Хятадын валютын нөөц 2,8 триллион ам.доллар хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хятадын валютын нөөц 2,8 триллион ам.доллар хүрнэ

БНХАУ-ын гадаад валютын нөөц 2010 оны дөрөвдүгээр улиралд 2,76 триллион ам.доллар хүрэх магадлал өндөр байна. Ингэвэл төв банк нь юанийн ханшийг өсгөхийн тулд эдийн засгаас бэлэн мөнгийг татах шахалт үзүүлэх юм. Валютын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг тус улсын нөөц гуравдугаар улиралд 194 тэрбум ам.доллараар нэмэгдэж байсан бол 2010 оны сүүлийн гурван сард дахин 112 тэрбум ам.доллараар өссөн гэсэн судалгааг “Bloomberg” агентлагийн ахлах эдийн засагчид БНХАУ-ын Ардын банкны мэдээлэл дээр тулгуурлан хийсэн байна. Харин жилийн хэмжээнд нөөц 361 тэрбум ам.доллараар өссөн бололтой. Хэдийгээр энэ нь 2009 оны 453 тэрбумын өсөлттэй харьцуулахад бага ч нөөцийн нийт хэмжээ 2,8 триллионд хүрэхэд ойрхон байгааг харуулж байгаа юм.

Ардын банкны захирагч Жоу Сяочуань 2010 онд арилжааны банкуудыг зээл олголтоо бууруулж, хуримт­лалаа өсгөх даалгаврыг зур­гаан ч удаа өгсөн. Энэ нь ам.долларын арилжаанд юанийн хүүгийн төвшин өндөр буйгаас инфляцийг өсгө­сөнтэй холбоотой. Гэхдээ юанийн ханш BRIC буюу Бразиль, ОХУ, Энэтхэг болон Хятад улсаас бүрддэг хөгжиж буй эдийн засгуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг хамгийн их өсөх шинжтэй байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар юань BRIC-ийн бусад гурван орны мөнгөн тэмдэгтийн эсрэг 5,4 хувиар өссөн юм. Бразилийн реал юанийн эсрэг 0,8 хувиар, Энэтхэгийн рупи таван хувиар унаад байгаа юм.

“Энэ оны эхний хагаст юанийн ханш хүчтэй өсөх тал­тай байна. Зургадугаар сарыг дуустал юанийн хан­шийн өсөлт өмнөх жилийнхээс ч хүчтэй байх төлөвтэй” гэж “Lexington” компанийн Бээжин дэх эдийн засагч Рен Сянфан хэлж байна.

2006 онд Хятадын валютын хуримтлал анх удаагаа нэг триллион ам.доллараас давж байсан билээ. Харин 2009 онд хоёр триллион болж, энэ оны зургадугаар сарын 30 гэхэд гурван триллион ам.доллар байна гэж UBS AG банк тооцоолов. Гонгконгийн нөөц 268,7 тэрбум ам.доллар, Син­гапурынх 225,8 тэрбум, Тайландынх 172,1 тэрбум ам.доллар болсон гэж нэг­дүгээр сарын 7-нд Засгийн газруудын гаргасан тайланд дурджээ.

Хятадын Ерөнхий сайд Вень Жиабао жил бүр олон сая ажлын байр үүсгэж, эдийн засгийн өсөлтийг эрүүлжүүлэхийн хажуу­гаар инфляцийн өсөлтийн гол шалтгаан болох хүнс болон орон байрны үнийг бууруулахыг зорьж байна. Хятадын банкуудын зээ­лийн өртөг хоёр жилийн өндөрлөгт хүрч, Шанхайн биржийн индексийг сүүлийн 12 сарын дотор 11 хувиар унахад нөлөөлөөд байгаа билээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 5,1 хувь болж, сүүлийн 28 сарын турш харагдаагүй өндөр хэмжээнд очоод байгаа инфляцийн төвшинг номхотгоход юанийн өндөр ханш болон бодлогын хүүг өсгөх явдал тус болох юм. Мөн гадаадаас ирэх капитал урсгалыг бууруулна. Одоогийн байдлаар хүнсний үнэ 11,7 хувиар, үл хөдлөх хөрөнгийн үнэ 7,7 хувиар өссөн байдалтай байна.

АНУ-ын зүгээс Хятадыг юанийн ханшийг бууруулахыг шаардаж байсны хариуд Засгийн газрын зүгээс мөнгөний бодлогоо чангатгаж, юанийн ханшийг чөлөөтэй тавих болсон. Ингэснээр зургадугаар сараас хойш Хятадын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг гурван хувиар өсөөд байгаа юм. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нэг ам.доллартай 6,5896 юань тэнцэж байсан нь 1993 оноос хойш харагдаагүй өндөр хэмжээ байв. Харин өнгөрсөн долоо хоногт 0,58 хувиар унаж, 6,6280 юань болжээ.

БНХАУ-ын Аж үйлдвэр­лэл, арилжааны банк зэрэг том банкуудад оноосон нөө­цийн нөхцөл 18,5 хувьтай байгаа. Зарим шинжээчид энэ хэмжээг 20 хувь болгоно гэж тооцоолж байна. Ямартай ч инфляцийн аюул их байгаа энэ үед Хятадын төв банк хүүгийн төвшинг нэмэгдүүлсээр байх юм. Нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүг оны эцэс гэхэд 3,5 хувь болгох магадлалтай байгаа.

Өчигдөр Хятадын гадаад худалдааны тэнцлийн тайлан гарсан байна. Статистикаас харахад арваннэгдүгээр сард 35 хувиар өсч байсан гадаад худалдааны зөрүү арванхоёрдугаар сард 13,1 тэрбум ам.долларын ашигтай байсан нь Засгийн газрын тооцоолж байснаас бага байгаа юм. Экспортын хэмжээ 17,9 хувиар өсч, 154,2 тэрбум ам.доллар болсон бол импорт 25,6 хувиар өсч, 141,1 тэрбум ам.доллар байгаа тухай Хятадын гаалийн албаны вэб сайтад бичжээ. Энэ нь нэг талаар Хятад улс инфляциа бууруулахаар ажиллаж байгааг харуулж болох ч нөгөө талаас дотоодын хэрэглээг сайжруулж, импортыг нэмэгдүүлэх зэргээр дэлхий нийтийн эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангаж буй хэрэг байж болох. Жилийн хэмжээнд гадаад худалдааны тэнцэл 183,1 тэрбум ам.долларын ашигтай байгаа нь 2009 оныхтой харьцуулахад 13 тэрбум ам.доллараар бага байна.

Өнгөрсөн оны байдлаар Хятадын эдийн засаг 10,1 хувиар өссөн байна.
“Reuters” агентлагт бичсэнээр нэр бүхий эдийн засагчдын дунд явуулсан судалгаанд АНУ-ын эдийн засаг ойрын арван жилдээ сайнгүй байгаа бололтой. Харин удалгүй дэлхийн хамгийн том эдийн засаг гэх “нэр хүндтэй цол”-ыг Хятад улс булаан авахаар байгаа аж. Судалгаа, таамаглалаас харахад Хятадын эдийн засаг 2020 он гэхэд АНУ-ынхтай эн зэрэгцэх юм. Гэхдээ БНХАУ-тай Азийн хөгжиж буй бүсүүд уралдаж байна.Тэдний дунд Энэтхэг улс байгаа юм.

Э.ОЧИРТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж