Товчлуур эзгүйчилж хууль батлагчид

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Товчлуур эзгүйчилж хууль батлагчид

Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулан баталсан билээ. Харин тус хууль нь УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар мөн л хууль зөрчиж мэндэлсэн юм. Уг нь УИХ-ын энэ өдөр нэгдсэн чуулганы хуралдаанд нийт 42 гишүүн оролцсон гэсэн баримт УИХ-ын тамгын газарт хадгалаатай бий. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганд тухайн үед Батж.Батбаяр, З.Энхболд, Х.Тэмүүжин, Н.Ганбямба, Х.Жекей, С.Эрдэнэ нараас эхлээд Дэгийн тухай хуулийн санал хураалт дээр байгаагүй, эсвэл хууль батлахад яг ямар заалтууд орсныг мэдээгүй, хуулийн зүйл заалт болгоноор нь санал хураалгаагүй гэдэг. УИХ-ын тамгын газар ч уг хуулийг батлахдаа зүйл заалт болгоноор санал хураалгаагүй, төслийг бүхэлд нь дэмжих томьёоллоор ганц удаа санал хураалгасан гэдгээ хэлж байгаа.

Өргөн баригдсан хуульд ямар нэг өөрчлөлт оруулаагүй тохиолдолд бүхэлд нь дэмжсэнээр санал хураалгаж болдог гэх боловч УИХ-ын дарга өөрөө саяхан “байнгын хорооны хуралдааныг хаалттай хуралдуулах санал нэлээд сүүлд орж ирсэн юм билээ” гэж ам алдсан. Энэ тохиолдолд хуулийн төсөлд шинээр оруулсан заалт болгон дээр нэг бүрчлэн санал хураалгах заалт хуучин үйлчилж байсан Дэгийн тухай хуульд бий. Шинээр баталсан Дэгийн тухай хуульд үүнийг өөрчилсөн байлаа ч гэсэн төслөөрөө байсан хуулийн заалтыг барьж санал хураана гэж лав байхгүй. Ингэхээр УИХ уг хуулийг батлахдаа яавч хуулийн дагуу ажиллаагүй болж байна. Үүнээс гадна байхгүй гишүүдийн өмнөөс санал өгч, кнопдох бас нэг луйвар УИХ-д газар аваад байгаа.

Дэгийн тухай хуулинд орсон Байнгын хороодын хуралдааныг хаалттай болгох тухай заалтыг эсэргүүцэж, хэвлэлийнхэн чуулганы хуралдааныг орхисны дараа нэгдсэн чуулган ёсөн гишүүнтэй хуралдсан тохиолдол ч бий. Харин чуулганаас ямар нэг шийдвэр гарсан учраас энэ ирцийг хэн нэг нь хиймлээр бүрдүүлжээ гэсэн үг. Энэ “шидтэн” Дэгийн тухай хуулийн хэлэлцүүлэг дээр гишүүдийн ирцийг 42 хувь хүргэж чадсан юм чинь энэ удаа ч гэсэн дор хаяж 39 гишүүний ирц бүрдүүлсэн байж таарна. Иргэсээр бусдын өмнөөс санал өгч, кнопдох нь Монгол Улсын парламентад байсан, байх ёстой асуудал болж хувираад одоо бүр анзаарч харах ч хүнгүй, харлаа хэллээ гээд ч “аан” гэх хүнгүй болсон байна.

Гэвч үүний цаана гишүүдийн хувийн эрх, үзэл бодлын эрх ашиг хөндөгдөхөөс мянга мянган сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг тоож байгаа хүн алга. УИХ-ын гишүүн нэг бүр дор хаяж 60-70 мянга, цаашлаад 100-200 мянган сонгогчийн эрх ашгийг төлөөлж мандат авсан байдаг. Нөгөө талаас нь харвал бусдын өмнөөс санал өгч байгаа нөгөө гишүүнд ямар эрх ашиг, хувийн сонирхол байгаа болоод тэгж их шоргоолж шиг гүйгээд, ширээ ширээн дээр очиж кноп дараад байна вэ гэдэг ч бас л сонин. Эхлээд эзгүй нэгнийхээ гуйлгаар, эсвэл ирцээ гүйцээхийн тулд аргагүйн эрхэнд кноподдог байсан нөхдүүд сүүлдээ “чоно борооноор” гэдэг болж хэний ширээ эзгүй байна, тэр зүг рүү нисэх болсон байна. Харин ийм үед УИХ-ын дарга нар “хараагүй бол нүд ариун” хэмээн нүдээ аниад залбирч суудаг бололтой юм. Эсхүл “Тэнэг хүний дуугүй нь сүрлэг” ч гэдэг бил үү.

Харин УИХ-ын Дэгийн тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш гишүүд шинэ хуулиар ажиллах үүрэг хүлээв. УИХ-ын дэгийн тухай шинэ хуульд “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэж заасан. Хуучин ч байсан заалт л даа. Харин одоо бол хариуцлагыг нь л нэмж оруулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, уг заалтыг хэрэгжүүлээгүй буюу бусдынхаа саналын эрхийг хулгайлсан нөхдөд УИХ-ын дарга эхний удаа сануулга өгөх ёстой. Сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал тэр гишүүнийг тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх эрхийг нь хасах журамтай болж. Харин сануулга аваад ч тоохгүй “дүлий дүмбэ”-үүдийг хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсных нь төлөө хуралдааны танхимыг орхиж гарахыг шаардах гэнэ. Эцэст нь “ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзээд тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд гомдол гаргахаар хуульчилжээ.

Гэлээ гээд өнгөрсөн долоо хоногийн  нэгдсэн чуулганы хуралдаануудыг харахад гишүүдийн товчлуурыг эзгүйчлэх явдал гарсаар л байгаа. Нөгөөдүүл нь ч нэг их бэлэн хүүхэн шиг “эзгүйчил ээ” гээд картаа шургуулчихаад гараад явчихдаг. Тэгж тэгж гэв гэнэт “Чи минийх рүү шургууллаа, би чинийх рүү шургуулчихлаа” ч гэх шиг ичиж үхмээр хэрүүлийг микрофоны ард үүсгэхийг яана. Тэгэхээр энэ удаад ч гэсэн шинэ Дэгийн хуулиар уг асуудлыг зохицуулж чадахгүй л бололтой. Авлигын тухай хуульд авсан өгсөн хоёрт хоёууланд нь хариуцлага тооцохоор зааснаас болж авлигын хэрэг илрэхээ больсон юм гэнэ лээ. Харин энэ чуулганы дэг дээр л “ашигласан”, “ашиглуулсан” хоёрт аль алинд нь хариуцлага тооцдог байсан болоосой…

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж