоёр үе шаттай сонгон шалгаруулалт өндөрлөсний дараа хоёрдугаар шатанд тэнцсэн дэлхийн нэр хүндтэй хөрөнгийн биржүүдээс Төрийн өмчийн хороо сонголт хийж Лондонгийн хөрөнгийн биржид санал тавьсан. Энэ саналын дагуу гэрээг байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлж байна.

-Лондонгийн хөрөнгийн бирж­­тэй хамтарч ажилласнаар Монголын хөрөнгийн биржийн удирдлагад өөрчлөлт, халаа сэлгээ хийгдэх үү?

-Ер нь менежментийг сайжруулах зорил­гоор Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа гэдгийг энд хэлье. Үүний хүрээнд мэргэжилтнүүдийг сургах, чадваржуулах ажил хийнэ. Харин удирдлагын төвшинд ямар өөрчлөлт хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Лондонгийн хөрөнгийн биржээс манайд хэдэн хүн ажиллах вэ?

-Одоогийн байдлаар 3-5 хүн ажиллах болов уу. Дөрөвдүгээр сарын 20-нд байгуулах гэрээ­гээр нэлээд зүйл тодорхой болно.

-Монголын хөрөнгийн биржид ямар технологи нэвтрүүлэх тухай асуумаар байна. Тэр технологийг нэвтрүүлснээр  манайх дэлхийн томоохон биржүүдтэй сүлжээгээр холбогдож чадах уу?

-Монголын зүгээс тавьж байгаа шаардлага энэ шүү дээ. Монголын хөрөнгийн бирж дэлхийн төвшинд хүрсэн технологитой болох тухай. Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн технологийг Лондонгийн хөрөнгийн бирж нэвтрүүлэх болов уу.

-Монголын хөрөнгийн биржийг удирдах гадаадын баг болон технологийн шинэчлэлд Монголын Засгийн газар хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Одоогоор энэ тухай хэлэх боломжгүй байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж