УИХ-ын дэгийн хууль Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэгийн хууль Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн

УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталснаар байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, сэтгүүлчид мэдээлэл олж авах эрхээ хязгаарлуулаад байгаа. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгохоор хуулийн төсөл боловсруулж, өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар  УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

-Та нэр бүхий гурван гишүүнтэй хамтарч УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Хуулийн төслийн агуулга, үзэл санаа нь юу вэ?

-Шинэ оны өмнө баталсан УИХ-ын дэгийн тухай хууль нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчөөд байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн ажилтнуудад тодорхой шалгуур тавьж, мэдээлэл олж авах эрхэнд хязгаар тогтоосон. Энэ нь, иргэдийг гарал үүсэл, яс үндэс, үзэл бодол, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм.  Нөгөө талаас хаалттай хуралдааны горим өөрөө тэс ондоо. Улсын нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцдэг, өөрөөр хэлбэл, бусад хуралдаан нээлттэй байх зарчимтай. Гэтэл байнгын хорооны хуралдааныг хаалттай болгосон нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаад зогсохгүй сонгогч түмний мэдээлэл авах эрхэд ч халдсан үйлдэл болж хувираад байна. Өнөөдөр УИХ-аар баталж байгаа хууль,  тогтоолын  төслийн халуун маргаан эхлээд байнгын хорооны хуралдааны шатанд өрнөдөг. Түүнээс гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулдаг. Нэг үгээр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд зөвхөн кноп л дарагддаг. Гол хэлэлцүүлэг өрнөдөг байнгын хорооны хуралдааныг хаачихаар төрийн үйл ажиллагаа нээлттэй байх зарчмыг зөрчиж байна.  Өнөөдөр Монгол төр ардчилсан төр юм бол үйл ажиллагаа нь тунгалаг, ил тод байх ёстой.  Энэ агуулгаар байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгох хуулийн төсөл боловсруулсан юм.

-Байнгын хорооны ху­рал­даан нээлттэй байх хэрэгтэй гэсэн зарчмыг тусгахдаа ямар хүрээнд заалт оруулсан юм бэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд  сэтгүүлчдийг тусгайлсан өрөөнд байлгаж, нэгдсэн мэдээллээр хангана гэж  заасан. Энэ бол байж болохгүй асуудал. Хэвлэл мэдээллээр дамжиж сонгогч түмэнд очиж байгаа мэдээлэл хэдий чинээ нээлттэй байна төдий чинээ үнэн зөв, ил тод байна.  Хэн нэгэн хүний найруулсан мэдээллийг олон түмэнд хүргэнэ гэдэг нь төрийн бодлогыг олон түмнээс нууж байгаа хэрэг. Зохион байгуулсан, бэлтгэсэн мэдээлэл бол ямар ч байж болно. Ил тод зүйлийг шууд сурвалжилж хүргэнэ гэдэг ард түмнийг зөв мэдээллээр хангана гэсэн үг. Гишүүдийн оролцоо ч  эндээс харагдана.  Тиймээс дээрх бололцоог олгохыг тусгайлан заасан.

-Хуулийг батлахаас өмнө гишүүдэд танилцуулга тараадаг. Маргаан дагуулаад байгаа энэ хуулийг батлахаас өмнө түүнд байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох заалт явж байгааг яагаад анзаараагүй юм бэ?

-Энэ хуулийн төсөл, хэлэлцэх асуудал надад ирээгүй.  Би ажлын хэсэгт ч ороогүй. Тийм учраас сайн мэдээлэлгүй байлаа.

-Тэгвэл уг хуулийг батлах өдөр та УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон уу?

-Чөлөөтэй байсан учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож чадаагүй. Тийм болохоор тухайн өдрийн чуулганаар энэ хуультай холбоотой гишүүд юу ярьсан, ямар байдлаар хууль батлагдсан талаар мэдээлэл алга. Харин хариуцлага хүлээж байгаа хүмүүсийн хувьд асуудалд дарга гэдэг байр сууринаас хандаад байна. Тэгээд тэд өөрсдөдөө илүү эрх мэдэл бий болгохыг хүсч байна.  Тухайлбал,  бүлгийн хуралдааныг хаалттай болгосноор, бүлгийн дарга мэдээлэл өгдөг болчихсон. Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгосноор тухайн байнгын хорооны дарга нар  мэдээллийг дангаараа өгөх  зорилготой нь гэж харагдаж байна. Энэ бол шударга бус.  УИХ-ын 76 гишүүний төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцоо олон түмэнд нээлттэй, бас эрх тэгш байх ёстой.

-Хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш өргөн барина. УИХ-ын Тамгын газрын даргад өргөн барина даа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж